Сонгуулийн тогтолцооны тохиролцоо хойшлов

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тогтолцооны тохиролцоо хойшлов

Сонгуулийн тогтолцооны тохиролцоо пүрэв гариг хүртэл хойшлов

Сонгуулийн тогтолцоог про­пор­циональ давамгайлсан 50х26-гаар шийдэх үү, мажо­ри­тар илүүрхсэн 50х26-гаар шийдэх үү гэдэг тохиролцоо хийхээр УИХ дахь хоёр намын бүлэг өчигдөр хэлэлцлээ. Хаалт­тай болсон хэлэлцээр ширүүн уур амьсгалд болсон мэдээлэл байна. Эндээс гарсан үр дүн нь гэвэл эл асуудлыг ирэх пүрэв гаригт эцэслэхээр болсон явдал. Тэр хүртэл хөшигний наана цаана ямар тохиролцоо болж, хэр амжилтад хүрэхээс бүх зүйл шалтгаалахаар болж байна.

Үнэндээ ирэх пүрэв гари­гаас цааш асуудлыг сунжруулах ч аргагүй юм. Яагаад гэвэл Сонгуулийн тухай хуулийн хам­гийн гол зүйл болох тог­тол­­цоог тохирч чадахгүй бай­саар энэ хаврын чуулганыг зав­сар­луулчихбал уг асуудал да­хин сөхөгдөх боломжгүйгээр хаагдана. Учир нь ээлжит сон­гуулиас дор хаяж зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд гар хүрэх ёстой.

Хоёр намын бүлэг саналаа эвтэйхэн эрлийзжүүлж, холимог тогтолцоог хуульчилна гэдэг итгэл парламентын гадна бага үлдээд байгаа ч байдлыг харья, найдвар тавья. Зарим эх сурвалжийн мэдээллээр пропор­циональ битгий хэл холимгийг ч тохирч чадахгүй, өнөөгийн мажоритар тогтолцоон дээрээ хоёр бүлэг бууж байгаа болол­той. Сонгуулийн тухай хуулийг амжиж өөрчлөх хугацаа хомс­дож буйг ч эс хэлэх үү.

УИХ-ыг бүрдүүлж буй хоёр нам анх хамтарсан Засгийн га­зар байгуулахдаа гэрээндээ сон­гуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг тусгасан юм. Гурван жилийн өмнө гэсэн үг. Бас Сон­гуулийн тухай хуулийг ээл­жит сонгуулиас лавтайяа зур­гаан сарын өмнө өөрчлөх ёстойг ч мэдэж байсан. Тэгсэн хэрнээ ингэж хугацаа тулган тогтолцооны өөрчлөлтийг хэ­лэл­­цэж байгаагаараа тэд бу­руу­­­тай. Одоо УИХ-ын гишүүд өөрсдөдөө хамгийн хялбар байд­лаар, басхүү хамгийн ашиг­тай хувилбараар шийдэх магадлалтай. Ердөө өнөөдрийн 76 тойрог, мажоритар тогтол­цоо­гоороо. Юуг ч өөрчлөх маргах шаардлагагүй. Тэгээд “угаасаа л ийм хуультай шүү дээ” гээд өнгөрч мэдэх л биз.

Тэгвэл УИХ-ын гишүүд сэмхэн алга ташина даа. Дөр­вөн жил төсвийн хөрөнгө оруу­лалтаар цутгаж, хөл гарыг нь мөнгөөр, тархи толгойг нь итгэл үнэмшлээр угаасан тойрог тэдэнд эрсдэл багатай. Түүнээс гадна дараагийн сонгуульд шаардлагатай санхүүжилтийг гаргахад бэлэн бизнесийн бүлэглэлүүд гадна талд хүрээлж байна. “Намаасаа нэр дэвших босго мөнгөнөөс ч бүү ай, тойргийн хэдэн сонгогчийг худал­дан авах мөнгөнөөс бүү ай, бүгдийг нь даая, дараа нь миний эрх ашгийг хуульчил” гэсэн тохирол­цоо хийгээд гүйцээ. Эдийн засаг тэлж, компаниуд томорч байна.

Уг нь сонгуулийн өнөөгийн тогтолцоо хэчнээн аймшигтай, муу муухай, зөөлнөөр хэлэхэд шал дэмий зүйл болохыг хууль тог­тоогчид өөрсдөө ч хангалттай сурталчилсан. Тэгээд энэ хөрсөн дээрээ эргэж буухаасаа эмээнэ гэж найдья. Учир нь итгэл, найдвар, ёс зүй, соёл гэх мэт зүйл, ухамсарт нь найдахаас өөрөөр УИХ-ын гишүүдтэй хариуцлага тоо­цох механизм сонгогчдод байхгүй. Хамтарсан Засгийн газрын гэрээний заалтыг хуу­лийн заалттай адилтган үзэх, түүнийгээ биелүүлээгүй тохиол­долд бид заргалдаж болох эсэх ч тодорхойгүй.

УИХ-ын гишүүд өөрсдөө хууль санаачлах эрхээ худалддаг болсон гэдэг яриа бий. Тэд өөрсдийн амин хувийн эрх ашигт нийцсэн хуулийг боло­хоор үйлдвэрлэж болоод байдаг, нийгмийн захиалгыг болохоор хойш тавиад байдгийн бас нэг жишээ нь Сонгуулийн ту­хай хууль болох вий. Тэд хууль хэлэлцэх, батлах үүргээ хангалттай биелүүлээгүй то­хиол­­долд сонгогчид үүнийх нь төлөө тэдэнтэй хэрхэн хариуц­лага тооцох ёстой юм бол?! Дараагийн сонгуулийг хүлээх ёстой юу? Ядахад тэр сонгуульд миний санал гээгдчихдэг биз дээ? 

З.БОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж