“Формула нэг”-ийн ДАШТ Австралид нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

“Формула нэг”-ийн ДАШТ Австралид нээлтээ хийлээ

“Формула нэг”-ийн 2012 оны дэлхийн аваргын хуваарь ёсоор шинэ улирлын анхны уралдаан өнгөрөгч амралтын өдрөөр Австралийн Мелбурнд боллоо. Бямба гаригт болсон байрлал тогтоох гараанд “Макларен”-ы Льюис Хэмилтон түрүүлж, Женсон Баттон удаалснаар “Макларен” тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлсэн. Эхний эргэлт их зүйлийг шийдсэн. Баттон тэргүүлэл авч чадсан бол тав дээрээс хөдөлсөн Марк Уэббер шахагдсаар есдүгээр байр руу орсон байна. Гэхдээ тэр тэмцлийнхээ үр дүнд гран-приг дөрөвдүгээр байраар дуусгаж чадсан. “Лотус” багийн Ромайн Грожан энэ өдрийн гол сенсаацын эзэн байсан ч ердөө гурав дахь тойрогт замаа дуусгах ёстой болсон юм. Баттон уралдааныг тэргүүлсэн хэвээр 10 дахь тойрог гэхэд тэрээр Хэмилтоноос гурван секундын давуутай болсон байна. Энэ үед зургаа дээрээс хөдөлсөн Феттель урдаа байгаа Шумахерыг гүйцэж түрүүлсэн, харамсалтай нь Шумахерын хурдны хайрцаг эвдэрснээр 11-р тойрогт уралдаанаас гарсан. 20 дахь тойрог Катерхамын Виталий Петров замын дунд осол гаргаснаар аюулгүйн машин зам дээр гарч ирсэн бөгөөд энэ нь Феттельд хугацаагаа ойртуулах сайхан боломж олгосон. Удалгүй Феттель Хэмилтоноос байрыг нь булааж авчээ. Гэхдээ “Рэд Булл” багийн питстоп хийх тактик үүнд голлох нөлөөг үзүүлсэн байна. Бруно Сенна, Фелипе Масса гэсэн бразили нисгэгчид байрлалын төлөөх өрсөлдөөнийг хоорондоо үзүүлж үр дүнд нь хоёул замаа эрт дуусгах шаардлагатай болсон. Осол үүгээр дууссангүй. Венесуэль нисгэгч Пастор Малдонадо зургадугаар байраар барианд орж болох байсан ч өөрийн буруугаас болж жолоодлого алдан хашлага мөргөсөн. Ийнхүү 58 тойрог үргэлжилсэн гран-прид Женсон Баттон түрүүлснээр Алберт Паркт гурав дахь удаагаа ялагч боллоо. Түүний ард Феттель, Хэмилтон, Уэббер, Алонсо гэсэн топ нисгэгчид уламжлал ёсоор бичигдсэн. “Мөсөн хүн” хочит Кими Райкконен “Лотус” багаас хийсэн анхны уралдаанаа долдугаарр байраар дуусгасан нь боломж байгааг харуулсан юм. Ийнхүү энэ улиралд “Макларен”, “Рэд Булл” багуудын өрсөлдөөн ойр болохыг эхний гран-при харууллаа.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж