“Өмнийн говийн элс”-ийг ОУ-ын шүүхэд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

“Өмнийн говийн элс”-ийг ОУ-ын шүүхэд өгнө гэв

“Саусгоби
Сэндс” компани орон тооны цомхотгол хийж, төсвөө хэмнэх үүднээс гэсэн
шалтгаанаар 12 дугаар сарын 20-ны өдөр 49 ажилтнаа нэгэн зэрэг ажлаас
халсан билээ.  Харин тус компанийн ажилтнууд энэ шийдвэрийг хөдөлмөрийн
хуулийг зөрчсөн, ноцтой үйлдэл хэмээн эсэргүүцэл илэрхийлэн, “Саусгоби
сэндс” ХХК-ийг  шүүхэд өгсөн юм. Компанийн зүгээс ажилтнуудаа хоморголон
халсан нь үйлдвэрчний эвлэл байгуулах болон, цалингаа нэмэгдүүлэх гэсэн
хүсэлт, шаардлагатай нягт улбаатай талаар ажилтнуудын төлөөлөл мэдэгдэж
байсан юм. Харин Монголын үйлдвэрчний холбооноос өнөөдөр энэ асуудалтай
холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Өмнөговь аймгийн Гурван тэс
сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Сэндс” ХХК-ын
ажилтнууд хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхээ хамгаалахаар ҮЭ
байгуулсны төлөө  2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нийт 49 хүнийг
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 заалт буюу орон тооны
цомхотгол үндэслэлээр ажлаас нь халсан ч 2011 оны 12 сарын 26, 30-ны
өдөр дахин Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан
ажилтны санаачлагаар хэмээн хөдөлмөрийн гэрээг цуцлах  тушаал гаргасан
байна. “Саусгоби Сэндс ХХК-ийн дээрх үйлдэл нь Монгол Улсын хуулийг үл
ойшоон, дур зоргоор аашилж буйн тод жишээ юм. Хөдөлмөрчин хүний эрх ашиг
энэ мэт зөрчигдөж байхад  Монгол Улсын Засгийн газар ямар ч арга хэмжээ
авахгүй, таг дуугүй  байсаар байна. Хууль бус үйл ажиллагаагаа явуулж,
Монголын сайхан залуусын хөдөлмөрийг мөлжиж, ар гэрийн амьдралыг нь
дордох байдалд орууллаа” хэмээн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны
тэргүүн С.Ганбаатар мэдэгдсэн юм.

МҮЭ болон ажилтнуудын зүгээс
ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 10-нд “Саусгоби сэндс”-ийн
удирдлагуудтай уулзан, хэлэлцээ хийх мэдэгдэл хүргүүлжээ. Ингээд ирэх
долоо хоногийн баасан гариг гэхэд  ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол Олон
Улсын шүүхэд хандана хэмээн тэд өнөөдөр мэдэгдлээ. Монголын үйлдвэрчний
эвлэл зүй бус үндэслэлээр ажлаасаа халагдсан 49 ажилтныг эргэн ажилд нь
авах, түүний дараа тэдний эвлэлдэн нийлж, нийгмийн халамж хүртэх эрхийг
нь зүй ёсоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсан байр суурьтай байгаа аж.

Өнөөдөр
МҮЭ-ийн байранд болсон Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын эрчим хүч,
геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ганболдоос
цөөн асуултад хариулт авлаа.


-Компанийн удирдлага болон ажилтнуудыг төлөөлөл хоорондоо уулзсан байгаа. Энэ уулзалтаар ямар шийдэлд хүрсэн бэ? 

-Талуудаас
зургаан төлөөлөгч хоёр удаа уулзаад байна. Эхний удаа хоёр хуульч,
дөрвөн ажилтан уулзсан. Дараагийн удаад хуульчгүйгээр уулзлаа. Ингэж
уулзахдаа компанийн удирдлага байхгүй, хангамжийн менежер, ерөнхий
нягтлан бодогч, компанийн зөвлөх нарын хүмүүс “Хэдүүлээ зохицъё,
тохиръё” гэсэн байр суурь илэрхийлсэн.Яг юуг, яаж тохиръё гэдэг нь
тодорхой бус л даа. Бид харилцан тохиръё гэж ярилцлаа гэхэд компанийн
удирдлага Курт Черч зөвшөөрөхгүй, өөр зүйл ярих магадлалтай шүү дээ.
Тиймээс манай талаас маргааныг хуулийн дагуу шийдэж, эрхээ хамгаалуулна
гэдгээ мэдэгдсэн байгаа.

-Та бүхэн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байгаа гэлүү?

-Бид
Сүхбаатар дүүргийн шүүхэд Хөдөлмөрийн хууль болон бусад хууль зүйн
актуудыг зөрчсөн учир гэсэн үндэслэлээр хандсан байгаа. Компанийн гэрээт
хуульч н.Батзаяа “Та нар Монголын шүүхийг мэдэхгүй биш дээ, та нар
ялахгүй,  цагийн гарз” гэж хэлсэн байгаа юм. Ийм байхад, Монголын хуульч
нь өөрөө шударга биш байхад  гадны хүмүүс яаж аашлах нь тодорхой шүү
дээ.  Тиймээс бид Хүний эрхийн комисс, Олон улсын хөдөлмөрийн
байгууллагад хандсан байгаа. Ингээд нэгдүгээр сарын 13-ны баасан гариг
гэхэд тодорхой шийдэлд хүрэхгүй бол “Саусгоби Сэндс” компанийн асуудлаар
Олон улсын шүүх болон Канадын шүүхэд хандана.  

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж