Огцрох шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Огцрох шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй гэв

Өнөөдөр “Үндэсний хас”, “Эрс шинэчлэл” зэрэг хөдөлгөөнүүдийн хамтран
байгуулсан “Шударга сонгуулийн төлөө түр хороо”-ыхон Сонгуулийн ерөнхий
хороог огцрохыг шаардсан албан бичгийнхээ хариуг авлаа.
Тэд сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлөхүйц хууль зөрчсөн шийдвэр гаргаж, 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэрэг явдлыг үүсгэхэд хүргэсэн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээ ухамсарлан холбогдох хуульд заасны дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг СЕХ-ны нийт гишүүдээс шаардсан билээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо энэхүү шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэлээ. Учир нь хуульд зааснаас бусад тохиолдолд Хорооны гишүүнийг чөлөөлөх, огцруулах түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглосон, мөн Хороо түүний гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглосон хуулийн заалттайг  албан бичигтээ цохон тэмдэглэжээ. 

Мөн өнөөдөр СЕХ-ны ээлжит хурал болон бөгөөд энэ хурлаар дотоод, гадаадын байгууллага болон хэвлэл, мэдээллийн байгууллагууд сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын төслийг хэлэлцэв. Энэхүү журмаар ажиглагч нар ямар бичиг баримт бүрдүүлж  бүртгүүлэх, сонгуулийн хороод ажиглагч, сурвалжлагч нарыг ямар боломжоор хангах  ёстой, тэд ямар эрх, үүрэг хүлээх талаар мөн түүнчлэн  ажиглагч, сурвалжлагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл зэргийг зохицуулах ажээ.
Хэлэлцүүлгийн явцад СЕХ-ны гишүүдээс  гаргасан саналыг  тусган дээрх журмын төслийг дахин боловсруулж, дараагийн  хуралдаанаар хэлэлцүүлэхээр  болов.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж