“Ман Сити” тэргүүлэгчдийн өрсөлдөөнд эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

“Ман Сити” тэргүүлэгчдийн өрсөлдөөнд эргэн ирлээ

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн сүүлийн хоёр тойрогт Манчестерийн цэнхэр өмсгөлтнүүд тун хүнд байдалд байлаа. Учир нь “Свонси Сити”-д хожигдсон тэр өдрөөс хойш хүснэгтийн тэргүүллээ “Манчестер Юнайтед” клубт алдсан юм. Өнгөрсөн амралтын өдрөөр болсон Премьер лигийн 29 дүгээр тойрогт “Улаан чөтгөрүүд” “Вулверхэмптон”-ыг 5:0 харьцаатай бут ниргэж, таван сар гаруй хугацаанд лигийг тэргүүлж байсан “Манчестер Сити”-гээс дөрвөн оноогоор холдож чадсан юм. Харин “Сити” урд шөнө “Этихад” цэнгэлдэхдээ лигийн хүчтэй баг “Челси”-г хүлээн авч, 29 дүгээр тойргийн тоглолтоо нөхөн хийлээ. Дөрөв дараалсан ялалттай яваа Лондонгийн “Цэнхрүүд” ирэх жилийн Аваргуудын лигийн тэмцээнд орохоор улирлаа үргэлжлүүлж байгаа. Тиймээс тоглолт маш ширүүн уур амьсгалтай болж, түрүүлж хаалгандаа гоол алдсан “Сити” үндсэн цаг дуусахаас өмнө хоёр гоолыг оруулснаар тун хэрэгтэй байсан гурван оноогоо авч чадлаа. Өвлийн солилцоогоор “Челси”-д ирсэн Гари Кэхилл тоглолтын 60 дахь минутад тооны харьцааг нээсэн бөгөөд түүний цохисон бөмбөг Яаяагийн хөлд хачир аван чиглэлээ өөрчилснөөр Хартын хаалганд орсон байгаа. Харин 78 дахь минутад Кун Агуэро торгуулийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлсэн бол Аргентиний өөр нэг довтлогч Карлос Тевезийн дамжуулалтаар Насри хожлын гоолыг Петр Чехийн хаалганд оруулсан юм. Тоглолтын 85 дахь минутад орсон энэ гоол талбайн эздийг баяр хөөрт умбуулж, “Сити” маш хэрэгтэй байсан гурван оноогоо авснаар “Юнайтед”-аас ганцхан онооны зөрүүтэй болов.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж