“Ой эзэмшигчид” тайлангаа тавилаа

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

“Ой эзэмшигчид” тайлангаа тавилаа

Хөдөөгийн эгэл жирийн малчдаас эхлээд  байгаль орчин, тэр дундаа ойг хамгаалах чиглэлээр ажилладаг  мэргэжлийн байгууллагынхан  нэгэн дор цугларчээ. Тэд дөрвөн жилийн хөдөлмөрийн үр дүн, алдаа оноогоо ярил­цаж, цаашдынхаа зорилгыг тодор­хой­лохоор цуглаад байгаа нь энэ. Эзэн­гүйдэж, сүйдэх аюулд хүрээд байсан ойн сан хариуцах эзэнтэй, хариуц­лага тооцох боломжтой болсон нь энэ төслийн үр  дүн гэдгийг тэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байлаа. Энэ бол  Нидерланд улсын санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ, Монгол Улсын БОАЖЯ, Ойн газартай хамтран “Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх” төсөл. Уг төслийг 2008 оноос хойш дөрвөн жилийн хугацаатай Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул аймгуудад  хэрэгжүүлжээ. Төслийн үр дүнг хүлээн авах арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан, Ойн газрын дарга М.Тунгалаг, төслийн ерөнхий зохицуулагч Ц.Дашзэвэг, Төслийн техникийн ахлах зөвлөх Доминик Рееб нар болон дээрх аймгуудад үйл ажиллагаа явууулж буй нөхөрлөлийн гишүүд, ойн байцаагч, ойн сангийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн  байлаа. Тэд өчигдөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид хэрхэн ажиллах талаараа ярилцсан юм.

Төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хамт олны оролцоо чухал байр суурийг эзэлсэн. Ойн газар 2008 оны зургадугаар сард байгуулагдаж, бүхний А-аас нь эхэлж байхдаа “Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийн багтай хамтран ажиллаж эхэлжээ.Ойн газрын дарга М.Тунгалаг “Өнгөрсөн жилүүдэд бид дандаа л модны тухай яриад байсан. Модоо эрүүлжүүлэх, хамгаалах талаар л ярьдаг. Харин одоо бол олон улсад хэрэгжүүлж байгаа шинэ менежментийг хөгжүүлэх, турших асуудал гол болжээ. Ойн тухай ярихад хүний тухай л ярих болно. Ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, ажил орлоготой болгох, ойгоос хүртэх ашгийг нэмэгдүүлэх замаар ойгоо хамгаалах замыг сонгож байна.Энэхүү менежментийг  туршиж хэрэгжүүлэхэд төслийн зорилго оршиж байсан” хэмээн онцлон тэмдэглэж байв. Энэ үеэр түүнтэй төслийн үр дүнгийн талаар ярилцлаа.

-Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн үр дүнг дүг­нэж хэлбэл…?

-Хамгийн чухал нь ойгоо хамгаалах хандлагыг нэлээд сайн өөрчилж чадлаа. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэд, малчид өөрсдөө ойгоо хамгаалж, эзэмшиж, ашиг хүртэх боломжтой гэдгийг энэ төслийн үр дүн харуулсан. Энэ бол бидний үр хүүхдийн ирээдүй, манай гэр бүлийн өмч  болох юм байна гэдэг ойлголт, хандлагыг  бий болгож чадлаа. Ашиггүй, хэрэгцээгүй зүйлийг хэн ч  хайхардаггүй юм байна. Ойг зөвхөн  түлш маягаар хардаг хоцрогдсон үзэл бодлыг өөрчлөх нь төслийн том зорилго байсан. Цаашдаа ойн бодлого өөрчлөгдөхөөр ярьж байна. Жишээ нь, ашиглалт, хамгаалалт хоёрыг зэрэгцүүлэн хөгжүүлэх. Хүмүүсийн ашиг орлого нэмэгдээд, ядуурал буураад ирэхээр аяндаа байгалийн нөөцийг хамгаалах асуудал чухал болно. Ойн баялаг өөрөө нөхөн сэргээгддэг онцлогтой. Хөвсгөлийн нэг нөхөрлөл мод тарих гээд чадаагүй гэж байна. Яагаад гэвэл ямар тарьц суулгац байх, яаж арчлах, ямар хөрсөнд ямар суулгац  ургах боломжтой зэрэг мэдлэг, туршлага байгаагүй учир модоо тарьж ургуулж чадаагүй. Харин ойгоо цэвэрлэсэн байна. Цэвэрлэснээр ой модны сэргэн ургалт сайжирч, байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээж  байгаа эерэг дүр зураг харагдсан нь сайшаалтай.

-Нөхөрлөлүүд олноор байгуу­лагдаж байна. Тэдэнд ямар саад бэрх­­шээл ихэвчлэн  тулгарч  байна вэ?

-Төр засаг, төрийн байгууллагын зүгээс дарамт их байна гэж дандаа ярьдаг. Шинээр байгуулагдсан нөхөр­лөлүүдээс татвар авах гэдэг. Тиймээс нөхөрлөлийн гишүүд төрийн ажил үйлчилгээг орлож хиймээр байна, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд хүнд суртал их байна гэж ярьдаг. Үнэхээр ойн орчим амьдарч байгаа хүмүүст нэг нэгнээсээ түлээний модоо худалдаж авах шаардлага  байхгүй. Тэгэхээр яах аргагүй л тээвэрлэж суурин газарт  худалдаалах  хэрэг гарна. Ингэхийн тулд заавал зөвшөөрлийн бичиг хэрэгтэй. Энэ бичиг нь олдохгүй байхаас эхлээд бэрхшээлтэй зүйлүүд гарсаар байна.

-Олон улсад хөгжсөн хамтын орол­цооны менежментийг манай улсад хөгжүүлэх асуудлаар хий­сэн анхны ажил бол энэхүү төсөл. Дөрвөн жилийн хугацаанд ажил­ла­хад цаашид анхаарах зүйлүүд ажиг­лагдсан  байх?

-Нөхөрлөлийн гишүүдийн олонх нь мал аж ахуй эрхэлж байгаа. Тэгэ­хээр ойгоо малын бэлчээрээр ашиглаж ирсэн нь эргээд ойн сандаа хортой нөлөө үзүүлэх сөрөг талтай. Манай амьжиргааны энэ хэвшил, загварыг ойгоо хамгаалах загвартай яаж хослуулах вэ гэдэг чухал. Өөрөөр хэлбэл, энэ хосолмол аж ахуйг яаж эрхлэх, шинэ бизнесийн эх үүсвэр болгох замаар хамгаалах ухааныг яаж сургах вэ гэдэг анхаарал татсан зүйл. Малчин ард түмэн мал маллах арга ухааныг төгс эзэмшсэн. Гэтэл ойгоо хамгаалах ухаанд суралцаж ирээгүй байгаа юм. Энэ хандлагыг бий болгох нь нэлээд хугацаа шаардсан ажил болох нь гарцаагүй. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 700 орчим нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Нөхөрлөл байгуулья гэсэн хандлага тодорхой хэмжээгээр тогтоод байна гэж хэлж болохоор. Гэхдээ хот суурин газрынхан нөхөрлөл байгуулах нэрээр ойг хамгаалахгүй, ашиглах сонирхол байна. Нөгөө талд нь ойгоо хамгаалах чин сэтгэлтэй, хамгаалсныхаа үр шимийг хүртэх хүсэлтэй малчин өрхүүд байх жишээтэй. Энэ дундаас хамгийн чухал нь загвар нөхөрлөлүүд бий болгосон туршлага. Дөрвөн аймагт 16 загвар нөхөрлөл байгуулсан. Өөрсдөө бүх ажлаа санаачилдаг, дээрээс нь зохион байгуулж өгдөггүй. Энэ арга их чухал. Төр, иргэн, нөхөрлөлийн хамтын оролцоог ижил тавшинд байлгаж, чадавхижуулах үүрэг хариуцлага  Ойн газарт  ирээд байна. Ажил эхний шатандаа байгаа учраас түвэгтэй л байна. Жишээ нь, Нипаль улс 30 жилийн турш алдаж, онож явсаар одоо л нөхөрлөлүүд нь хөл дээрээ босч эхэлж  байгаа юм билээ. Манайх бол ерөнхийдөө  хувьсал өөрчлөлт хурдацтай явдаг онцлогтой. Нөхөрлөлүүдэд энэ хурдацтай явах шинж  харагдаад  байгаа юм. Бид алтан дунджийг нь олж ажиллана даа.

-Ойн газраас хэрэгжүүлсэн Цэвэр ой хөтөлбөрт ойн нөхөр­лө­лүүд түл­­хүү хамрагдсан юм билээ. Энэ нь ойгоо цэвэрлээд зогсохгүй,  түр  ажлын байраар хангах давуу талтай санагд­сан?

-Жил бүр бид хамгийн тохиромжтой гэсэн концепци боловсруулаад ажиллаж байна. Ойн хортон шавьжтай тэмцэж байна гээд жил болгон хор цацдаг. Тэгвэл одоо химийн бодисоос татгалзаж, өөр арга зам хайж байна. Цэвэр ой төслийн хүрээнд маш олон нөхөрлөлийг ойгоо цэвэрлэх ажилд татан оролцуулсан. Тийм ч учраас хамгийн олон ажлын байр бий болгосон агентлагаараа шалгарсан. Боломж бололцоо нь байна. Харин төр засгаас бодлогын  төвшинд дэмжээд явбал ард түмэн, иргэдийн хооронд зөв, тэнцвэрт харилцаа үүсэх юм. Өнөөдөр төрд байгаа хамгийн том өмч ой. Тэгсэн мөртлөө эзэнгүй хамгаалалтгүй харагдаад , тайраад хэдэн шуудай мод болгомоор байдаг. Ингээд л гол хямрал үүсдэг. Цаашдаа ойн санг  нөхөрлөлүүдэд эзэмшүүлэх, хамгаалуулах ажлыг улам эрчимжүүлэх нь зүйтэй. Туршилтууд явуулах шаард­лагатай.  Нөхөрлөлд эзэмшүүлсэн газарт менежмент сайн байна уу, төр дангаар эзэмшсэн ойд менежмент сайн байна гэдгийг харьцуулж судлаад өмчлөлийн хэлбэрийг ч судлах шаардлагатай гэж үзэж байна. Үндсэн хуулиар иргэн бүрт энэ эрх нээлттэй байгаа. Төр байгаль орчин , тэр дундаа ойг хамгаалах үүргээ иргэдэд өгөөд, нөхцлийг нь бүрдүүлэх замаар ажиллах нь үр дүнтэй.

-Манай улсын ой модны хэдэн хувийг насжилттай мод эзэлдэг вэ. Ер нь хурдан ургадаг, үйлдвэрлэлд ашиглах боломжтой  суулгац суулгаж, нөхөрлөлийг дэмжих боломжтой юу?

-Энэ асуудлыг судалж байгаа. Болгоомжтой хандах  хэрэгтэй. Манай улсад Европын менежмент тэр чигээрээ тохирохгүй. Европт дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэр ойгоо тэр чигээр нь шахуу хядсан байдаг. Эргээд ойгоо тариалан шиг хурдан ургадаг мод тарьж, өөр газраас суулгац тарьж, үйлдвэрлэлд ашиглаж байсан. Гэтэл эргээд хөрс нь эвдрээд, хямрал үүссэн. Хуучин эх модоо яаж нутагшуулах вэ гэдэг асуудал тэдний хувьд толгойны өвчин нь болж байна л даа. Харин манай мод жинхэнэ онгон байгалиараа  байгаа. Гэхдээ насжилтын хувьд аваад үзэхэд 50-иас дээш хувь нь хөгширсөн мод гэж үздэг. Ойд унасан хатсан, өвчилсөн, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн унанги модны нөөц 30 сая шоо метр байна. Монголчууд жилдээ хэрэглээд хэрэглээд сая хүрэхгүй шоо метрийг хэрэглэнэ. Гэтэл унанги модыг ашиглахгүй байна. Энд хүрэх ойн замгүй учраас л ойрынхоо модыг самардаад байгаа хэрэг. Нөөц хангалттай бий, зөв менежмент хэрэгтэй.

Нөхөрлөлийн гишүүд ийнхүү ярьж байна

Дээрх төслийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол  ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөр­лөлүүд. Модны хулгай, ойн түймэр гээд малчдын амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж буй бүхний эсрэг тэд тэмцэж байна. “Мэдээж алдаа, бэрхшээл гарна. Гэхдээ онох нь олонтаа” хэмээн тэд ярьж байна. Уулзалт зөвлөгөөнд Хэнтий аймгийн шилдэг нөхөрлөлийн гишүүд, ойн улсын байцаагч, ойн нөхөрлөлүүдийн холбоо, ойн сангийн төлөөллүүд  хүрэл­цэн ирж  ажлаа тайлагнаж байлаа. Тэдэнтэй уулзаж, төслийн үр дүнгийн талаарх сэтгэгдэл санал бодлоос ху­ваалц­сан юм.

Хэнтий аймгийн Биндэр сумын засаг дарга Н.Алтангэрэл

Төслийн хүрээнд Биндэр сумын нө­хөр­­лөлүүдийг нэ­лээн дэмжиж ажил­­­ласан. Ма­най сумын хэм­­жээнд 18 нө­хөр­­лөл бий. Эд­­гээ­рээс гурван нө­­­хөрлөлийг төс­­­­лийн хү­рээнд заг­­­­вар нө­хөр­лөл бол­­­гон, сургалт хий­­­лээ.  Ингэс­­нээр нөхөр­лөлүү­дийн хүрээнд маш сайн ажил­лаж, менежментийн төлөв­лөгөө бо­ловс­­­руулах, аймгийн хэм­жээн дэх нөхөрлөлүүдийг хамарсан үйл ажил­лагаанд сайн оролцож байна. Бин­дэр сумын газар нутгийн 40-өөд хувийг ой эзэлдэг. Эдгээрийн багагүй хувийг нөхөрлөлүүд гэрээгээр эзэмшиж байна.

Хэнтий аймгийн сум дундын ойн ангийн дарга Б.Мөнхбаяр

Сум дундын ойн анги Дадал, Норивлон, Бин­дэр, Баян-Адраг гэсэн зүүн  талын дөр­­­­вөн сумыг  ха­­­­риуц­даг. Нө­хө­р­­­­­­лө­лүү­­дэд мэр­­­гэ­жил арга зүйн зөв­­лө­гөө өгөх, менеж­мен­­­­тийн төлөв­­лөгөө бо­ловс­­руулахад нь туслах, зарим  тохиол­долд биечлэн оролцох замаар хамтран ажилладаг. Мөн ойн нөөц тодорхойлоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийлээ. Ойн сангийн судалгааг мэргэжлийн бай­гуул­лагууд хийдэг. Миний хариуцаж байгаа дөрвөн сумын хувьд 2005 оноос хойш судалгаа хийгээгүй. Тиймээс шинээр байгуулагдаж байгаа нөхөрлөлүүд өөрсдийн эзэмших ойдоо зайлшгүй судалгаа хийж шаардлага тулгарч байгаа. Судалгаа хийсний үндсэн дээр менежментийн төлөвлөгөө боловсруулдаг учраас нөхөрлөлүүд талбай дээрээ хялбаршуулсан үнэл­гээг зааврын дагуу хийж байна. Нөхөр­лөлүүд  харилцан адилгүй үйл ажиллагаа явуулдаг. Зарим нь ойн ариутгал хийдэг бол нөгөө хэсэг нь ойгоо цэвэрлэх, ойн үржүүлгийн ажил хийж байна. Мөн ойгоосоо түлээ бэлтгэх ажлыг түлхүү хийдэг. Нийт нөхөрлөлийн 30 гаруй хувь нь үйл ажиллагаа нь жигдэрчээ. Үүний цаана багийн нийтийн хурлаараа ороод ИНХ-аар оруулахаар хүлээж байгаа долоон нөхөрлөл бий.

Биндэр сумын Ойн нөхөрлөлүүдийн холбооны тэргүүн Ө.Батнасан

Ойн нөхөр­лө­­лүүдийн хол­боо 2011  оны ар­ван­­нэг­дүгээр сарын 6-нд бай­­­­гуу­лагдсан. Тэр үед 16 нө­­хөрлөлийн ах­лагч нар цуг­лаад холбоо бай­­­­гуу­лах нь зүй­­тэй гэж үз­сэн. Хол­боо байгуулагдсанаар 2011 оны ажлаа дүгнэж, энэ оны ажлаа төлөвлөлөө. Мөн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зорил­гоор  сумын тэр­гүү­­ний нөхөрлөлийг шалгаруулсан. Үүнээс гадна зургаан үзүүлэлтээр хамгийн их ойжуулалт хийсэн ойн  нөхөрлөл, булаг шанд байгаль орчноо хамгаалсан нөхөр­лөл, хамгийн их ашиг орлоготой ажил­ласан нөхөрлөл, цэвэр ой хөтөл­бөрийн хүрээнд хамгийн сайн ажил­ла­сан нөхөрлөл, хортон шавж, гал түймрээс ойгоо хамгаалсан нөхөр­лөл гэсэн зургаан нөхөрлөлийг шал­га­руулж, урамшууллаа. 2012 онд нөхөрлөлүүдийн ахлагч нарыг чад­вар­­жуулах сургалтууд хийж байна. Мөн нөхөрлөл дундын  үйлдвэрлэл үйлчилгээний газрын хоршоо  бай­гуу­лах, бусад аймгийн нөхөр­лөлүүдтэй туршлага солилцох зэрэг олон ажлыг төлөвлөсөн. Хэдийгээр энэ төслийн хэрэгжих хугацаа дуусч байгаа ч нөхөр­лөлийн холбоо ажиллаж байгаа учир цаашдаа үйл ажиллагаа нь жигд­рээд, цар хүрээ нь өргөжөөд явах бүрэн боломжтой.

Биндэр сумын “Дэлгэр Онон” нөхөрлөлийн ахлагч Д.Өлзийбат

Манай нөхөрлөл 2007 онд  бай­гуу­лагд­сан. 2008 онд сумын ир­гэ­дийн хурлаар бат­лаг­даад 2010 онд Засаг даргатай гэрээ хийснээр үйл ажил­­лагаа эхэл­­сэн. Одоо­гоор 21 өрхийн 31 хүнтэй  6000 гаруй га талбай ойг гэрээгээр эзэмшиж, хамгаалж байна. Манай нөхөрлөлийн эзэмшиж буй ой 2008 онд гал түймэрт 40 гаруй  хувь нь шатсан. Тиймээс “Цэвэр ой” хөтөлбөрийн хүрээнд 1000 гаруй шоо метр мод бэлтгэлээ. Мөн мод 2008 оноос хойш ойжуулалтын тендэрт оролцож, ойжуулалт, мод үржүүлэг хийж байна. Жил бүр тарьсан модны 60-70 хувь нь амьдрах чадвартай гэж мэргэжлийн байгууллагууд үзсэн. Цаашид ойн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ээл­жээр эргүүлд гарч, ойд орж байгаа иргэдэд санамж өгч, гарын үсэг зуруулдаг. Хууль бус мод огтлох явдал бүрэн зогссонд баяртай байна.Бидэнд хууль эрх зүй, санхүүгийн талын дэмжлэг хамгийн чухал байдаг.

Биндэр сумын Байгаль хамгаалагч Ч.Нямхүү

Манай сум дөрвөн байгаль хамгаалагчтай байхаас одоо­гоор хоёр бай­­­галь хам­гаа­лагч,  нэг улсын байцаагч­­тай ажил­­ладаг. Ер нь нөхөрлөл бай­­гуу­лаг­даа­гүй бай­хад су­мын­­хаа бүх ойд хүрч ажиллахад хүнд­рэлтэй байсан. Цаг хугацаа, шатахуун зарцуулахаас эхлээд хүндрэлтэй. Одоо  байдал өөр боллоо. Ойн сан бүхий газарт нөхөрлөлүүд байгуулагдсан учир хамтарч ажиллахад ажлын үр дүн ч сайн байна. Байгаль хамгаалагчийн цалин  маш бага. Гэтэл түргэн унаатай, буу зэвсэгтэй хүмүүс хууль бус ажиллагаа хийдэг. Тэр болгоны араас явж, хариуцлага тооцно гэдэг одоогийн нөхцөлд хэцүү. Сүүлийн үед төр засгаас байгаль хамгаалагчдыг дэмжих асуудал хүчтэй яригдаж байна. Цаашдаа сайжрах  байх.

Ойн нөхөрлөлийн гишүүд, тэдэн­­тэй хамгийн ойр ажилладаг мэр­гэж­лийн байгууллагын төлөөлөл ийн­хүү ярилаа. Харин тус төслийг хэрэг­жүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Төслийн техникийн ахлах зөвлөх Доминик Рееб төслийн үр дүнгийн талаар ярихдаа “Энэ төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын ойн санг сайн судалсан. Төслийг эхлүүлэхэд үзэл баримтлалыг Монгол Улсад нэвтрүүлэх, цаашид авч явах нөөц бололцоо, чадавхийг олох, түүнийг бэхжүүлэх зэрэг бэрхшээл тулгарч байлаа. Мөн ойн менежмент явуулах чадавхи Засгийн газарт байгаагүй. Гэхдээ энэ төсөл хэрэгжээд дууслаа. Гадны орнуудын  туршлагаас харахад 30 жилийн дараа үр дүнд хүрсэн жишээ байдаг юм билээ. Гэтэл гурван жилийн хугацаанд Монгол Улсад энэ төсөл маш сайн хэрэгжлээ. Үр дүн маш сайн гарсан гэж би хувьдаа үзэж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ. Тэрбээр эцэст Монгол Улсын Засгийн газар хамтын оролцооны ойн менежментийг чадавхийг улам бүр нэмэгдүүлэхийн тулд  нэгдүгээрт  чадавхийг бэхжүүлэх  асуудалд анхаарах, мөн хууль эрх зүйн орчныг шинэчлэхийг хүссэн юм. 

С.Отгонсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж