Олон овоотын ордын таван үнэн

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Олон овоотын ордын таван үнэн

Уул уурхайг тойрсон сүүлийн үеийн дуулиан гэх юм уу, олны анхаарлын төвд байгаа асуудал бол яах аргагүй Олон овоотын лицензүүдийн маргаан. УИХ-аас ажлын хэсэг хүртэл томилогдож уг асуудлыг дэвэргэхээрээ нэг болов. Гэхдээ үүнийг тодорхой шалтгаантай хэмээн учир мэдэх хүмүүс яриад байна. Өөрөөр хэлбэл, дээрх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг эрх ашгийн зөрчилтэй гэх. Олон овоотын лицензүүдийг “Голдман сакс”-ийн гарт атгуулсан “гавьяатай” нэгэн гэцгээж байна. Үүнээс улбаалан маргааныг өөр тийш хандуулж чулуу хөөлгөн, мултрах гэсэн санаа хэмээн ил далд ярьцгааж байна. Харин бодит хийгээд үнэн байдал нь хөөлгөж байгаа чулуунаас ч олон ажээ.

Нэг дэх Үнэн. Олон овоотын лицецүүдийг Анод, Зоос банкны барьцаанаас чөлөөлсөн тухайд

Олон овоотын ашиглалтын лицензүүд нь “Зоос” банкинд огт барьцаалагдаагүй байжээ. Харин “Анод” банкинд барьцаалагдсан байж. Мөн “Анод” банкны 2007.12.28-ны 01/5669 тоот хүсэлтийн дагуу барьцаанаас чөлөөлсөн байна. Тухайн үед “Анод” банк хэвийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Монголбанкны эрх хүлээн авагч нь томилогдоогүй байжээ. Тодруулбал, тус банкны гүйцэтгэх захирал Э.Гүр-Аранзын хүсэлтээр зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөн байна.

Хоёр дахь Үнэн. Лицензүүд “Монгол газар”-аас “Жаст”-д шилжсэн тухайд

Олон овоотын ашиглалтын лицензийн кадастрын бүртгэлээс харвал, 2009 оны арваннэгдүгээр сарын 18-нд “Жаст групп” ХХК-ийн мэдэлд бус “Олон овоот гоулд” ХХК-ийн мэдэлд шилжжээ. “Олон овоот” ХХК нь “Жаст групп”, Ц.Мянганбаяр нарын хамтын эзэмшил бүхий компани байсан аж. Анх 2006 оны сүүлчээр Олон овоотын төслийг хамтарч хэрэгжүүлэх саналыг “Монгол газар”-аас “Жаст групп” ХХК-д тавьж, гэрээ байгуулан 2008 оны нэгдүгээр сараас “Жаст групп” ХХК төсөлд хөрөнгө оруулж эхэлсэн байна. Гэрээгээр “Монгол газар” 60, “Жаст групп” 40 хувийг эзэмшиж байсан ч 2008 оны хоёрдугаар сарыг хүртэл “Монгол газар” ХХК хувь нийлүүлсэн “Олон овоот гоулд”-ын үйл ажиллагаанд “Жаст групп”-ийг оролцуулаагүй байна. Тэгж байснаа “Хамтран ажиллах гэрээгээ цуцлая” гэж мэдэгдэж. Тиймээс “Жаст групп” Олон овоотын алтны төслөөс гарч, оруулсан хөрөнгө болох 20 тэрбумаа графикийн дагуу буцаан авахаар тохиролцсон байна. Гэсэн ч Ц.Мянганбаяр нэг ч төгрөг “Жаст групп”-д олгохгүй байсаар 2009 оны дөрөвдүгээр сарыг хүргэсэн аж.

Энэ үед нь Зоос банкнаас “Жаст групп”-д хандан Олон овоотын алтны төсөл санхүүгийн хүндрэлд орсныг дуулгаад, уг төсөлд холбогдох зээлүүдийг төлж барагдуулахад хамтран ажиллах санал тавьжээ.Уг төслөөс их хэмжээний авлагатай байсан “Жаст групп” Ц.Мянганбаярт хандаж байдлыг тодруулахад, төсөл хэвийн үргэлжилж, өр төлбөрөө барагдуулах боломжгүй болсон тухайгаа хэлжээ.Ингэхдээ Ц.Мянганбаяр төслийг санхүүгийн хүндрэлээс гаргахад хамтран ажиллах саналыг “Жаст групп”-д тавьсан байна. Ингээд 2009.06.03-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг үйлдэв. Уг санамж бичгээр “Олон овоот гоулд” ХХК-ийн эзэмшлийг 50:50 хувь болгосон аж. Үүний дагуу “Олон овоот гоулд” ХХК нь Ц.Мянганбаяртай хувь нийлүүлэгчийн гэрээ байгуулж, тус компанийг шинэчлэн байгуулжээ.Ингэхдээ жаст груп Ц.Мянганбаярын 186 тэрбум төгрөгийн өрийг хариуцаж төлөх үүрэг хүлээсэн байна. Мөн өдөр Ц.Мянганбаярын “Монгол газар” ХХК-ийн Олон овоотын алтны ордуудын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг “Олон овоот гоулд” ХХК-ийн нэр дээр шилжүүлжээ.

Гурав дахь үнэн. Олон овоотын ордын лицензийг “Голдман сакс”-ын барьцаанаас сулласан тухайд

“Олон овоот гоулд” ХХК нь Ц.Мянганбаяраас Олон овоотын алтны ордыг барьцаалан “Голдман сакс”-аас авсан 21,8 тэрбум орчим төгрөг буюу ойролцоогоор 15 сая ам.долларын өрийг шилжүүлэн авсан. Энэхүү өр нь “Голдман сакс”-аас “Монгол газар”-т 27 сая ам.долларын алтны урьдчилгааны зээл олгосноос үүдэлтэй аж. Гэвч “Монгол газар” ХХК зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс болж нэмж 5,974 унц алт төлөх торгууль хүлээж, нийтдээ 41,674 унц алт тушаахаар болсон аж.

Мөн “Монгол газар”-ын 186 тэрбум төгрөгийн өрийн 130 гаруй тэрбум нь дотоодын банкуудаас авсан зээл байж. Эдгээр нь хугацаа хэтэрсэн, хүү нь хуримтлагдсаар байгаа аж.Үүнээс хамгийн их нь буюу 50 гаруй тэрбум нь “Зоос” банкнаас авсан зээл.

2010 оны сүүлчээр “Голдман сакс” компани “Олон овоот гоулд” ХХК-иас авах төлбөрөө Монголын нэгэн банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлж, хойшид өр төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн аж. Энэ хүртэл “Олон овоот” ХХК “Голдман сакс”-д удаа дараа хүсэлт тавин тохиролцож чадсанаар дээрх үр дүнд хүрсэн байдаг. Энэ хооронд “Голдман сакс” ХХК Олон овоотын алтны ордыг бусдад зарах оролдлогыг нэг бус удаа хийсэн ажээ.


Дөрөв дэх үнэн. Монголбанк болон дотоодын арилжааны банкуудаас авсан зээлийн эргэн төлөлтийн тухайд

“Олон овоот гоулд” ХХК-ийн хамгийн түрүүнд хандсан банк нь “Зоос” аж. Учир нь тус банкинд хамгийн их буюу 60 гаруй тэрбум төгрөгийн өртэй байжээ.Одоогоор Зоос банкинд 8.2 тэрбум төгрөгийг төлж, үлдсэнийг нь 2013 он гэхэд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан байна.

Анод банкнаас “Монгол газар” ХХК-ийн 10,8 тэрбум төгрөгийн зээлийг 2009 оны наймдугаар сард “Хадгаламж” банк руу шилжүүлжээ. Үлдэх 16,8 тэрбум төгрөгийг 2013 он гэхэд төлж дуусгахаар тохиролцсон аж.

“Монгол шуудан” банк “Хадгаламж” банкинд нэгдсэн тул тус банкинд төлөх тэрбум төгрөгийн гэрээг “Олон овоот гоулд” ХХК нь “Хадгаламж” банктай шинээр байгуулжээ.

Харин “Монгол газар” ХХК-ийн “Капитрон” банкинд төлөх ёстой 13,9 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан байна.

Тав дахь Үнэн. Хувийн компаниудын хоорондын бизнесийг улстөртэй холбосон тухайд

18 тоннын нөөцтэй гэх энэ ордыг анхнаасаа “Монгол газар”, “Жаст групп” ХХК-иуд хамтран эзэмшиж, замын дундаас нэг нь нөгөөдөө итгэл алдаж, бас их хэмжээний өр төлбөрт оруулсан. Улмаар нэг хувь эзэмшигч нь ордыг ашиглах төслийн менежментийг дангаараа хийж, өмнө нь хуримтлуулсан өрийг барагдуулж эхэлж. Тэр ч байтугай “Голдман сакс”-т барьцаалагдаж бусдад худалдагдах гэж байсан Олон овоотын орд сайн менежментийн ачаар одоо л хэвийн үйл ажиллагаандаа орохоор зүтгэж байгаа ажээ. Харин хэний эрх ашиг хөндөгдөх болоод ийнхүү улстөржүүлээд байгаа нь тийм ч ойлгомжтой бус. Зүгээр л монгол хүн монгол газар нутаг дээрээ ажиллаж байна. Өр зээлийг нь барагдуулахаар өдөр шөнөгүй зүтгэж байгаа нь хэнд таалагдахгүй байна вэ гэсэн асуулт урган гарч байна. Нэг ийм үг байдаг даа. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэж. Олон овоотын орд ажиллаж байна. Тэнд ажиллаж буй 500 гаруй ажилчид “Уурхай хөл дээрээ босно” гэдэгт итгэл дүүрэн ажиллаж байгаа гэсэн. Бас тэнд ганц ч хятад ажилчин байхгүй, дан монголчууд ажиллаж байгаа. Хэдийгээр банкуудын дундын барьцаанд байгаа ч хийх бүтээх хүслээр дүүрэн “Олон овоот гоулд”-ийн уурхайчид ажиллаж л байна. Харин төр ийм үед нэг ч гэсэн Монгол уурхайгаа мөнгөөр дэмжиж чадахгүй юм гэхэд улс төрийн бохир тоглоомоосоо холдуулж, хөрөнгө оруулагчдынх нь замыг засч өгвөл зүгээрсэн. Хэрвээ Олон овоот “Голдман сакс”-ын мэдэлд үлдээд, банкууд ташраараа дампуурсан бол О.Чулуунбат тэргүүтэй хүмүүст таалагдах байсан уу. Үүний гаргалгааг л гайхаад барахгүй юм. Эцсийн үнэн буюу одоо өрнөж байгаа үйл явдлаас харахад хувийн компаниуд тэр дундаа монгол хүмүүс ажиллаж байгаа нь улстөржүүлэх шалтгаан л болоод байна. Гайхалтай байгаа биз.

Б.Төмөртогоо

"Өдрийн шуудан" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж