Туялзуур сэлэмний тамирчидтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Туялзуур сэлэмний тамирчидтай уулзав

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнөөдөр Монголын туялзуур сэлэмний баг тамирчдыг хүлээн авч, ирэх сард болох өсвөрийн ДАШТ болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцох баг, тамирчдад хувцас, хэрэглэл гардуулан өглөө.

Монголын туялзуур сэлэмний холбоо энэ жил олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд ирэх сард тун завгүй байх ажээ. ОХУ-ын Москва хотноо болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын өсвөрийн сэлэмчдийн цугларалтанд тамирчин С.Билэгт, дасгалжуулагч Б.Цэнгэл нар оролцохоор болж, маргааш эх орноосоо мордоно. Дасгалжуулагч Б.Цэнгэл 60 орны 80 гаруй хүүхэд оролцох хамтарсан бэлтгэлийн туслах дасгалжуулагчаар ажиллахаар сонгогдсон байна. Түүнчлэн ирэх даваа гарагт Хонконгийн эксперт, Азийн туялзуур сэлэмний холбооны санхүүч Клифф Вон Цан манай эх оронд хүрэлцэн ирж, дасгалжуулагчийн анхан шатны сургалтыг 30 гаруй хүний дунд зохион байгуулах юм. Тэрбээр мөн энд байх 12 хоногийн хугацаандаа ирэх сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багт тусгай сургалт хийх юм. Мөн ирэх сарын 20-29-нд Японы Вакаяма хотноо болох Азийн АШТ болон Азийн бүсийн олимпийн эрх олгох тэмцээнд манай улс бүтэн багаараа оролцохоор болсон юм.

Туялзуур сэлэмний холбоо гадаад харилцаандаа анхаарахын сацуу дотоод дахь үйл ажиллагаандаа ч ач холбогдол өгөн ажиллаж байна. Шилдэг 16 тамирчин оролцсон туялзуур сэлэмний лигийн тэмцээн 4 сарын 4-ний өдөр Хаан банкны театрт нээлтээ хийхээр боллоо. Уг лигийн тэмцээнээс эхлэн Монголын тамирчдын чансааг гаргах бөгөөд дараа дараагийн тэмцээнд оролцох гол шалгуур болох юм.  

www.olympic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж