Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр засвар дуусна гэнэ үү

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр засвар дуусна гэнэ үү

Сар хүрэхгүй хугацааны өмнө нийслэлийн Засаг дарга Г.Мөнх­баярын  хэлж байсан үгс гэнэтхэн бодогдож, санаа зовоов. Хичээлийн шинэ жил тун удахгүй эхлэх гэж байгаа болохоор тэр л дээ. Тэрбээр энэ сарын эхэнд болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөл­гөөн дээр холбогдох сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай холбоотой Нийслэлийн боловсролын газрын дарга Д.Энхбаярын өгсөн мэдээллийг сонсоод “Одоо эхлээгүй байгаа засварын ажил хэзээ дуусах вэ. Сурагчид хичээлийн шинэ жилд хаана суралцах вэ. Энэ янзаараа хэд, хэдэн сургууль, цэцэрлэг нээлтээ хугацаандаа хийж чадахгүй нь” хэмээн шүүмжилж байсан билээ. Зарим сургууль, цэцэрлэгийг засах барилгын компанийг ч шалгаруу­лаагүй байсан болохоор тэр.

Мөн нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөний үеэр хамгийн их санаа зовоосон асуудал нь нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар дунд сургуулийн барилгыг нураасан явдал байв. Сургуулийн барилгыг нурааж шинэ байр барих ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсөн. Харин тус дүүргийн 96 дугаар дунд сургуулийг өргөтгөж  22 дугаар дунд сургуулийн сурагчдыг энэ хичээлийн жилд хичээллүүлэх ёстой байв. Зарим ажил төлөвлөсөн ёсоор явжээ. Сургуулийн хуучин барилгыг хэдийнэ нураасан. Харин 96 дугаар сургуулийг гурван давхар болгож мансард барих ажил зарим шалтгааны улмаас хойшилсон байна. Тиймээс 22 дугаар сургуулийн сурагчдыг энэ жил хаана хичээллүүлэх гэж байгааг сурвалжилсан юм. Тус сургуулийн гадаа өнгөрсөн баасан гарагт очлоо. Биднийг 13 цагийн орчимд очиход тус дүүргээс УИХ-д сонгогдсон С.Эрдэнэ гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Нийслэлийн боловсролын газрын төлөөллүүд болон барилгын ажлыг гүйцэт­гэх компанийнхан ирээд сургуу­лийн шав тавих ёслолд оролцоод явсан байв. Сургуулийн хашааны гадна байсан самбарт бичсэнээс үзвэл сургуулийн шинэ байрыг ирэх оны дөрөвдүгээр улирлалд ашиглалтад оруулах аж. Хуучин хичээлийн байр байсан газрыг цэвэрлэж, хажууханд нь тоосго буулгасан байв. Мөн хэд, хэдэн газарт төмөр хатгаж шинэ байр барих газрыг тэмдэглэжээ. Хичээлийн шинэ жилийн нээлтээ энэ талбайд л хийх байхдаа гэчихмээр газар ч ойр хавьд нь харагдсангүй. Тус сургуулийн хамгаалалтын ажилтантай уулзахад “Хичээлийн хоёрдугаар байрандаа бага ангиа хичээллүүлнэ. Харин ахлах ангийнхнаа 96 дугаар сургууль дээр хичээллүүлэхээр болсон гэж сонссон” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Товчхондоо, одоогоос 20 орчим жилийн өмнө ашиглалтад орсон хоёрдугаар байрандаа сурагчдаа шахаж хичээллүүлээд багтахгүйг нь 96 дугаар сургуулийн байранд хичээллүүлэхээр болжээ. Гэхдээ нураасан байрыг бодвол сүүлд ашиглалтад орсон гэх хоёр давхар хичээлийн хоёрдугаар байр нь гадна талаас нь харахад тийм ч шинэ харагдаагүй юм.

Тус сургуулиар орсны дараа Нийс­лэлийн боловсролын газрын Барилга, инженерийн хангамж хариуц­сан мэргэжилтэн Э.Баярмагнайтай уул­заж дараах асуултад хариулт авлаа.

    
-Нийслэлийн 22 дугаар сур­гуулийн байрыг нурааж шинэ байр барихаар болсон. Харин сурагчдыг хаана хичээллүүлэхээр болсон бэ?

-Тус сургууль хоёр байртай шүү дээ. Хуучин, 1950-иад онд ашиглалтад орсон байрыг нь л нураасан. Тэгэхээр хүүхдүүдээ шахаад хоёрдугаар корпустаа хичээллэнэ.

-Одоо засварын ажил нь дуусаагүй сургууль байна уу. Хичээлийн шинэ жил эхэллээ шүү дээ?

-Энэ онд 26 цэцэрлэг, 16 сургууль дээр засвар хийж байгаа. Түүнчлэн гурван сургуулийн спорт заалыг зассан. Эдгээр ажил нь нийт нэг тэрбум 592 сая төгрөгийн өртөгтэй. Засварын ажил ерөнхийдөө дууссан гэж ойлгож болно.  Одоо засвар нь дуусаагүй байгаа газар гэвэл 21 дүгээр сургууль л байна. Барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахаар дахин тендер зарласан. Гүйцэтгэгчээ хожуу сонгосон юм. Нээлттэй тендер зарласан учраас хоёр сарын хугацаа алдсан. Мөн Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн нээлт бага зэрэг хойшлох байх.

-Тэгвэл 21 дүгээр сургуулийн нээлт ч бас хойшилно гэсэн үг үү? 

-Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ямар нэг хүндрэл учрахгүй. Нээлтийн үеэр засварын ажил ерөнхийдөө дуусчих байх. Засварын ажил нь энэ сарын дундуур эхэлсэн. Гүйцэтгэж байгаа компани нь “Засварын ажлыг хурдан хугацаанд хийнэ” гэж байсан. Одоо урлаг заал, спорт заал, гадна пассадны ажил л үлдэнэ. Энэ нь хичээл эхлэх үеэр нэг их хүндрэл учруулахгүй байх.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж