”Биднээр хэргээ хүлээлгэх бол “Гонжийнжоо” гэж хэлнэ”

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

”Биднээр хэргээ хүлээлгэх бол “Гонжийнжоо” гэж хэлнэ”

УИХ-ын гишүүн З.Алтайг “Ярилцах танхим”-даа урилаа.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд өндөр  торгууль ног­дуу­лахаар ярьж байгаа. Уг нь ажлын хэсэг дээр багасгах талаар ярилцсан гэсэн. Гэтэл торгуулийн хэмжээ өөрчлөгдөөгүй л байх юм?

-Сэтгүүлч хүн нийгмийн өмнө том хариуцлага хүлээдэг. Хүн гүтгэж, буруу, ташаа мэдээлэл гаргавал Эрүүгийн болон Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх заалттай. Хариуцлагын тухай заалт байсаар байтал Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тор­гуулийн талаар заавал оруу­лах шаардлага байсан юм уу гэдэгт асуудал байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийнхэнд “Хэвлэл мэдээллийн байгууллага, сэт­гүүлчдийг яллахаа багасгаач. Торгуулийн хэмжээ өндөр байна. Хамгийн гол нь улс төрийн хүчин, нэр дэвшигчид өөрсдөө ёс зүйтэй байвал ямар ч асуудал гарахгүй. Хэв­лэлийнхэн хүнийг гүтгэж гүжирдээд байдаг юм биш” гэх утгатай санал тавьсан шүү дээ. Ерөнхийлөгчөөс авахуулаад са­нал гаргаад байхад “Тэр хамаагүй. Өндөр торгуультай байх ёстой. Болохгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаачихъя” гэж дуугарч буй нь ардчилсан нийгэмд ярьж болохгүй асуудлын нэг. Энэ үйлдлийнхээ цаана хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарамталж, айлгая гэж боддог юм уу, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө харц зангаар бичүүлдэг болгох санаа яваад байгаа юм уу. Энэ бол дарангуйлагчдын шинж. Ямартай ч байж боломгүй асуудал. Ядаж хоёр, гурван саяын торгууль болгож бууруулах талаар ярилцахад ажлын хэсэг дээр дэмжиж байсан. Тэгж ярьж байснаа дараа нь хасчихаж байгаа байхгүй юу.

-Та энэхүү торгуулийг нэлээд эсэргүүцэж байгаа. Харин тантай санал нийлж буй гишүүд байна уу?

-Байхгүй л байна шүү дээ. Улстөрчид өөрсдөө хамгийн бузар булай зүйлийг хийдэг. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэн өрсөлдөгчөө эрлийз, хурлийзаар нь дуудан сурталчилгаа хийж байсан гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Ерөнхийлөгч, төрийн түшээ болохоор өрсөлдөж буй хүн гүтгэлэг хийж байсан. Яах аргагүй үнэн шүү дээ. Гэтэл одоо “Бид хийдэггүй юм аа” гэж байдаг. Худал гүтгэлэг, бузар нэвтрүүлгийг хүнээр захиалж хийлгэн хэвлэлийнхнээр гаргуулчихаад өөрөө цаана нь нуугдаж, биднээр хэргээ хүлээлгэх гэж байгаа бол “гонжийнжоо” гэж хэлмээр байна.    

-Тэгвэл УИХ-ын гишүүдийн хэн нь хаана, юу хэлсэн, хэнийг гүтгэсэн гэдгийг нь бүгдийг ил болгочихвол яасан юм бэ?

-“Наад улсуудынхаа бузар булайг дэлгэ” гэж уриалж болохгүй байх. Ёс зүйн хувьд ч болохгүй. Ер нь хэн нь хэн бэ гэдгийг зөвхөн хэвлэлийнхэн бус Монголын ард түмэн мэддэг.

-Шинэчилсэн найруулгын төсөлд хэвлэл мэдээллийн бай­гууллага зөвхөн нэр дэвшигч болон улс төрийн хүчин, эвсэлтэй гэрээ байгуулж 21 хоногийн хугацаанд гэрээнийхээ дагуу хамтарч ажиллах тухай заасан байх аа?

-Энэ нөхдүүд чинь биднийг аль болох яланд унагах оролдлого хийж байна. “Болохгүй бол хаасан ч яах вэ” гэсэн яриа гарч байх жишээтэй. “Михайлд бодол бий” гэдэг шиг бид бас өөрсдөө сонор сэрэмжтэй, муу санаатай байх ёстой. Улс төрийн хүчин, нэр дэвшигчтэй сонин, хэвлэл гэрээ байгуулна. Тэгэхээр гэрээ байгуулсан хүндээ “Та өгсөн материалынхаа үнэн бодит байдлыг хангаж, хуулийн өмнө хариуцлага хүлээнэ шүү” гэдгийг нь хэлэх хэрэгтэй. Тэднийг эргээд бухах аргагүй болтол нь бид өөрсдийгөө хамгаалалтад оруулах хэрэгтэй. Бид өмнө нь мөнгө төлж, телевизийн цаг, сонины зай талбайг авсан бол л гаргадаг байсан. Харин одоо сэтгүүлч нар минь ээ, цаадуул чинь яахаас ч буцахгүй болчихсон байна шүү. Гэхдээ бид хүний өгсөн юм болгоныг гаргаж болохгүй байх. Алийг нь гаргах вэ, алийг нь гаргаж болохгүй вэ гэдгийг харчихад гэмгүй. Нөгөөтэйгүүр, хэн нэгний мөнгө идэж, уусныг нь сонгуулийн 21 хоногийн хугацаанд шалгаж, нотолж, болно, болохгүй гэдгийг нь сэтгүүлчид шийдэх боломжгүй. Ингэж шалгаж, тогтоох байгууллага нь ч бид биш. Нэр дэвшигч юм уу хэн нэгний өгсөн төлбөртэй материалаар бол “алтан цээжтэй, мөнгөн бөгстэй” мэтээр магтан дуулахаас өөр аргагүй болж байгаа юм. Тэгэхгүй бол бид шорон руу явахаар байна. Нэгэнт хууль батлагдвал яах ч аргагүй болно гэсэн үг.

-Ирэх сонгуулийг холимог тогтолцоо буюу 48:28-аар явуу­лахаар санал нэгдсэн. Тэгтэл Үндсэн хуулийн Цэцэд очиж, унахаар байгаа шүү дээ?

-Үнэхээр хүний толгой эргүүлсэн зүйл болж байна. Пропорциональ гээд байгаа 28 нь намын нэрээр гарах юм. Энэ 28-д “Чамайг яг сонгож харагдаач” гэсэн нөхдүүд сонгогдож чадахгүй болохоор намын далбаан дор УИХ-ын гишүүн болох сонирхолтой байна. Хэрэв “Шинэчилсэн найруулгын төслийг батлачихвал Үндсэн хуулийн Цэцэд хандана” гээд анаж байгаа хүмүүс бий. Үндсэн хууль зөрчсөн асуудал гарч, маргаан үүсгэх байх. Харин үүнийг яаж шийдэх гээд байгаа юм бол гэдгийг нь ойлгохгүй байна.

-Маргаан үүсгэсээр байтал хууль батлах хугацаа нь болж хуучин тогтолцоогоор явах вий гэсэн хардлага үүсэж байна?

-Би бас тэгэх болов уу гэж бодож байна. Найз нар жаахан сонгуулийн шоу тоглолт хийчихэв үү. Иргэн Лхамжав Үндсэн хуулийн Цэцэд хандангуут “Уг нь бид Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах гэсэн юм. Гэтэл даанч Үндсэн хууль зөрчиж, цаг хугацааны хувьд тайлбар хийх аргагүй болчихлоо. Одоо мөрдөж буй тогтолцоогоороо л явуулахаас даа” гэх байх. Ингээд өмчилсөн тойрогтоо эзэн сууж сонгогдох нь хамаагүй амар биз дээ. Парламентад суудалгүй нам, иргэний хөдөлгөөнүүд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан “Морьд эргэх юм бол гарааны ижил нөхцөлөөс эхэлье” гэдэг санал гаргасан. Тэд мөн “Та нар бүх зүйлээ хийчихсэн. Нэг үгээр хэлбэл, цус холилдсон эрлийз морьнууд. Гэтэл бид 21 хоногийн хугацаанд яаж өөрсдийгөө танилцуулж гарч ирэх юм бэ. Даага давхиад, давхиад яаж гүйцэх вэ” гэсэн. Ингэж гарааныхаа нөхцөлийг ижил болгооч хэмээх саналыг нь зөв гэж бодож байгаа. Нөгөө талаар Сонгуулийн ерөнхий хороонд нам хамгаалсан хүмүүс л ажиллаж байгаа учир сонгууль шударга болно гэх итгэл алга. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороонд парламентад суудалгүй нам болон иргэний хөдөлгөөн, иргэдийн төлөөллийг ажиллуулах ёстой юм.

-Иргэний хөдөлгөөнүүд таниар дамжуулж, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа хүргүүлсэн. Тэдний саналаас хүлээж авсан санал бий юү?

-Зарчмын 10-аад санал дээр нэгдсэн.  Ямартай ч тэдний дуу хоо­лойг сонсож, саналыг нь хүлээн авч байна гэдэг том дэвшил. Тэд “Сонгуулийн ерөнхий хорооны хяналтын систем, морьд эргэх га­рааны тэгш нөхцөл, УИХ-ын гишүүд нь ч учраа олохгүй байгаа 48:28 хувилбар зэрэг толгой эргүүлсэн сонгуулийн системээр явуулсан нь дээр үү. Харин үүний оронд хамгийн олон санал авсан 76 гишүүнийг гаргачихъя” гэсэн санал тавьсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нэг тойрог байх юм. Минийхээр энэ бол хамгийн энгийн, зөв хувилбар юм болов уу. Ийм санал гаргаад байхад “Үгүй ээ” гэж зүтгээд байх юм. Хүлээж авахгүй байгаагийн цаана парламентад чөтгөр болтлоо суух гэсэн хүмүүсийн далд санаа байна гэж хардаад байгаа.

-Нэг тойрогтой байх талаар ажлын хэсгийн түвшинд ярилцсан гэж байсан шүү дээ?

-Авах сонирхол байхгүй байгаагийн илрэл. УИХ-ын гишүүн Д.Лүн­дээжанцан, Ж.Сүхбаатар, С.Оюун нарын өргөн мэдүүлсэн Сон­гуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд томсгосон тойрогтой байх талаар тусгасан юм. Өөрийнх нь намын хүмүүс хуулийн төсөл боловсруулсан байхад огт дурсахгүйгээр өөр хувилбар гаргаж ирнэ гэдэг намуудад анхны хувилбар нь ашиггүй л байсан байхгүй юу. Ер нь манай нам яаж ялах вэ гэж бодохоос биш төр хэрхэн тунгалаг, цэвэр байх тухай дурсах ч үгүй байна.

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга архи, согтууруулах ундаа үйлд­вэрлэгч, мансууруулах бодис бо­ловсруулагч, зуучлагчдыг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах тухай хуулийн төслийг хоёр дахь удаагаа өргөн барьсан. Таны хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Х.Баттулга сайдын санаачилсан асуудлыг байж болохгүй гэж бодож байна. Үндсэн хуульд насанд хүрсэн иргэн сонгогдох, сонгох эрхтэй. Тухайн хүн юу хийдэг байснаас нь хамаараад УИХ-д нэр дэвших эрхийг нь хязгаарлаж болохгүй байх. Миний бодлоор энэ хуулийн төсөл томоохон олигархиудын хоорондын тэмцэл болов уу.

-Ерөнхийлөгч Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төс­лийг санаачилсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны боловс­руулснаар Засгийн газар хуулийн төсөл санаачилсан. Эдгээр хуулийн төслийг та харсан уу?

-Ерөнхийлөгчөөс өргөн мэ­дүүлсэн хуулийн төсөл гайгүй юм билээ. Хуучин Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд “Тухайн нийтэлж, нэвтрүүлсэн мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийн бодлогын үнэн бодит байдлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцна” гэсэн заалт байсан юм. Энэ заалтын дагуу сэтгүүлчид шорон руу явсан тохиолдол бий. Тиймээс “Нийтэлж, нэвтрүүлж буй мэдээллийн үнэн бодит байдлыг тухайн хуулийн субьект хариуцъя” гэдэг саналыг гаргасан. Харин хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдийн бэлтгэсэн материалынхаа хариуцлагыг хүлээнэ. Түүнээс биш хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээх нь утгагүй.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийн цаад эздийг ил болгох тухай заалт бий. Ингэснээр чөлөөт хэвлэл жинхэнэ утгаараа хөгжих эхлэл тавигдах байх. Тийм үү?

-Хэвлэл мэдээллийн бай­гууллагыг мөнгөтэй, мөнгөгүй, улстөрч, бизнесмэн хэн ч байгуулж болно. Гэхдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагыг улстөрчид гартаа авах нь ихэслээ. Энэ салбар ашигтайдаа улстөрчид ороод байгаа юм биш. Харин чөлөөт хэвлэлийг атгачихъя гэсэн санаатай байгаа хэрэг. Ингэснээр өөрийнхөө, бүлэглэлийнхээ, намынхаа дархлааг бий болгох гэсэн л арга юм.

-Тэгвэл таныхаар Монголд өнөөдөр чөлөөт хэвлэл байна уу?

-Байхгүй гэж хэлнэ. Цаад эзэн нь хэдэн олигархиуд л байна. Санхүүгийн хувьд хөл дээрээ зогсож чадаагүй телевиз, сонин хэн нэгний хараат болоход бэлэн байдаг. Энэ бол засгийн бодлогын буруу. Уг нь лицензийг хамаагүй тарааж болохгүй баймаар. Гэтэл агентлагийн дарга өөрийн хүссэнээрээ тараагаад л сууж байна.  

-Өнгөрсөн 2008 оны до­лоодугаар сарын 1-ний үймээний дараа телевизүүдийг хаасан. Гэтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд онц байдал зарласан үед хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах тухай заасан байсан?

-Онц  байдал гэдэг бол онц л бай­дал. Үүнийг зөвхөн жагсаал цуглаан гэж ойлгож болохгүй. Ерөнхийлөгч онц байдал зарласан тохиолдолд хэнбугай нь ч гэсэн хуульд захирагдах ёстой. Тэгэхгүйгээр “Бид чөлөөт хэвлэл учир юу ч гэж дуугарна” гэвэл улс жолоодлогогүй болно.

-Таныг Иргэний Зориг намтай нэгдэж, сонгуульд оролцоно гэх юм. Энэ үнэн үү?

-Би энэ намын гишүүн биш. Харин дэмжигч. Хэсэг гишүүнтэй нийлж, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Уг хуулийн төсөлд нам дагаж албан тушаалтай болдог, хатуу гишүүнчлэлийг хориглох тухай тусгасан. Хатуу гишүүнчлэлийн оронд хэн зөв ярьж байгааг нь дэмждэг байх нь чухал юм. Ийм хуулийн төсөл өргөн барьчихаад өөрөө нам руу гүйгээд орвол хачин юм болно биз дээ. Хэрэв Иргэний Зориг нам дөрвөн жилийн хугацаанд хамтарч ажиллах урилга надад өгвөл би орно. Арай гайгүй цэвэр явж байгаа нь Иргэний Зориг нам л байна.

-Ярилцсанд баярлалаа.   

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж