“Хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийн сантай болно”

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийн сантай болно”

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Эрүүл хүүхэд аян”-ыг өчигдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хотын хувьд энэхүү аяны нээлтийг “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-д хийсэн юм. Энэ үеэр тус төвийн Хүүхдийн эмнэлгийн чанарын менежер, эмч Б.Надмидтай ярилцлаа.

    
-“Эрүүл хүүхэд аян”-ы хүрээнд ямар ажлыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн сарын 8-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор 18 нас хүртэлх хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилгоор энэ аяныг зохион байгуулахаар болсон юм. Энэхүү шийдвэрийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл хүүхэд аян” зохиох удирдамжийг гаргасан. Энэ хүрээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв” дээр тодорхой үе шаттайгаар ажлыг хийж байна. “Эрүүл хүүхэд аян”-ы эхний шатанд сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Ингээд 11 аймгийн 14 эмч, “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-ийн 11 эмч, ЭМШУИС-ийн хоёр багш, нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн эмч, нийт 45 эмч оролцов. Аяны үеэр 0-5, 5-11, 11-18 гэсэн насны ангиллаар анхан шатны үзлэгийг хийх юм. Эрүүл мэндийн бүх байгууллагыг хамарч байгаагаараа уг аян онцлогтой. Мөн хүүхдийн сургагч багш нар аймгуудад ажилласан. Харин аяны хоёрдугаар шат нь өнөөдөр /өчигдөр/ орон даяар эхэлж буй нь энэ юм. Түүнчлэн манай төв нь эмзэг бүлгийн хүүхдүүдийг үзлэг шинжилгээнд хамруулж байна.

-“Эрүүл хүүхэд аян” хэр хугацаанд үргэлжлэх вэ. Үүний дараагийн өөр хөтөлбөр бий юү?

-Урьдчилсан байдлаар ирэх тавдугаар сарын 1 хүртэл нийт 970 гаруй мянган хүүхдийг үзлэгт хамруулна гэж тооцоолж байна. Эдгээр хүүхдийг үзлэгт хамруулсны дараа мэдээллийн сан байгуулах юм. Мэдээллийн сан нь үзлэгт хамруулсан хүүхдийн өвчнийг тогтоож, хадгална. Ингээд анхан шатны үзлэг дууссаны дараа мэдээллийн санд хадгалсан хүүхдүүдийн өвчнийг эмчлэхийн төлөө ажиллана. Ерөнхийдөө анхан шатны үзлэг өнөөдрөөс /өчигдрөөс/ эхэлж, ирэх тавдугаар сарын 1 хүртэл, харин эрүүлжүүлэх буюу эмчлэх арга хэмжээг ирэх тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сар хүртэл явуулахаар төлөвлөсөн. Тэгэхээр энэ оны эцэс гэхэд 18 нас хүртэлх 970 гаруй мянган хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийн сантай болно гэсэн үг.

-Аяныг зохион байгуулснаар танай төвийн үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орох уу?

-“Эрүүл хүүхэд аян”-ыг системтэйгээр зохион байгуулж байгаа учир манай төвийн үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Тухайлбал өнөөдөр манай төв 28 дугаар сургуулийн гурав, наймдугаар ангийн хоёр бүлгийн 70 гаруй хүүхэд, Баянгол дүүргийн халамжийн “Вербист” хүүхдийн төвийн 30 орчим хүүхдийг үзлэгт хамруулсан. Энэмэтчилэн нийтдээ 40 гаруй асрамж, сувилал, хүүхдийн хорих газрын хүүхдүүдийг үзэх юм. Дашрамд дурьдахад бүх эмнэлгийн байгууллага үзлэг хийж байгаа шүү. Гэртээ байдаг 0-5 насны хүүхдүүдийг өрхийн эмнэлэг болоод цэцэрлэг, сургууль дээр нь үзэх юм.

Ийнхүү Ерөнхий сайдын санаачилснаар “Эрүүл хүүхэд аян” орон даяар нээлтээ хийн их ажил өрнөлөө. Аяны хүрээнд 0-18 насны хүүхдүүд зонхилон өвчилдөг чих, хамар хоолой, нүд зэрэг эрхтэний өвчлөлийг үзэж, эрүүлжүүлэх арга хэмжээ авах аж. Тус аяны нээлтийн дараахан Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар Ерөнхий сайд С.Батболдыг угтан авч “Эх хүүхэд эрүүл мэндийн төв”-ийн үйл явцтай танилцууллаа.  

Ж.БАТТУУЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж