Хичээлийн шинэ жил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жил эхэллээ

Цэцэг барин гүйлдэх бяцхан жаа­лууд, аав, ээжийнхээ гараас хөтлөн гүйлдэх алаг үрс, найз, нөхөдтэйгөө хамт алхах сурагчид, шинэ сургууль, шинэ найз нөхөдтэйгөө уулзах гэж яаран алхах залуус. Чухамдаа тэд энэ өдрийн гол баатар байв.

Эргэх цаг хугацааны аясаар нэгэн хичээлийн жил шувтарч, шинэ хичээлийн эхэлж байгаа нь энэ. Зуны гурван сар нам гүм байсан их хот өнөөдөр л “амь орж” байна уу гэлтэй. Монгол орны өнцөг булан бүрт байгаа эрдмийн өргөө болсон сургуулиуд  хичээлийн шинэ жилийн баяраа тэмдэглэж буй. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 170 орчим мянган хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 510 гаруй мянгөн оюутан, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 60 орчим төвд 50 гаруй мянган залуус, их, дээд сургуульд 170 гаруй мянган оюутан суралцах ажээ.

Цэргийн дүрэмт хувцас, ижил­хэн цагаан цамцаар жигдэрсэн за­луус их жанжны талбайд эгнэн зогсох. Тэд урдаа өөрсдийн сурдаг сургуулиа илтгэх туг, сүлд барин жанжны талбайн урд хэсэгт жагсчээ. Хичээлийн шинэ жилийн нэгдсэн өдөрлөг жанжны талбайд нээлтээ хийх гэж байгаа нь энэ. Энэ удаагийн нэгдсэн арга хэмжээнд их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежиудад суралцдаг оюутан залуусын төлөөлөл оролцох болсон нь энэ аж. Бие, биенийхээ хувцасыг засч, янзлан зөв болсон эсэхийг нь шалгаж басхүү нэг нэгнийхээ зургыг татан, сонин содон бүхнийг сонсох тэдэнд өөр, өөр сургуулийн ялгаа гэж үгүй. Чухамдаа тэд бүгдээр оюутан гэсэн эрхэм нэрийг зүүх учраас тэр.

Талбайн урд талд оюутнууд ийн жагсч байхад талбайн зүүн, баруун талд цагаан өнгийн асрууд байрлах. Нээлтийн ажиллагаанд ирсэн оюутнуудад мэдээлэл өгч, басхүү цагийн ажилд зуучлан, хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүлэх үүрэг бүхий хэсэг залуус энэ асруудад суужээ. Энэ асруудаар үйлчлүүлэх хүсэлтэй залуус тэнд олон байгаа харагдав. Албан ёсны нээлт эхэлтэл хамгийн эрэлттэй хэсэг нь чухамдаа энэ хэсэг байсан юм.

Төд удалгүй сүртэй дуу эгшиглэж, тэнд цугласан залуус талбайн урд хэсэг рүү анхаарлаа хандуулах нь нээлтийн ёслол албан ёсоор эхлэх гэж байгааг илтгэнэ. Төрийн гурван өндөрлөгөөс аваад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд, Нийслэлийн удирдлагын төлөөлөл тайзан дээр зогсох аж. Энэ өдрийн гол баатар болсон оюутан залуус, сурагчдад баяр хүргэсэн мэндчилгээг албаны хүмүүс хэлж хэсэг хугацааг өнгөрөөлөө. Чухамдаа тэдний хэлж буй үгсийг сонсч буй оюутнууд бараг харагдсангүй. Хоорондоо элдвийг ярилцсан, зуны амралтын сонин сайхныг сонссон залуус элбэг. “Шинэхэн” оюутнууд ч биестэйгээ мэндчилэх дуу шуу нээлтийн үгтэй зэрэгцэн талбайг цуурайтуулж байлаа. Зуны гурван сар уулзаагүй, шинэхэн найзуудтайгаа танилцаж байгаа залуус ингэж чимээ гаргах нь ч аргагүй. Нээж үг хэлэх дарга нарын цуваа ч дуусч, талбайн урд эгнэн жагссан залуус цэх зогсон, чимээ гаргахгүй болсон нь нээлтийн гол хэсэг болох тангараг өргөх ёслол эхлэх гэж буйг гэрчилнэ.

Гол хэсэг эхлэхээс өмнө БСШУЯ-ны сайд Улсын асрамжийн газрын бүтэн өнчин долоон хүүхдэд дөрвөн жил үнэ төлбөргүй сургахаар болсоныг дуулган бэлэг дурсгалын зүйлс гардуулсан юм. Басхүү Оюутны универсиадад амжилттай оролцсон залууст шагнал гардуулах ёслол ч болж амжив. Оюутны универсиадын залуус, бүтэн өнчин долоон хүү­хэдтэй хамт зургаа татуулж, амжилт хүссэн нь тэдэнд урам, итгэл өгсөн нь лавтай. Ийнхүү тангараг өргөх ёслол удаан хүлээлгэсний эцэст эхлэв. Хэдхэн хоногийн өмнө хүнгүй шахам, нам, гүм байсан талбайд монголын 170 гаруй мянган оюутны төлөөлөл нэгэн зэрэг “Монгол улсын өнөө ирээдүйн эзэн болсон оюутан би, эрдэм мэдлэгт шамдан суралцаж, боловсролтой, авьяас чадвартай, ёс суртахуунтай, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй, эх оронч бие хүн болон төлөвшиж, мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, гэр бүл, найз нөхөд, ард түмэндээ андгайлан тангараглая” хэмээн тангараг өргөсөн юм.

Чухамдаа дөрвөн жил оюутан хэмээх нэрийг хэрхэн өргөж, яаж суралцахаа гэр бүл, найз, нөхөд, эх орныхоо өмнө тэд тангарагласан нь энэ байлаа.

Ийнхүү монголын хүн амын 75 гаруй хувийг эзэлдэг хүүхэд, залуусын том баяр “Хичээлийн шинэ жил” эхэллээ. Зуны гурван сар нойрмог байсан хот дахин есөн сарын туршид хүүхэд, залуусын инээд, хөөр, дуу, шуугианд автах нь ээ.

Б.БОЛОРСҮХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж