Ардчиллын өдрүүдийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Ардчиллын өдрүүдийг тэмдэглэнэ

Арванхоёрдугаар сар  Ардчилсан намынхны хувьд хоёр ч томоохон үйл явдлыг дурсч, тэмдэглэх учиртай сар. Одоогоос 11 жилийн тэртээ 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд улстөрийн таван хүчин нэгдэж, өнөөгийн Ардчилсан намыг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Залуучуудын соёлын төвийн өмнө ардчиллыг хүсэмжилсэн залуучуудын цуглаан болж, улмаар энэхүү үйл ажиллагаа жилийн дараа 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар өргөжиж ардчилсан нийгмийг байгуулсан түүхтэй. Энэхүү түүхт өдрийг ч тус намынхан маргаашнаас эхлэн өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Тодруулбал, маргааш 18.00 цагт Ардчилсан хувьсгалын ойн баярт зориулсан Цэнхэр хивсний ёслолын арга хэмжээ Соёлын төв өргөөнөө болохоор төлөвлөгджээ. Тус арга хэмжээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар үг хэлэх аж. Дараа нь урлагийн тоглолт болох юм.  Харин маргааш өдөр нь буюу арванхоёрдугаар сарын 7-нд “Ардчилсан хувьсгал ба ардчиллын түүх” сэдвийн дор номын баяр хийхээр болжээ. Арванхоёрдугаар сарын 8-нд “SHUFFLE-PARTY”, 9-нд “Монгол хүн-2020 Улаанбаатар” хэлэлцүүлгийг Яармаг дахь спорт цогцолборт хийнэ. Мөн энэ үеэр урлагийнхан ая дуугаа өргөх юм. Түүнд “Лемонс”, “Нюанс”, “Мотив”, “Харанга”, “Sweetymotion” зэрэг хамтлагуудаас гадна Морин хуурын чуулга, дуучин Ж.Алтанцэцэг, Г.Эрдэнэтунгалаг, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар ая дуугаа өргөхөөр болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж