Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг дахин хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг дахин хүслээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийж урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавьж буйгаа илэрхийллээ.

УИХ-аас урт нэртэй хуулийг 2009 оны долдугаар сарын 16-нд баталсан, үүнээс хойш гурван жил орчим болсон ч хэрэгжүүлэх ажил урагшлаагүй. Энэ хооронд байгаль экологид ноцтой хохирол учирч, тэр хэрээр нөхөн сэргээлт хийх боломжгүй болж буй тухай дуулгалаа. Мөн энэ жил УИХ болоод орон нутгийн сонгууль болж, тэдгээрийн тоосонд урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх ажил дарагдаж мэдэхээр байгаа тул шаардлагыг дахин хүргүүлж буй гэдгээ ч онцоллоо. Хэдийгээр Монгол Улс уур уурхайг түшиглэн эдийн засгийн өндөр өсөлтийг болгоно гэж байгаа ч гол мөрний эх, усны сан бүхий газруудад олгогдсон лицензүүдийг цэгцэлж,  тус газруудад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохгүйгээр эргээд асар их хохирол дагуулах болж буйг мөн  хэлж байна.

2012 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт 3710 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа аж. Энэ нь нийтдээ 22.4 сая га талбайг хамарсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэнэ. Үүнийг өнгөрсөн 2009 оныхтой харьцуулахад 1034-өөр багассан үзүүлэлттэй байгаа ч урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх нь лицензит талбайн хэмжээг улам бууруулах аж. Тиймээс уг асуулгаараа дамжуулж эрхэм гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг хуульд заасан хугацаанд асуулгын хариуг өгөхийг хүссэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж