Онги нутгийн өвөл

2011 оны 12 сарын 14

Сэтгүүлч:
Дундговь
Хэдэн жилийн өмнө ширгэж тасраад хуурай сайр төдий болсон Онги гол   хоёр зун дараалан эргээ халин үерлээд  Сайхан-Овоогийхон  “Гол ирлээ, гол ирлээ” хэмээн баярлалдаж билээ. Энэ нутгийн хүү, Гольдманы шагналт Цэцгээгийн Мөнхбаяр  Дундговь аймгийн ИТХ-д  гурав дараалан сонгогдож хэд хэдэн сонгууль дамжин сумынхаа ИТХ-ыг даргалж байснаа нэг л өдөр “Онги гол” гэсэн хөдөлгөөн байгуулаад гарч өгсөн. Түүний тэмцлийн үр дүн ч гарсан уу, байгаль эх хишиг буянаа хайрлах үе ч таарсан уу, Онгийн гол энэ нутгийнхны “Нарыг гаргаж”  зундаа эргээ  дүүрэн оволзож өвөлдөө толин цэнхэр мөсөө  гялтагануулан байх ажээ. 

Сайхан-Овоо сум нь аймагтаа аялал жуулчлалын нэг төв болоод байгаа. Аялал жуулчлал хөгжүүлж болох газар гэдгийг бүхнээс түрүүлэн харж  анхны жуулчны бааз байгуулсан хүн нь өдгөө тус сумын Засаг даргаар ажиллаж байгаа С.Амарсанаа юм. Түүнд бизнес сэтгэлгээ, билгийн хараа байснаас араас нь хэд хэдэн жуулчны бааз байгуулагдчихсан. “Цагаан-Овоо” “Онги тур” “Мөнх хаан” “Сайхан-Овоо”  гээд энд тав зургаан бааз Онги голын эрэг хөвөө, Хийдийн үзэсгэлэнт уулыг түшиглэн эгнэсэн бий. Хоёр зуу гаруй жилийн өмнө их номч, шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Брагри Ёнзон хамба Дамцагдоржийн байгуулсан хийдүүд нь “Онгийн гурван хийд” нэртэй бурхан номын том төв байсан гэдэг. Брагри Ёнзон хамбын дөрөв дэх дүр нь Сайхан-Овоогийн хил залгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас өнгөрсөн зун тодорсон билээ. Үйтүмэнгийн  есөн настай хүү Мөнхсүх одоо Энэтхэгийн Сэра хийдэд Далай ламын сахил хүртээн хайрласан Дэнзэн Жамьян Лодой нэртэйгээр бурхны шашны номд боловсорч буй. Тэрхүү гэгээнтнийг олон жил сурч шашны номд болосроод ирэхэд  түүний удирдах хийд энэхүү Хийдийн уулнаа эртний уран барилгын өв уламжлал, одоогийн ололт шийдлийн хослолыг гайхуулан баригдсан байх ажээ. Тэгэхлээр энд аялал жуулчлалын төдийгүй Монголын бурхны шашны томоохон төв, дэг сургууль энд бий болох ирээдүйтэй.
   
Хийдийн уул цасан хучлагаа нөмөрчээ. Эндхийн сонин тогтоцтой уулыг Шашир гэж нэрлэнэ. Өндөр хэргэмтэй лам нар ном хаялцах зэрэг элдэв ёслолд өмсдөг нэгэн төрлийн малгайг шашир гэдэг.  Тэгвэл энэ уулыг ажиглан харваас эгээ л шашир малгай гэхээс аргагүй адилхан. Өгөөж баян нутаг Хийдийн уулын бэлийг Онгийн гол эмжин урсана. Эндээс улс аймгийн алдар цолтой малчин олон төрсөн. Одоо ч мал сүргээ мянга хүргэж тоолуулсан малчин энд цөөнгүй. Харин өнгөрөгч Луу жилийн зуд Сайхан-Овоочуудад тун хүнд тусчээ. Мал сүрийнхээ жар гаруй хувийг тэр гамшигт зудад “Тавиад туучихсан” ч өнгөрсөн хавар төл сайн авсан, хохирлынхоо зарим хэсгийг нөхчихөж байгааг уулзсан малчид өгүүлж байх юм. Харин тэр зуднаар Хэнтий аймгийн Дархан сум хүрч өвөлжиж хаваржсан Д.Раашбудынх гэхэд малын хохирол амсалгүй онд оруулчихаад  цаг дэлгэрэнгүүт нутгаа зорин нүүдэллэсээр мянга гаран малынхаа майлаа шуугиантай ирж байхад нь уулзаж билээ.

“Сайхан нутагт өнтэй орлоо. Манай өвөлжсөн Уртын голд цас орлоо ч ургамал нь өндөр юм. Тэндхийн өндөр бор өвс ч малыг  уяж өгөх юмаа. Тэр нутгийн хүмүүс сайхан сэтгэлтэй, тусархуу, нүүдэлчдэд элэгтэй ханддаг нь нутаг орноосоо хол яваа бидний сэтгэлд тун сайхан санагдлаа” гэж Д.Раашбуд ярьж байсан. Энэ жил эднийхэн нутагтаа налгар сайхан өвөлжиж байна.
   
Сайхан-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Өлзийттэй уулзаж ярилцлаа.

-За сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан өвөлжиж байнаа. Тэр голыг хар. Хүүхдүүд тэшүүрээр өдөржин гулгаж бужигнаад л. Гол ирсэн жил манайхан чинь өвөл зунгүй баяртай байдаг юм. Голоо харан баясч голынхоо усны их багаар, үерлэж цалгилж, аашилж авирлаж байгаагаар нь тэнгэр хангайгаа шинждэг улс даа.

-Мал аж ахуйн хувьд ямар байна?

-Мал царигтай, өнгө зүс сайтай байна. Цастай ч өвөлжилтөд одоогоор бнрхшээл хүндрэл учраагүй байна. Малчдын  олонхи нутагтаа, дасч сурсан газраа өнтэй өвөлжиж байна. Тун цөөн айл гадны аймаг, сумын нутагт байгаа. Нүүдэлгүй жил малчиддаа ч, сум орны бидэнд ч хүндрэл бага юм даа. Сургуулийн хүүхдүүд амралтын өдрөө харьж ирээд л, амар юм даа

-“Гол, нууруудын хөдөлгөөн”-ий Мөнхбаяр сум руугаа хэр хандаж байна даа?

-Хандана аа. Жилдээ 3-4 ирнэ шүү. Гэхдээ гол , нуур хамгаалах ажлаараа л явдан. Сумынхаа сургуульд экологийн хичээл оруулдаг юм. Жил бүр сурах бичгийг нь хүргэж  өгөөд буцдаг. Эхний жил Онги голоо хайрлаж хамгаалах талаар экологийн боловсрол олгох тухай хичээл орж байсан. Сурах бичиг нь ч Онгийн голын жишээн дээр бүтээгдсэн юм билээ. Харин өнөө жилийнх нь сурах бичиг арай өргөн хүрээний  экологид зориулагдсан юм билээ. Онги голын дагуух хэд хэдэн аймгийн сургуулиудад энэ хичээл нь ордог гэсэн.  Хүүхэд багачуудад экологийн боловсрол олгохгүйгээр  гол, нуураа хамгаалах тухай яриад  ач холбогдол бага гэж үзсэн хэрэг байхаа. Ер нь алсын хараатай юм хийж байгаа хүн шүү. Түүний тэмцлийн зарим хэлбэрийг шүүмжлэх хүн ч байдаг л даа,

-Аймгийн Засаг дарга Д.Чандмань танай сумын  уугуул хүн. Сум орны хөгжлийн талаар Засаг даргатай сумын удирдлага ярилцдаг л биз дээ?

-Ярилгүй яах вэ. Сүүлийн хорин жилд  манай сумаас Н.Чагнаа, Д.Чандмань гэж хоёр ч хүн аймгаа засаглах хувь тохиолоо. Хоёулаа усны инженер, эрдэм номын улс. Тэгээд ч аймаг удирдаж байгаа хүн аймгийнхаа цар хүрээгээр бодож сэтгэнэ үү гэхээс нэг сумаар явцуурах гүй л дээ. Манай сум хэдэн жилийн өмнө сайхан соёлын төвтэй болсон. Тэнд уулзалт,  өдөрлөг, уралдаан тэмцээн байнга болоод хүмүүс их л урам зоригтой байх юмаа.

Б.Өлзийт дарга бид хоёр ийн ярилцлаа.  Сайхан-Овоо аймгийнхаа хамгийн алслагдсан сум ч гэлээ хөгжлийн ирээдүй харагдаж байна. Ганц мал аж ахуйгаа харах биш аялал жуулчлалын их төв болж эхэллээ. Ирээдүйд шашны дэг сургуулийн том төв болно гэж харж байгаа.

С.ПҮРЭВСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна