Наурыз-нарны баяр, ардын бахдал

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Наурыз-нарны баяр, ардын бахдал

Өнөөдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр нь шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж иржээ. Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой.

Наурыз гэдэг нь иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг. Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе. Ийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг. Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг байж. Дараа нь “газар эх минь ивээлээ хайрла” гэж нээсэн худгийг нүхэнд тос асгаж, шинэ тарьсан модонд сүүгээ цацдаг ёс байсан аж.

Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ өдөр манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлнэ. Учир нь нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс өглөө зургаан цагт мандах үе нь дундад Азийн улс орнуудын хуввьд шөнийн гурван цагтай давхацдаг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж ирсэн уламжлалтай.

Ард түмний дунд тархсан домгоор бол гуравдугаар сарын 21-ний шөнө ивээлт өвөө Кызыр даян дэлхийг хэсдэг гэнэ. Иймд энэ шөнийг “Кызырын шөнө” гэж нэрлэдэг аж. Кызыр гэдэг нь хүмүүст эд баялаг, аз жаргал, баяр баясгалан хайрладаг, өндөр настай өвгөн буурлын дүрээр дүрслэгдсэн гайхамшигтэй дүрс болой. Өөрөөр хэлбэл, нарны гэгээгээр илэрдэг аз жаргалыг элчийг “Кызыр” гэж ойлгож болно.

Наурызын нэг онцлог нь эхний өдрийг угтахаас эхэлдэг. Казахууд үндэсний болон цэвэрхэн хувцсаа өмсч хоорондоо золгож бие биедээ баяр хүргэж мэндчилэн, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж, амжилтбүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлдэг. Эрчүүд хоёр гараараа барилцан цээжээ хүргэж мэндэлж золгодог. Эмэгтэйчүүд тэврэлдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжээ зөрүүлж мэндэлнэ. Хоёр гараараа барилцан цээж мөргүүлнэ гэдэг нь амьдралын тулгуур эрхтэн цээж минь, амьдрах эх булаг болсон хоёр гар минь эсэн мэнд байг гэдгийг илэрхийлнэ.
Хүн ард эрүүл байг
Хүүхэд бүхэн жаргалтай байг
Ерөөл айлтгал биеллээ олж
Ертөнц даяар аз жаргалаар дүүрч
Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж
Наурыз баяр өлзийгөө хайрлаг аа! гэнэ. Үүний дараа Наурызын баярт зориулж чанасан толгойг настай буюу цугларагсдын ахмад нь эхэлж зүсэх учиртай. Хонины толгойн эрүүний хуйхнаас зүсч эхлээд гэрийн эзэнд, дараа нь насны эрэмбээр нь бусад хүмүүст амсуулна. Баярын хамгийн гол хоол бол “Наурыз-көже” хэмээх роол юм. Энэ нь “Наурыз-шөл” гэсэн үг. “Наурыз-шөл” нь амьдралын долоон элементийг илтгэдэг долоон төрлийн бүтцээс бүрдэнэ. Энэ нь: ус, мах, давс, өөх, гурил, будаа /цагаан будаа, улаан будаа, шар будаа/, сүү зэрэг болно. Энэ бүтэц бол баяр баясгалантай бах, азтай байх, цэцэн байх, эрүүл байх, элбэг дэлбэг байх, хурдан шаламгай байх, өсч үрждэг байх, бурхнаас өршөөлтэй байх зэргийг илтгэдэг. Казахын ёсонд Наурызаар будаатай шөл хийдэг. Үр удам нь олон байхыг бэлэгшээсэн хэрэг юм.

Казахууд Наурызыг тэмдэглэхэд “7” гэсэн тоо заавал ордог. Учир нь энэ бол долоо хоногийн нийт гарагийн тоо юм. Үүгээр гараг бүхнийг ижилхэн сайн хүмүүст ивээлтэй хэмээн үзэж, хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм.

Наурызын заншил ёсоор алс хол газар яваа болон настай буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалах уламжлалтай. Хүндэтгэлийн энэ өдөр спиртийн төрлийн ямар нэгэн ундаа уухыг хатуу цээрлэнэ.  Харин бэлэг гэж сүйд болоод байдаггүй. Нас өндөр болсон хүмүүст, аав, ээждээ хүүхдүүд нь бэлэг өгөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын цагаан сарын баяр шиг хүний тоогоор бэлэг өгдөггүй. Заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлэгшээдэг явдал юм. Наурыз көжег 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл казахууд 40-ийн тоог эрхэмлэдэг. Тухайлбал, казахууд 40 настай эр хүнийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг, 40 хоргол буюу чулуугаар мэргэлдэг, хүн нас барсан хүнд долоо хоногт 40 гэрэл асааж хүндэтгэл үзүүлдэг, нас барагсдын 40 хоног дээр нь ёслол үйлдэж ном уншуулдаг гэх мэт ёс баримталдаг байна.

Наурызын шөлийг том тогоонд бэлтгэдэг. Энэ бол учиртай. Дээр үед улс гүрний хаан, ноёдууд ард түмнийг эв нэгдэлтэй байлгахын тулд том тогоонд хоол хийлгэн хүн бүхэнд амсуулах ёс байжээ. Нэг тогооноос хоол иднэ гэдэг бол эв нэгдэл, нөхөрлөлийн илэрхийлэл болдог аж. Жилд нэг удаа ийм байдлаар хоол иддэг ёс байсан байна.

Улыстын улы күни-наурыз мейрамы кутты болсын!

2009 оны есдүгээр сарын 30-нд Наурызыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн материалын бус төрөлд дэлхийн бусад 76 төрлийн хамт бүртгэн авчээ. 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар “Наурызыг Олон улсын өдөр” хэмээн тунхаглаж тогтоол гаргасан байна. НҮБ-ын Ерөнхий чуулганы тогтоолд:

  • Гуравдугаар сарын 21-нийг Наурызын олон улсын өдөр хэмээн хүлээн зөвшөөрөх
  • Наурызыг тэмдэглэдэг улс орнуудад Наурызтай холбоотой соёл ба ёс заншлыг хамгаалах ба хөгжүүлэхэд гаргаж буй хүчин чармайлтад баяр хүргэсэн байна.
  • Эдгээр улс орнууд Наурызын тухай мэдээллийн түвшинг дээшлүүлэхэд хүчин чармайлт гарган, шаардлагатай гэж үзвэл энэ баярыг таниулан сурталчлахын тулд жил бүр арга хэмжээ зохион байгуулж байхаар заажээ.
  • Наурыз тэмдэглэдэг улс орнууд Наурызын өвийн тухай мэдлэгийг олон улсын хүрээнд дэлгэрүүлэхийн тулд энэ баярын түүхэн сурвалж болон уламжлалыг судлахаар заасан байна.
  • Наурызыг сонирхож буй гишүүн орнууд, НҮБ болон түүний холбогдох мэргэжсэн комиссууд, сан болон хөтөлбөрүүд, ялангуяа НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн хороо, сонирхож буй олон улсын болон бүсийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд Наурыз тэмдэглэдэг орнуудаас зохион байгуулж буй арга хэмжээнд оролцож, дэмжиж байхыг тус тус уриалсан байна.

Тэгэхлээр Наурыз баярыг НҮБ-аас онцгой анхаарч өндөр ач холбогдол өгснийг үүнээс харж болохоор байна.

     Т.ЕТЕКБАЙ   /Түүх, соёл судлаач, ХМТ ажилтан/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж