Эмзэг бүлгийнхэнд хандсан бодлого үргэлжлэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Эмзэг бүлгийнхэнд хандсан бодлого үргэлжлэх ёстой гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат Азийн хөгжлийн банкны нийгмийн салбар хариуцсан зохицуулагч Клауде Бодарт, Дэлхийн банкны хүний хөгжлийн секторын зохицуулагч Флип О Кееф нарыг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Клауде Бодарт “Хүний хөгжлийн сангаас ард иргэдэд олгож байгаа мөнгө энэ оны сүүлээр дуусгавар болох учир түүний дараа ядуу, эмзэг бүлгийнхэнд нийгмийн халамж цаашид хэрхэн хүрэх асуудлын талаар өмнө нь Улсын Их Хурлын даргатай уулзахдаа хөндөж, нийгмийн халамжийн бодлогын асуудлаар өндөр түвшинд хамтарсан уулзалт-семинар зохион байгуулах санал тавьж энэ чиглэлээр бид нарийвчлан ярилцсан. Иймд энэ асуудлаар ойрын үед уулзалт-семинар зохион байгуулж ажил хэрэг болгох санал санаачилгыг гаргаж байна. Уулзалтын гол зорилго нь нийгмийн халамж зайлшгүй хүртэх бүлгийнхнийг ирээдүйд хэрхэн хамгаалах асуудал байх юм” гэлээ.

Хариуд нь УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат “Хүний хөгжил сангийн тухай хуулиар олгогдож байгаа мөнгө энэ оны сүүлээр дуусч байгаа. Хүний хөгжил сангаас иргэдэд олгогдож буй 21 мянган төгрөгийг зарим хүмүүс янз бүрээр шүүмжилдэг. 21 мянган төгрөгийг авдаггүй боломжтой нэг хэсэг бий. Бодит амьдрал дээр орлого багатай иргэд, ахмад настан, малчид, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьдралд энэ мөнгө маш их дэмжлэг болж байгаа. Хүний хөгжил сангаас иргэдэд мөнгө олгогдохгүй болсон үед дахин шинэ нөхцөл байдал үүснэ. Иймд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас энэ чиглэлээр бодлогын түвшинд өндөр дээд хэмжээний уулзалт-семинар зохион байгуулж санал солилцон ярилцья гэж байгааг талархан хүлээн авч дэмжиж байна. Манай Байнгын хорооноос ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар холбогдох яам, агентлагийн мэдээллийг сонсож байна. Хамтарсан уулзалт-семинарыг ирэх сарын дундуур зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангахад хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Ноён Клауде Бодарт, нийгмийн халамжийн асуудлаар өндөр дээд түвшний уулзалт хийх санаачлагыг бүрэн дэмжсэнд Д.Очирбат даргад талархал илэрхийлж, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх асуудлаар олон улсын туршлага болон монголын өнөөгийн нөхцөл байдал, өөрчлөлтийн талаар оролцогчдод зориулсан гарын авлага бэлтгэх саналыг хүлээн авлаа.

Мөн уулзалтын үеэр төрийн үйлчилгээ, засаглалыг сайжруулах, хариуцлагын тогтолцоог сайжруулах, бэхжүүлэх асуудлаар харилцан ярилцаж санал солилцов.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж