Намрын чуулган назгайрах завгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Намрын чуулган назгайрах завгүй

Монголчууд 3.5 их наяд төгрөг хадгалуулжээ. Арилжааны 14 банкинд ийм хэмжээний хадгаламж бий. Хямрал болж, хадгаламж үнэгүйдвэл төр энэ их мөнгийг төлж барагдуулна. Ийм агуулгатай хуулийн төслийг 2009 оны арваннэгдүгээр сард Засгийн газар өргөн барьсны дагуу УИХ баталсан юм.
Эдийн засгийн хямралын эхний давлагаа дунд яаравчлан баталсан уг хуулийг энэ намрын чуулганаар мөн л шуурхайлан шинэчлэх юм. Хадгаламжийн даатгалын тухай хууль нэртэй болгон, утга агуулгыг нь зах зээлийн жаягт нийцүүлэх гэж байна. Хадгаламжийн даатгалын хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, улмаар шинэ оноос мөрдөнө хэмээн Монголбанк найдаж буй аж.

Хадгаламжийн даатгал хариуцдаг төрийн агентлаг шинээр байгуулагдах ба ингэснээр Засгийн газар хувь хүний дансны хэдийн төлөө хариуцлага хүлээх бус, харин мөнгөө эрсдэлээс хамгаалахыг хүссэн хүн машин тэрэгтэйгээ ижил хадгаламжиндаа хүссэн хэмжээгээрээ даатгалын шимтгэл төлөх учиртай. Энэ мэтээр санхүүгийн үйлчилгээний  эрх зүйн орчныг шинэчлэх цөөнгүй хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх төлөвтэй. Төрийн аппарат ч багасах бус, бүр томрох чиг хандлагатай. Тухайлбал, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэд Геологийн алба байгуулагдана. Мэргэжлийн хүмүүсийг цуглуулсан, үнэлэлт зөвлөгөө өгдөг ийм албаны хэрэгцээ нэн их хэмээн Яамныхан онцолж байна. Саналаа арваннэгдүгээр сард Засгийн газарт оруулах гэнэ.

Намрын чуулганыг уул уурхайнхан онцолж буй нэг шалтгаан нь Ашигт малтмалын тухай хуулийг Эрдэс баялгийн юм уу, эсвэл Уул уурхайн хууль болгон далайцыг нь нэмж, харин өнөө мөрдөж буй ганц хуулиа лицензийнх нь чиглэлээр дотор нь багтаах төлөвтэй. Уул уурхайн салбарын харилцааг илүү нарийвчлан зохицуулах малгай хууль ба бусад эрх зүйн баримт бичгийг эрэмбэнд нь оруулна гэсэн үг. Одоогоор Ашигт малтмалын хуулийг шинэчлэх ийм хувилбар байна гэсэн тодорхой төсөл гараагүй ба салбарынхан ам амандаа ингэх хэрэгтэй, тэгэх ёстой хэмээн хэсэг бусаг ярихаас хэтрээгүй байна. Бодлогын яам нь болгоох биз ээ. Эрдэс баялаг, эрчим хүчний Дэд сайд Б. Ариунсангийн өгүүлж байгаагаар, хуулиа өөрчилж аваад, араас нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг гаргана. Ингэсний эцэст, стратегийн ордуудаа хэрхэн ашиглах дараалал тодрох аж. Өнөөдөр уул уурхайн салбарт адган хийж буй зарим алхамтай харьцуулж харвал уялдаа муутай сонсогдож байлаа.

Түүнчлэн, голын гольдрол дахь ордуудад үйл ажиллагаа явуулж буй алтны компаниудыг хөөж явуулах арга хэмжээг эхлүүлээд байна. Ингэснийхээ хариуд тухайн компанид төрөөс нөхөн төлбөр өгнө. Лав 240 орчим лиценз эзэмшигч төрөөс нөхөн төлбөр эхний ээлжинд авах аж. Уг нь ойн санд, мөн голын урсац бүрэлдэх бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй алтныхныг бүгдийг нь буулгаж, төрөөс нөхөн төлбөр олгох заалт хуульд бий. Гэвч нэг мөр энэ ажлыг хийе гэхнээ 1782 ширхэг лицензийг хураах болж, оронд нь компаниудад  5.1 их наяд төгрөгийг төр төлөх учиртай болоод байгаа аж. Улсын төсвөөс ч их энэ мөнгийг хэн хэзээ гаргах билээ, ямар ч байсан Урт нэртэй хуулийг үе шаттайгаар аргалаад хэрэгжүүлэхээс аргагүй болжээ.

Намрын чуулганы үеэр зайлшгүй яригдах нэг асуудал нь Хайгуулын лиценз олголтыг хориглосон хуулийн үйлчлэх хугацаа оны шувтаргаар дуусгавар болно. Ёолкны дараа юу болохыг УИХ шийдэх юм. Ерөнхийлөгчийн санаачлагаар батлагдсан уг хуулийн үйлчлэх хугацааг дөрөвдүгээр  сард сунгасан билээ. Түүнчлэн Үйлдвэр технологийн паркийг хаана хаана байгуулах тухай саналыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд  судалж буй гэнэ. Налайх, Багануур гэх мэт үйлдвэрлэлийн төвүүд байгуулах санал гарчээ. Тавантолгой хавьд бас ийм парк байгуулах саналыг уул уурхайн компаниуд гаргаад байгааг тус газрын мэргэжилтэн тэмдэглэв.

Сонгуулийн жилийн төсөв хэлэлцэх гэж Парламент сүйд болтлоо хуралдах нь дамжиггүй. Төсвийн зэргэцээ гадаадаас урсан орж ирж буй мөнгөний хэмжээ Монголбанкны хяналтаас алдуурч, мөнгөний бодлогод чимээгүй атлаа маш хүчтэй нөлөөлж эхлэх эгзэгтэй цаг мөч юм. Энэ намрын чуулганы онцлог үүгээр хязгаарлагдахгүй. Тавантолгой ордын олон улсын урьдчилсан шалгаруулалтын хэлэлцүүлэг, Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга ярих үеэр гишүүд дээр дороо орсоор хэдэн сарыг ардаа орхих биз ээ. Парламент томоотой цуглаад, залхуутай хуралддаг үе хэдийнэ ард хоцорсон. Ардчилсан нам амь орохыг оролдох нь лавтай.

Пүрэв гаригт Н. Алтанхуяг дарга талбай дээр хэдхээн хүн цуглуулчихсан, хүнээсээ олон туг хийсгээд зогсч байгааг харахул энэ намд эрс шинэчлэл зайлшгүй. Монгол ардын намын мөнгөтэй залуус хөдөөгүүр тэнэж, тойргоо тордсоор явна. МАН хөдөөнөөс хэдэн санал авахаас өөр дорвитой үр дүн гарахгүй буй за. Харин хотод гуравдагч хүчний орон зай ярьсан эксүүд час часхийх болжээ. Энэ бүх бужигнааны хөлд намрын чуулган назгайрах манатай, тэвдүү эхэлж, сонгууль хүртэл синдром үргэлжилнэ.

Б. Алисиа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж