Орон сууцны зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Орон сууцны зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн

Д.Ганзориг:  Орон сууцны зээлийн эрэлт хэрэгцээ  нэмэгдсэн нь иргэдийн санхүүгийн хариуцлага дээшилснийг харуулж байна

Зээлийн хүү буурлаа… Залуу гэр бүлүүдийг орон сууцжуулъя! Энэ мэтчилэн бидний ирээдүйг баталгаажуулах эерэг мэдээллүүд урссаар. Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хэзээ ямагт ханган ажиллахыг зорьдог Монголын хамгийн том банк-Голомт банкны Орон сууцны санхүүжилтийн хэлтсийн захирал Д.Ганзоригоос бид орон сууцны зээлийн эргэн тойрон дахь иргэдийн хувьд асуултын тэмдэг байдаг хэд хэдэн зүйлийг тодруулахыг энэхүү ярилцлагынхаа зорилго болголоо.

1. Саяхныг хүртэл цалингаараа байртай болно гэдэг бараг л мөрөөдөл байсан. Харин одоо энэ асуудал мөрөөдөл биш бодит зүйл болсон гэдэгтэй та санал нэгдэх үү? Энэ талаар яриагаа эхлэе!

– Тиймээ, манай улсын хувьд орон сууцны зээл гэдэг банкны бүтээгдэхүүн үйлчилгээ анх 2002 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжигдэн тухайн үеийн Монгол Улсын арилжааны 5 банкаар дамжуулагдан энэ төрлийн зээлийг иргэдэд олгож байсан.

Тэр үед иргэд орон сууцыг банкны урт хугацаат зээлээр харьцангуй боломжийн хүү төлөөд худалдан авах нь хэн бүхэнд таатай боломж байсан хэдий ч дийлэнх иргэдийн хувьд банкнаас зээл авахад тавигдах шалгуурууд, тэр дундаа сар бүр тэнцүү хэмжээгээр зээл, зээлийн хүүг төлөх төлбөр болон өрхийн орлогын харьцаа шаардлага хангахгүй тохиолдлууд цөөнгүй байсан гэж хэлж болно. Түүнээс хойш арваад жилийн дотор манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж, хүн амын худалдан авах чадвар сайжрахын зэрэгцээ иргэд цалин, бусад худалдаа арилжааны болон бизнесийн орлогоо хуримтлуулж, бий болгосон хуримтлалаа өөрсдийн хэрэгцээт зүйлс, тэр дундаа орон сууцны зээлийн урьдчилгаа төлөх, шинээр баригдаж буй орон сууцанд хөрөнгө оруулалт хийж захиалга өгөх зэргээр энэ  зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь иргэдийн санхүүгийн хариуцлага дээшилснийг харуулж байгаа юм. 

Тэгэхээр өнөөдөр иргэд маань өөрсдийн бий болгосон хуримтлал, цалин болон бусад орлогодоо тулгуурлаад орон сууцаа зээлээр худалдан авах боломжтой ба энэ нь бодит амьдрал дээр хэдийн биелэлээ олоод хэвийн үргэлжилж байна гэж хэлж болох юм.

2. Орон сууцны эрэлт болон нийлүүлэлт жил ирэх тусам нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл орон сууцны зах зээл нь банкуудын хөрөнгө оруулах томоохон талбар болсон гэж ойлгож болох уу? Жишээ нь, Голомт банкны хувьд Монгол Улсын хичнээн өрх гэрийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлсэн бэ? Сүүлийн үеийн тоо баримтуудаасаа дурьдвал?

– Зөвхөн орон сууц ч гэлтгүй Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжихийн зэрэгцээ уул уурхай, дэд бүтэц болон эдийн засгийн томоохон төслүүдэд дотоодын банкуудаас гадна гадаадын банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид эдгээр төслүүдэд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Барилгын салбарт болоод орон сууц барьж байгуулах хөрөнгө оруулалт, санхүүжилт мөн энэ хэрээр нэмэгдэж буйг бидний эргэн тойронд хийгдэж буй бүтээн байгуулалтаас харж болно.

Голомт банкны хувьд байгуулагдаад үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 16 дах жилдээ ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид нийт 4000 гаруй айл өрхийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж банкны орон сууцны зээлд хамруулсан ба цаашид ч гэсэн иргэдийг орон сууц худалдан авахад нь зориулж тэднийг санхүүгийн эх үүсвэрээр хангаж зээлд хамруулах талаар ажиллах болно.


3. Орон сууцны зээлийн хүү тасралтгүй уруудах чиглэлд явж байна. Танай банкны хувьд орон сууцны зээл дээр ямар бодлого барьж байгаа вэ? Цаашид хүү буурсаар байх болно гэсэн хүлээлт их байна.

– Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг зах зээл өөрөө тогтоодог, арилжааны банкуудын хувьд зээлийн хүү нь тэдний эх үүсвэрийн зардалд суурилагдсан байдаг. Бид орон сууцны зээлийн хувьд зах зээлд өрсөлдөхүйц боломжит, аль болох хүүгээ өсгөхгүй байх бодлого баримталж байна.

Цаашид Монгол Улсын эдийн засаг хөгжихийн хэрээр инфляци буурч,  хүн амын худалдан авах чадвар нэмэгдэж, төгрөгийн ханш чангарах зэргээр улс орны макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг болох үед зээлийн хүү буурах нь гарцаагүй.

4. Голомт банк орон сууцны зээлээ дотор нь төрөлжүүлсэн гэж сонссон. Ямар ямар  төрлийн зээлүүд байгаа болон ялангуяа залуу гэр бүлийн  орон сууцны зээлийн талаар сонирхмоор байна?

Голомт банкны хувьд иргэддээ орон сууц худалдан авах, амины орон сууц худалдан авах болон залуучуудаа дэмжиж залуу гэр бүлд зориулсан орон сууцны зээлийг санал болгож байгаа. Залуу гэр бүлд зориулсан орон сууцны зээлийн хувьд гэр бүлээ хуулиар баталгаажуулсан, гэр бүлийн гишүүд нь 35 хүртэлх насны залуус байх ба тэднийг орон сууцтай болоход нь дэмжих зорилгоор сарын 1.3-1.4 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээлийг олгож байгаа нь тэдэнд бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

5. Зээлдэгчийн заавал биелүүлэх ёстой энгийн шаардлагуудын тухайд та зөвлөгөө өгөхгүй юу?

Банкны зээлд хамрагдан орон сууцтай болох зорилготой иргэддээ хандаж хэлэхэд юун түрүүнд худалдан авах гэж буй орон сууцныхаа урьдчилгаа төлбөр 20-30 хувийг төлөхүйц хэмжээний хуримтлалыг өөрсдийн орлогоороо бий болгох нь нэн түрүүнд тавигдах асуудал юм.

Хоёрдугаарт, иргэд, айл өрхүүд маань өрхийн орлогоо зөв тодорхойлох, орлогоо баталгаажуулах шаардлагатай байдаг. Хувиараа ямар нэгэн худалдаа, арилжаа хийдэг, бизнес эрхэлдэг бол түүнтэй холбоотой аливаа гүйлгээ, орлого, зарлага, мөнгөн урсгалаа байнга тэмдэглэж хөтлөх, болж өгвөл аль нэг арилжааны банкинд данс нээлгэж түүгээрээ дамжуулж төлбөр тооцоо, шилжүүлэг, валютын арилжаа хийх зэргээр банк, санхүүгийн үйлчилгээг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах хэрэгтэй. Энэ бүх үйлдэл нь эргээд банкны зүгээс зээл олгоход тухайн иргэний хувиараа эрхэлж буй бизнес, худалдаа арилжаанаас олдог орлогыг нь тодорхойлж түүнийг баталгаажуулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Эцэст нь иргэд маань банкны зээлд хамрагдах анхан шатны шаардлагыг хангах, бүрдүүлэх бичиг баримтуудыг дарааллын дагуу үнэн зөв бүрдүүлэх болон аливаа асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй бөгөөд банкны зүгээс харилцагчдынхаа ирээдүйг баталгаажуулж, орон сууцтай болоход нь бүхий л талаар дэмжин ажиллах болно.

Цаг зав гарган бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж