• Зурхай

УБТЗ-ын хуучин удирдлагууд байраа өгөхгүй байна

2011 оны 9 сарын 13

УБТЗ-ын ажилчдад зориулсан байрыг өмнөх удирдлагууд нь эзэмшсэн хэвээр байна. Яг л төрийн тэргүүн гавьяандаа гарахдаа байраар хангуулдаг шиг. УБТЗ- ын Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны дарга Д.Сайханцэцэг УБТЗ-ын байрыг чөлөөлж өгөхгүйгээс багагүй маргаан дэгджээ. Тэрээр одоо “Голомт хотхонд УБТЗ-ын эзэмшлийн дөрвөн өрөө байранд амьдарч байгаа аж. Хуулийн байгууллагаас ирсэн шалгалтын үеэр цонхоор тайлангаа шидэж, “даналзсан” түүнээс гадна УБТЗ-ын Үйлдвэрчний холбооны дарга асан Л.Мөнхбаяр ч Хан-Уул дүүрэгт байрлалтай УБТЗ-ын харьяаны байх байранд бас амьдардаг аж.

 УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга асан Д.Наранпүрэв гэхэд л Богд уулын Богинын аманд хоёр давхар хаусыг эзэгнэсээр байгаа гэнэ. Энэ нь бас л УБТЗ-ын өмч бөгөөд тэд бүгдээрээ байраа өгөх ёстой ч өнөөг хүртэл өгөөгүйгээс одоо ажиллаж буй хүмүүс байраар хангуулж чадахгүй болжээ. Улс доторх вант улс гэгддэгч энэ мэтээр төрийн өмчийг өөрийн болгоод буйд ажиллагсад нь уурсах болжээ. Уг нь дүрэм, журмаараа бол тус байгууллагын харъяанаас гарсан л бол өгөх ёстой байтал одоог хүртэл байрандаа шигдсээр суугаа нөхдүүд нь хачирхалтай. Сүүлдээ дарга байсан хүмүүст байр өгч гаргадаг өгөөмөр вант улс ч гэж ярих болжээ. Тиймээс дараа дараагийн дарга нараа ч ийм л маягаар ивээн тэтгэн, ажлаас нь чөлөөлөх журамтай эсэхийг ёстой чөтгөр л мэдэх байх.  Тэд өмнөх байраа шилжүүлээгүйгээс дараагийн дарга нар нь байр бариулахыг ч үгүйсгэхгүй. Ийм л эрх ямбаар хангуулдаг энэ төмөр замынхан азтай хүмүүс гэлтэй.

Л.Халиу

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна