“Сүү” ХК Орхон аймагт салбар үйлдвэрээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

“Сүү” ХК Орхон аймагт салбар үйлдвэрээ нээлээ

Хагас зуун  жилийн түүхтэй  үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг болох “СҮҮ” ХК Орхон аймгийн Эрдэнэт хотод салбар үйлдвэрээ нээлээ. 2011 оны 8 сарын 24 нд болсон Эрдэнэт хот дахь салбар үйлдвэрийн  нээлтийн үйл ажиллагаанд Макс Группын ТУЗ-ын дарга Д.Ганбаатар, Макс группын ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд, “СҮҮ” ХК-ын гүйцэтгэх захирал Д.Мөнхжаргал, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Х.Ганболд, Эрдэнэт хот дахь салбар үйлдвэрийн дарга Б.Ганболд нар оролцож ёслолын тууз хайчиллаа. Мөн Эрдэнэт салбар үйлдвэрийн нээлтэд хүрэлцэн ирсэн 100 гаруй зочдын төлөөлөл шинэхэн үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй танилцан анхны сүү хүлээн авах хүндэтгэлтэй ёслолын гэрч болсон юм.

Үндэсний Манлай Үйлдвэр “СҮҮ” ХК нь 2011 онд Монгол улсын нийт хүн амыг  чанарын өндөр төвшинд боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилготой ажиллаж  байгаа бөгөөд энэ ажлын нэг хэсэг нь болсон баруун бүсийн аймгуудыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах тус үйлдвэрийг ашиглалтанд оруулж байгаа юм. Тус үйлдвэрийн шавыг 2010 онд тавин гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан 2011 онд ашиглалтанд оруулж байна.

Тус үйлдвэр нь  хоногт 40 тонн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашигласан төрөл бүрийн  савлагаатай 40 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж хэрэглэгчдийн гарт хүргэх юм.  Ингэснээр баруун аймгийн хэрэглэгчид маань  орчин үеийн дэвшилтэт техник, технологоор үйлдвэрлэсэн экологийн цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнийг орон нутгаасаа худалдан авах боломж бүрдэж байгаад нутгийн оршин суугчид талархлаа илэрхийлж байна.

Үйлдвэр нь орчин үеийн бүрэн автомат, олон улсын чанарын шаардлага хангасан  орчин үеийн үйлдвэр юм. Мөн  тус үйлдвэрийг  ашиглалтанд оруулснаар Эрдэнэт хотод 30 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа нь сум орон нутгийн хөгжилд томоохон хэмжээний хувь нэмэр оруулж байгааг Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Х.Ганболд онцолж байлаа. Мөн тэрээр үйлдвэрийн цаашдын үйл ажиллагаанд сум орон нутгийн зүгээс тусалж дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Эрдэнэт салбар үйлдвэр нь одоогийн байдлаар Орхон, Сэлэнгэ, Булган аймгийн  20 гаруй чиглэлийн  600 гаруй малчдаас  жилийн дөрвөн улиралд  сүү татан авалт хийхээр төлөвлөөд байна. “СҮҮ” ХК нь хүнсний аюулгүй байдлыг чанд сахин, техник технологийн дэвшлийг ашиглан “Өдөр бүр шинэ” гэсэн уриатайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тийм учраас зүүн  бүсийн хэрэглэгчиддээ өдөр бүр шинэ бүтээгдэхүүн  барихаар  Хэнтий аймгийн  Батширээт  суманд хоногтоо 15 тонн сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулснаас хойш тун удалгүй баруун бүсэд Эрдэнэт салбар үйлдвэрээ өлгийдөн авлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж