С.Баярцогт: Оюутолгойн хэлэлцээрийг үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

С.Баярцогт: Оюутолгойн хэлэлцээрийг үргэлжлүүлнэ

-Зарим нэг зүйл дээр Монголын талд илүү ашиг авчрах хувилбаруудыг нэмсэн. Түүгээрээ дор хаяж нэг тэрбум ам долларын ашиг авчирсан юм шүү. Дараагийн нэг өөрчлөлт нь, хөрөнгө оруулагч тал Оюутолгойн хувьцааг гадны компанид шилжүүлэх бол Монголын Засгийн газраас зөвшөөрлийг заавал бичгээр авах ёстой гэсэн нэмэлт гэрээг байгуулсан-

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж, үндэсний эрх ашигт нийцүүлэх ёстой гэсэн шаардлагыг нэр бүхий гишүүд гаргаж тавин, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин өөрчлөх бололцоо бий эсэх талаар Сангийн сайд С.Баярцогтоос дараах тодруулгыг хийлээ.

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал намрын чуулган эхлэнгүүт дахин тавигдах болж байна. Шаардлагатай та танилцсан байлгүй, гэрээнд өөрчлөлт оруулах бололцоотой юу?

-УИХ-ын нэр бүхий 20 гишүүний Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбогдуулан гаргасан шаардлагыг уншиж, танилцсан.  Шаардлага бол шинэ зүйл биш. Оюутолгойн хэлэлцээрийг хөрөнгө оруулагч талтай хийгээд УИХ-аар танилцуулах үед гишүүдийн зүгээс энэ саналыг тавьж л байсан. Тэгээд ч УИХ-ын 57 дугаар тогтоолд заасан гурван заалт гурвуулаа хэрэгжсэн шүү дээ. Нэгдүгээр заалт болох Монголын талын хувь эзэмшлийг 34 хувиар баталгаажуул гэдэг нь баталгаажчихсан. Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд хий гэсэн.  Оюутолгойн гэрээ нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх хуулинд үйлчилж батлагдсан. Гуравдугаарх нь, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийсний үр дүнд Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэх асуудлыг шийд гэсэн заалт бий. Хуульд доод тал нь 34 хувь байна гэж заасан байдаг. Анх Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийж байхад 2009 оны найман сарын чуулган дээр энэ асуудлыг танилцуулсан. Энэ заалтыг ч хангасан. 30 жилийн дараа 50 хувьд хүргэх асуудлыг шийдвэрлэнэ гээд орчихсон. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх асуудал дээр гишүүд санал зөрдөг. 30-аас өмнөх жилийн тодорхой хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх нь тодорхой.  

Одоо бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хэмжээнд яригдсан, Монголын эзэмшлийг 50 хувьд хүргэх нөхцлийг сайжруулж, хугацааг нь татах тухай юм. Хоёрдугаарх нь, Оюутолгойн хэлэлцээр байгуулснаас хойш шинэ татварын төрөл бий болсон. Энэ нь Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татвар. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгойн гэрээ тогтворжчихсон учраас энэ татвар үйлчлэхгүй байгаа. Тийм учраас энэ татварыг Оюутолгойн ордоос аваач ээ гэсэн хүсэлтийг тавьсан. Уг байнгын хорооноос энэ асуудлыг Засгийн газарт 2011 онд үүрэг болгоод өгчихсөн зүйл.

-Тэгвэл яагаад байнгын хорооноос гаргасан шийдвэрийг хөрөнгө оруулагч талд тавьж, шийдвэрлэх талд Засгийн газар ажиллаагүй юм бэ?

-Яагаад энэ асуудлыг одоо болтол тавихгүй явсан бэ гэхээр бид хөрөнгө оруулагч талтай хоёр төрлийн гэрээ байгуулсан байсан. Нэг дэх нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ, нөгөө нь Хөрөнгө оруулагчдын гэрээ. Хувь нийлүлэгчдийн гэрээн дээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж байсан. Бүтэн жилийн турш хэлэлцээр хийсэн. Маш их хэмжээний өөрчлөлтүүдийг оруулсан. Олон нийтэд ойлгомжгүй байсан, олон зүйлүүдийг маш оновчтой тодорхой болгосон. Зарим нэг зүйл дээр Монголын талд илүү ашиг авчрах вариантуудыг нэмсэн. Түүгээрээ дор хаяж нэг тэрбум ам долларын ашиг авчирсан юм шүү. Дараагийн нэг өөрчлөлт нь, хөрөнгө оруулагч тал Оюутолгойн хувьцааг гадны компанид шилжүүлэх бол Монголын Засгийн газраас зөвшөөрлийг заавал бичгээр авах ёстой гэсэн нэмэлт гэрээг байгуулсан. Ийм хоёр нэмэлт гэрээ хэлцэл явж байсан учраас дараагийн асуудлыг тавиагүй. Одоо тэгэхдээ энэ асуудал шийдвэрлэгдсэн болохоор дараагийн хэлэлцээр дээрээ хөрөнгө оруулалтын гэрээнд энэ хоёр асуудлаар өөрчлөлт оруулах асуудлыг тавихаар болж байгаа. Энэ процесс бол үргэлжилнэ гэж ойлгох хэрэгтэй. Гол нь энэ бол Хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг маань Тогтворжуулалтын гэрээ байхгүй юу. Хуучин бид Тогтвортой байдлын гэрээ гэж ярьдаг байсан. Түүнтэй яг нэгэн адил гэрээ. Дээр нь нийгмийн,  байгаль орчны гэсэн нэмэлт асуудлууд орсон гэрээ байдаг. Тогтвортой байдлын гэрээ гэдэг маань хоёр тал аль аль нь тогтвортой байдлаар хүндэтгэж дагах ёстой. Гэхдээ нөхцөл байдлаа хөрөнгө оруулагч талд зөвөөр ойлгуулаад, Монголын ард түмний, мөн Засгийн газрын хүсэл зориг бол энэ хоёр асуудлыг л хөндье гэж байна. Бүх нөхцлийг хөндье гээгүй байна гээд, эдгээр асуудлаа тавьж ярих бололцоотой. Цаг хугацаа ч бий. Тэр дундаа анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг тав, арван жилээр урагшлуулах бололцоотойн тухайд банк санхүүгийн тайлан дүгнэлтийг нь аваад байх учраас маш тодорхой.

Тийм учраас гэрээ хэлэлцээр хийх хугацаа хангалттай байна гэж үзэж байгаа. Аливаа хэлэлцээр бол хоёр талын хүсэл зориг нийлж байж өөрчлөгддөг өө гэдгийг харин ойлгох хэрэгтэй.

-Ер нь хөрөнгө оруулагч талтай гэрээгээ анх байгуулахдаа Монголын эзэмшлийн хувь хэмжээг анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа шууд 50 хувьд хүргэнэ гээд тусгачихгүй яасан юм бэ. Энэ заалт дээр гишүүд их шүүмжлэлтэй ханддаг шүү дээ?

-Аливаа гэрээ гэдэг маш амархан байгуулагддаггүй, тэр дундаа  нэг талын 100 хувь хүсэл зоригоор шийдэгддэггүй. Ямар ч байсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль маань орд газрыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө илрүүлж нөөцийг нь тогтоосон бол 34 хувийг төр үнэгүй авах ёстой гэсэн нөхцөл шаардлагыг бүрэн хангачихсан. 30 жилийн дараа гэдгийг хол гэж байгаа. Энийг наашлуулах асуудал нээлттэй. УИХ-ын чуулганаар оруулж танилцуулахдаа ийм төвшинд байна гэдгийг хэлж байсан. Тэр үед УИХ-д 50 хувьд хүргэх асуудлыг ярьж байсан. Бүгдээрээ энэ хэлбэрээр дэмжиж байсан. Тэгэхээр нөхцөл байдал өөрчлөгдөөд, илүү зүйл хүсэх нь ойлгомжтой. Хүний хүсэл хязгааргүй.  Оюутолгойн орд эдийн засгийн эргэлтэд орж, үйл ажиллагаагаа явуулах нь Монголын үндэсний эрх ашиг болчихоод байна. Үүнийг дагаж маш их хөгжил дэвшил ирнэ. Тэгэхээр үүнээс илүү ихийг хүртэхийн төлөө л явах ёстой. Тэр утгаараа энэ гэрээ хэлэлцээр цаашид үргэлжлэх ёстой гэсэн  байр суурьтай байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж