“Нэг цонхны үйлчилгээ”-г хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

“Нэг цонхны үйлчилгээ”-г хэлэлцэв

“Нэг цонхны үйлчилгээний хэрэгжилтийн явц, үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний зөвлөлгөөн өнөөдөр Төрийн ордоны Их танхимд боллоо.

Засгийн газрын 2007 оны 264 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмж чанарыг сайжруулах, үр ашигтай хүргэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон юм. Үндэсний зөвлөлгөөнөөр энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэн туршлага солилцож, “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн журмыг баталж, зөвлөмж гаргах юм. Иргэд нэг цэгийн үйлчилгээгээр хөдөлмөр, нийгмийн халамж, иргэний бүртгэл, нийгмийн даатгал, эд хөрөнгийн улсын бүртгэл, газрын харилцаа, хөдөлмөр эрхлэлт, банк, нотариат, хуулийн этгээдийн бүртгэл, гааль, татвар, бизнес, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр олон төрлийн үйлчилгээ авч байна. Ер нь Засгийн газар төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, хүнд суртлыг багасгах, аль болох төрийн зүгээс дарамт, саад учруулахгүй байхыг чухалчилж байгаа. Энэ хүрээнд гэхэд л нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх, зочид буудал, жуулчин тээвэрлэлт, мал эмнэлэг, үржлийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх, барилга байгууламжийн газар сонгох, зураг төсөл зохиох, ашиглалтад оруулахад гаргах эрүүл ахуйн дүгнэлт авах гээд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай байсан 160 гаруй зөвшөөрлийн жагсаалтыг хүчингүй болгож, заримыг нь мэргэжлийн холбоодод нь шилжүүлсэн.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлсэн энэ шийдвэрийн дүнд бизнес эрхлэх зөвшөөрөл авахад учирч байсан саад, хүнд суртал эрс багасч энэ хэрээр иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа ч ихээхэн идэвхжсэн юм. Мөн үүнтэй холбогдуулан  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох 20 гаруй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлжээ.  Үндэсний зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Нэг цонхны үйлчилгээний хэрэгжилтийн явц, үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний зөвлөлгөөнийг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг:

Аймаг, дүүргийн удирдлагууд, төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе,

Швейцарийн хөгжлийн агентлагийн Суурин төлөөлөгч Феликс Феллманн таныг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Бид төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чанар, хүртээмжийг сайжруулж, түргэн шуурхай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын хүрсэн үр дүн, ололт амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж шийдвэрлэх учиртай. Засгийн газраас иргэд, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах бодлогыг стратегийн баримт бичгүүдэд тодорхой тусгасан. Үүний нэг нь “Нэг цонхны үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр” юм. Энэ хүрээнд бүх  аймаг, дүүрэг, бүсийн төвд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв байгууллаа. Үүнийг  Засгийн газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” ТББ-ын хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэлээ.  Өнөөгийн байдлаар Нэг Цонхны Үйлчилгээний 31 төв үйл ажиллагаа явуулж байна. Мөн туршилтын журмаар хоёр сум, хоёр хороонд “Нэг цонхны үйлчилгээний төв” байгуулагдан ажиллаж байна.  

Төрийн олон үйлчилгээг нэг дороос шуурхай авах боломжийг олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Швейцарийн Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Төрийн үйлчилгээг нэг цэгээс шуурхай авах боломж бүрдсэн ч гэсэн бидэнд хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий. Тухайлбал төрийн олон үйлчилгээг нэг дороос шуурхай чирэгдэлгүй хүргэхтэй холбогдон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологийг өргөн ашиглах, мэдээллийн нууцлалыг хадгалсан нэгдсэн сүлжээ бий болгох, алслагдсан нутгийн иргэдэд үйлчилгээг ойртуулах зэрэг асуудал шийдлээ хүлээх боллоо.  Эдгээрийг шийдвэрлэхэд төрийн үйлчилгээг иргэдэд үр дүнтэй хүргэх ажлыг хариуцан Төр-иргэдийг холбох гүүр болон ажиллаж буй Та бүхний санал, санаачилга чухал нөлөө үзүүлнэ. Тиймээс асуудлын талаар байр сууриа чөлөөтэй илэрхийлж, шийдвэрлэх арга замыг олно гэдэгт итгэж байна.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
 
Засгийн газрын хэвлэл, мэдээллийн алба
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж