Ерөнхийлөгчийн санаачилсан ХЭЧТХ-ийн төсөл

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн санаачилсан ХЭЧТХ-ийн төсөл

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг /1998 онд баталсан/ өөрчлөхөөр Засгийн газар болон Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл боловсруулаад байгаа билээ. Засгийн газрыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан төслөө өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан бол Ерөнхийлөгч ойрын хугацаанд дараах хуулийн төслийг УИХ-д өргөн барих аж. Энэхүү хуулийн төслийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН САНААЧЛАН БОЛОВСРУУЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ  

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны …дугаар сарын …-ны  өдөр                              Улаанбаатар хот

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.   
 
2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж

2.1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж олон нийтэд зориулж мэдээлэл  тогтмол  түгээдэг хэвлэл, радио, телевиз, цахим хэвлэлийг;

3.1.2. “хэвлэл мэдээллийн байгууллага” гэж мэдээлэл хайх, цуглуулах, хүлээн авах, боловсруулах, нийтлэх, нэвтрүүлэх,  түгээх үйл ажиллагаа эрхэлдэг  хуулийн этгээдийг;

3.1.3.  ”мэдээллийн нууц эх сурвалж” гэж нэрээ нууцлахыг хүссэн мэдээлэгчийг  илчилж болох  түүний нэр, хаяг, эрхэлж буй ажил, мэргэжил, гэр бүлийн байдал, уулзсан байр, хугацаа, захидал, төлбөрийн нэхэмжлэл болон бусад мэдээллийг;

3.1.4. “хэвлэл мэдээллийн байгууллагын редакц” гэж хэвлэл мэдээллийн байгууллагын олон нийтэд түгээх мэдээллийн бодлого, агуулгыг тодорхойлж буй этгээдийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хэвлэл мэдээллийн чөлөөт, хараат бус байдлын баталгаа

4 дүгээр зүйл. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах

4.1. Монгол Улсын иргэн бүр үндэс, угсаа, хэл,соёл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн чиг баримжаа, ял шийтгүүлсэн байдлыг үл харгалзан хараат бусаар үзэл бодлоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх, түгээх, хуульд заасан журмын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулах,   эрхлэх эрхтэй.

4.2. Төрийн байгууллага, албан тушаалтан аливаа иргэнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлсэнтэй нь холбогдуулан  аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлэх, хариуцлага хүлээлгэхийг  хориглоно.

5 дугаар зүйл. Төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах

5.1. Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомжийг батлан мөрдөхийг  хориглоно.

5.2. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур төрийн байгууллага, албан тушаалтан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан захиргааны акт гаргах буюу үйлдэл, эс үйлдэл хийхийг хориглоно.

5.3. Төрийн байгууллага, албан тушаалтан сэтгүүл зүйн үйл ажиллагааны явцад хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт шалгалт хийх, агуулгыг хянах /цензур/, мэдээлэл түгээхэд саад учруулах, мэдээлэл түгээсэнтэй нь холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, зогсоох, аливаа хэлбэрээр хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

5.4.
Хуулиар нууцад хамааруулснаас бусад тохиолдолд мэдээ, мэдээллийн хүрээг хязгаарлахыг хориглоно.

5.5. Төрийн байгууллага, албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээсэнтэй холбогдуулан иргэн, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд оролцогчид энэ хуульд зааснаас бусад хариуцлага хүлээлгэхийг хориглоно.

5.6. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах чиг үүрэгтэй байгууллага,
албан тушаал бий болгох, санхүүжүүлэхийг хориглоно.

6 дугаар зүйл. Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглох

6.1. Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд өөрийн эзэмшилд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.

6.2. Төрийн байгууллага зөвхөн дараах   хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлж  болно:
 
6.2.1. Хууль тогтоомж, эрх зүйн акт, түүнтэй холбоотой лавлагаа, тайлбар, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлах зорилгоор эмхтгэл, товхимол гаргах,цахим хэвлэл эрхлэх;

6.2.2. Монгол Улсын тухай мэдээллийг гадаад улсад түгээх үйл ажиллагаа эрхэлдэг мэдээллийн хэрэгсэлтэй байж болно. Үүнтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

7 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал

7.1. Хэвлэл мэдээллийн байгууллага нь  мэдээ, мэдээллийг хайх, хүлээн авах, шалгах, боловсруулах, эвлүүлэх, нийтлэх, нэвтрүүлэх, хадгалах, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хараат бусаар, чөлөөтэй эрхэлнэ.  

7.2.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас бусад тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох, хэвлэл мэдээллийн байгууллагыг татан буулгахыг хориглоно.

7.3. Хууль бусаар мэдээлэл олж авснаас бусад тохиолдолд тухайн мэдээлэл нь бусдад гэм хор учруулсан гэх үндэслэлээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.

8 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн бие даасан, хараат бус байдал

8.1. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нарын ашиг сонирхлоос хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулна.

8.2.
Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нь редакцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно. 

8.3. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн эрхлэгч нь үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчтэй хараат бус байдлыг хангах талаар гэрээ байгуулна.

8.4. Нийтлэл, нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгч тухайн нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад нөлөөлөхийг хориглоно.  

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МЭДЭЭЛЛИЙН НУУЦ ЭХ СУРВАЛЖИЙГ ХАМГААЛАХ

9 дүгээр зүйл.  Зохиогч, мэдээллийн эх сурвалжийн нууцлал

9.1. Хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд оролцогч дараах тохиолдолд олж авсан мэдээллийнхээ эх сурвалжийг илчлэхгүй байх үүрэгтэй эрхтэй:

9.1.1. мэдээлэл авсан тухайгаа задруулахгүй байхаар мэдээлэгчтэй  харилцан тохиролцсон;

9.1.2. мэдээллийн эх сурвалжийг задруулах нь бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил, орлогод хохирол учруулж болзошгүй гэж хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд оролцогч  үзсэн.

9.2 Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний редакц, сэтгүүлч болон бусад ажилтнууд  мэдээллийн нууц эх сурвалжийг задруулахгүй байх үүрэгтэй.

9.3. Мэдээллийн нууц эх сурвалж зөвшөөрснөөс бусад тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын редакц, сэтгүүлч, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд оролцогч этгээд нь нийтлэл, нэвтрүүлгийн зохиогчоос мэдээллийн эх сурвалжаа илчлэх, мэдээлэл олж авсан арга, хэлбэрээ тайлбарлахыг шаардах, мэдээллийн эх сурвалжаа илчлэхээс татгалзсантай холбогдуулан аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэх,  хариуцлага хүлээлгэхийг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДАЛ, ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА

 
11 дүгээр зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал

11.1. Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч болон тэдгээрийн эзэмшиж буй  хувь хэмжээний талаарх мэдээллийг жил бүр, түүнчлэн өөрчлөлт орсон тохиолдол бүрт хэвлэл мэдээллийн хэрэгслээр, эсхүл цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.

11.2. Хэвлэл мэдээллийн байгууллага иргэн, хуулийн этгээдийн захиалгаар төлбөртэй  нийтлэл, нэвтрүүлэг  түгээх бол ялгах тэмдэглэгээ хэрэглэнэ.

11.3.  Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийг нийтэлж, нэвтрүүлээгүйн төлөө бусдаас төлбөр авахыг хориглоно.

12  дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх хариуцлага

12.1. Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг баталж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

12.2. Зар сурталчилгаа болон сонгуулийн сурталчилгаанаас бусад өөрийн түгээсэн мэдээлэлтэй холбогдон үүссэн хариуцлагыг хэвлэл мэдээллийн байгууллага хүлээнэ.

12.3. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс бусад арга хэрэгсэлээр түгээсэн мэдээлэлтэй холбогдон  үүссэн   хариуцлагыг зохиогч хүлээнэ.

13 дугаар зүйл. Хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйл

13.1. Хэвлэл мэдээллийн байгууллага нь төрийн эсрэг гэмт хэрэгт олон нийтийг уриалах, хүчирхийлэл, садар самууныг сурталчилах, оюуны өмчийн эрхийг зөрчих, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг задруулах, хувь хүн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэрэг  хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

14 дүгээр зүйл. Иргэн, хуулийн этгээд гомдол гаргах

14.1. Иргэн, хуулийн этгээд хэвлэл мэдээллийн байгууллага, түүний сэтгүүлч, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд оролцогч бусад этгээдийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад, Хэвлэл мэдээллийн зохицуулах зөвлөлд гаргаж болно.

14.2. Энэ хуулийн 14.1-д заасны дагуу гомдол гаргасан нь иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй.

15 дугаар зүйл. Хэвлэл, мэдээллийн байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх

15.1. Энэ хуулийн 14.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хэвлэл мэдээллийн байгууллага, өөрийн байгууллагад мөрдөж буй зохих дүрэм, журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

15.2. Хэвлэл мэдээллийн байгууллага гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл  залруулга, уучлал нийтлэх болон бусад хэлбэрээр  гомдлыг барагдуулна.
     
15.3. Хэвлэл мэдээллийн байгууллага ирүүлсэн гомдлыг энэ хуулийн 16 дугаар  зүйлд заасан Хэвлэл мэдээллийн зохицуулах зөвлөлд шилжүүлж болно.

16 дугаар зүйл. Хэвлэл, мэдээллийн зохицуулах зөвлөл  

16.1. Хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг хангах, түүний үйл ажиллагаатай холбогдсон өргөдөл, гомдлыг хянан шйидвэрлэх, зохицуулах чиг үүрэг бүхий Хэвлэл мэдээллийн зохицуулах зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-тэй байна.

16.2. Зөвлөл нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, сэтгүүлч, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд,   олон нийтийн төлөөллөөс  бүрдэнэ.
 
16.3.
Зөвлөлийн гишүүнийг сонгохдоо төрийн байгууллага, албан тушаалтан  болон улс төрөөс хараат бус байдал, мэргэжил, ёс зүй, нэр хүндийг нь харгалзан үзнэ.
                  
16.4. Зөвлөлийн гишүүдийг сонгох үйл явц нь олон нийтэд нээлттэй, ил тод байна.

16.5. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь гишүүдийн хурал байна.

16.6. Зөвлөлийн дүрэм, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх,сонгох журам, хурлын дэг, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журам, санхүүжилтийн журмыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэн батална.

16.7. Зөвлөлийг хэвлэл мэдээллийн чиглэлээр нь төрөлжүүлэн  байгуулж болно.

17 дугаар зүйл.  Зөвлөлийн бүрэн эрх
 

17.1. Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1. Хэвлэл мэдээллийн салбарт мөрдөх нийтлэг ёс зүйн дүрэм, хэм хэмжээ тогтоох;

17.1.2. Энэ хуулийн 14.1-д заасны дагуу хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой  гарсан гомдлыг  хянан хэлэлцэх, дүгнэлт гаргах, эвлэрүүлэх;

17.1.3. хэвлэл мэдээллийн байгууллагад залруулга, уучлал нийтлэх болон бусад хэлбэрээр гомдлыг барагдуулах үүрэг хүлээлгэх.

18 дүгээр зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагын талаар гарсан гомдлыг хянан  шийдвэрлэх

18.1. Иргэн, хуулийн этгээд хэвлэл мэдээллийн байгууллага нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал мэдээлэл нийтлэгдсэн гэж үзвэл Зөвлөлд гомдол гаргах эрхтэй.

18.2. Зөвлөл энэ хуулийн 18.1-т заасан гомдлыг 30 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ.

18.3. Зөвлөлийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл  гомдол гаргагч шүүхэд хандах эрхтэй.

19 дүгээр зүйл. Зөвлөлийн санхүүжилт

19.1. Зөвлөлийн үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

19.1.1. Хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламж;

19.1.2. Олон улсын байгууллагын хандив, тусламж, санхүүжилт; 

19.1.3.  Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

19.2. Зөвлөл нь төрийн байгууллага, албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улс төрийн намаас  хандив, тусламж авахыг хориглоно.

      ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

20 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

20.1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараахь шийтгэл ногдуулна:

20.1.1. Хэвлэл мэдээллээр үзэл бодлоо илэрхийлсэнтэй нь xолбогдуулан  иргэнийг аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил гаргасан албан тушаалтанд 300,000-1,000,000 хүртэл төгрөгийн  торгууль ногдуулна.

20.1.2 Энэ хуулийн 5.2 д заасан хуульд зааснаас бусад үндэслэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоосон бол зөрчил гаргасан албан тушаалтанд 300,000-1,000,000 хүртэл төгрөгийн  торгууль ногдуулна.

20.1.3 Энэ хуулийн 5.3 д заасан төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг түгээхийн өмнө хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт шалгалт хийх, агуулгад цензур, хяналт  тавих, мэдээлэл түгээхэд саад учруулах, мэдээлэл түгээсэнтэй нь холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, зогсоох, аливаа хэлбэрээр хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон бол зөрчил гаргасан албан тушаалтанд 300,000-1,000,000 хүртэл төгрөгийн  торгууль ногдуулна.

20.1.4  Энэ хуулийн 5.6-д заасан төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтан бий болгох, санхүүжүүлсэн бол тухайн шийдвэрийг хүчингүй болгож, зөрчил гаргасан албан тушаалтанд 300,000-1,000,000 хүртэл төгрөгийн  торгууль ногдуулна.

20.1.5  Энэ хуулийн  6.1-д заасан төрийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд өөрийн харьяанд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байгуулвал татан буулгаж шийдвэр зөрчил гаргасан албан тушаалтанд 300,000-1000,000 хүртэл төгрөгийн  торгууль ногдуулна.

20.1.6 
Энэ хуулийн  10.5- д заасан хэвлэл мэдээллийн байгууллагын  үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигчид редакцын  үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон бол зөрчил гаргасан иргэнд 300,000-1,000,000 хүртэл төгрөгийн,  хуулийн этгээдэд 1,000,000-3,000,000 хүртэл торгууль ногдуулна.

20.1.7 Энэ хуулийн 10.6-д заасан нийтлэл, нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгч тухайн нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад нөлөөлсөн эсхүл нөлөөлөхийг оролдсон бол зөрчил гаргасан иргэнд 300000-1000000 хүртэл төгрөгийн,  хуулийн этгээдэд 1,000,000-3,000,000 хүртэл торгууль ногдуулна.

20.1.8 Мэдээллийн эх сурвалжаа хуулинд заасан үндэслэлээс бусад тохиолдолд илчлэхийг шаардсан бол зөрчил гаргасан албан тушаалтанд 300000-1000000 хүртэл төгрөгийн, хуулийн этгээдэд 1,000,000-3,000,000 хүртэл торгууль ногдуулна.

20.1.9
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч,хувь эзэмшигчийн талаарх мэдээллийг жил бүр болон өөрчлөлт орсон тохиолдол бүрт олон нийтэд мэдээлээгүй бол зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагыг хуулийн этгээдэд 1,000,000-3,000,000 хүртэл торгууль ногдуулна.

20.1.10 Энэ хуулийн 20.1.1-20.1.5 заалтыг албан тушаалтан удаа дараа үйлдсэн бол хэвлэл мэдээллийн байгууллагын гомдлоор албан тушаалаас хална.

21 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

21.1. Энэ хуулийг ….. оны … -р  сарын ….-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж