Хуулийн хувь заяа Засгийн газраас хамаардаг

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Хуулийн хувь заяа Засгийн газраас хамаардаг

УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Байнгын хороодын зөвлөх, референтүүд яамдын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж хууль, тогтоомжуудын хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Байнгын хороодын ажлын албанаас гаргасан тайлангаар бол нэлээд олон хуулийн тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх шийдвэрийг яамд гаргаагүй байна. Мөн хуулийн заалтууд “хэрэгжих шатандаа яваа” гэсэн тайлбараар тайлангаа дүүргэдэг дутагдал байдгийг уулзалтын үеэр ярьцгааж байсан юм. Тиймээс юм  болгоныг хийж болдог “хэрэгжих шатандаа яваа” гэсэн ёроолгүй “уут”-ыг халах цаг болсныг УИХ-ын Тамгын газрын дарга хэлж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь УИХ-аас баталсан зарим хуулийг хэрэгжүүлэх хугацаа давчуу байдгаас хүндрэл үүсдэг талаар ярилаа. Тухайлбал, урт нэртэй хууль өөрөө маш товчхон тодорхой хууль боловч хэрэгжүүлж эхлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, техник технологи шаардагдаж хүндрэл үүссэнийг хэллээ. Мөн төсвийн тодотголыг арванхоёрдугаар сард баталж он дуусахад хэдхэн хоног үлдээд байхад хэрэгжүүлэхийг шахдаг нь бэрхшээлтэй байдгийг ч учирлалаа. Иймд төсвийн тодотголыг наймдугаар сараас хэтрүүлэлгүй хийж байх нь зүйтэй гэсэн санал гаргасан юм.

Төрийн албаны бүтэц зохистой бус, маш оновчгүй байгааг ч хэллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уул уурхайн нэг ч инженер байхгүй, цөөхөн эдийн засагчтай. Тиймээс уул уурхайн салбарын буруутай үйл ажиллагааг шалгах, эдийн засгийн тооцоо хийхэд боловсон хүчний дутагдалд ордог аж.

Хүний нөөц, институцын асуудал гэсэн хоёр чухал асуудал байгааг анхаарах хэрэгтэй гэсэн санал ч гарлаа. “Төрийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг маш нарийн механизм байдаг. Механизмгүйгээр үүнийг хэрэгжүүл гэж тулгах хэцүү. Зүгээр хууль хэрэгжүүл гээд хаяад байх нь хууль хэрэгжихгүй байх үндэс болдог” гэсэн байр суурийг төрийн нарийн бичгийн дарга нар хэллээ.

УИХ-ыг төлөөлж оролцсон Тамгын газрын ажилтнуудын зүгээс “Төсвийн хуулийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд УИХ баталдаг. Гэтэл Засгийн газар маргаашаас нь Төсвийн хууль зөрчих саналуудаа оруулаад ирдэг. Салбарын яамд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн маш олон саналыг Засгийн газарт оруулж УИХ-д ирүүлдэг. Ийм төрлийн асар олон хууль бий” гэж байв. Мөн УИХ-ын хавар, намрын чуулганы хуралддаг хугацаанаас шалтгаалаад дөрөв, аравдугаар сард төсвийн тодотголыг оруулж ирэх нь зүйтэй юм гэж байв.

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж “Хууль хэрхэн хэрэгжиж байгааг Засгийн газраас байнга асууж байх болно. Аливаа хуулийн хувь заяа Засгийн газрын хэрэгжүүлэлтээс хамаардаг. УИХ цаашид ч үүрэг даалгавар өгнө. Үүнийг тайлбаргүй биелүүлэх үүргийг Засгийн газар хүлээнэ” гэлээ. Ийм төрлийн уулзалтыг УИХ-ын хавар, намрын чуулган бүрийн дараа хийж байхаар боллоо.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж