Түвэгтэй бизнесийн түгшүүр

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Түвэгтэй бизнесийн түгшүүр

Бухимдуулах нэг өдөр байхад тайвшруулах өдөр бас бий гэдгийг нефтийн бүтээгдэхүүн импорт­лон борлуулагчид харуулж байх шиг. Өнгөрөгч нэгдүгээр сарын эхээр шатахууны үнийг огцом буюу литр тутамд 260-300 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ. Харин  Цагаан сарын өмнөхөн ихэнх шатахуун түгээх станц үнээ  50 төгрөгөөр буурууллаа. Цагаан сарын үеэр шатахууны үнэ ийнхүү  буурч байгаа нь өндөр үнэтэй хоол хүнс, дээл хувцас, бэлэг сэлтэд хэтэвчээ хоосолсон монголчуудад олзуурхууштай л хэрэг.

Нөгөө талаас бараг хоёр сарын өмнө нэгэн  баасан гаригийн орой шатахууны үнийг түүхэнд байгаагүйгээр нэмж олон нийтийн бухимдлыг оволзуулсан импортлогчид гэмээ цайруулж байгаа нь яамай даа. Гэхдээ шатахууны үнэ шат дараатай буурч байгаа ч бензиний үнийн огцом өсөлтөөс үүдэн  үүссэн өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн хөөс дарагдахгүй, харин ч баяр ёслолыг далимдуулан улам даамжирч байгаа нь тун ч таагүй. 

Монголд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, байгууллага нэг бус бий ч нэрнээс цаашгүй амьгүй албатууд учраас шатахууны үнээс улбаатай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг буцаагаад буурах ёстой гэж хэл үг, хэрүүл тэмцэл хийх нь огт үгүй. Харин шатахууны үнийн өсөлт дээр С.Ганбаатарын тэргүүлдэг МҮЭХ-ныхон сайн ажиллалаа. Тэдэнд олон нийтийн өмнөөс талархал илэрхийлсэн ч болно. Ам.долларын өсөлттэй холбоотой үнээ огцом өсгөсөн нефтийн бүтээгдэхүүн импортлогчидтой тус байгууллагынхан сайн “үзэлцлээ”. Эцэст нь ялалт байгуулав.

Монголын эдийн засгийн форум болохтой холбоотой урьдчилсан хэлэлцүүлгүүдийн нэг нь “Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, даван туулах нь” сэдвээр болсон. Газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, НИК компанийн захирал нар тус хуралд илтгэл тавьж оролцсон. Уг хурлын үеэр МҮЭХ-ны төлөөлөл болох залуучууд өнөөдөр ам.долларын үнэ харьцангуй суларч, төгрөгийн ханш чангарах төлөвтэй  байхад яагаад үнээ бууруулахгүй байгаа юм бэ? Хоёрдугаар сарын 8-ны дотор бууруулна гэж Засгийн газрын гурван талт зөвшилцлөөр хэлэлцэж тохирсон шүү дээ гэж баримт дэлгэн харуулж байсан.

Албаны болон  хувийн  секторыг төлөөлсөн дээрх хоёр илтгэгчийн хэнийх нь ч амнаас үнэ бууруулахтай холбоотой үг унаагүйд хуралд орол­цогчдын олонх нь бухимдаж байлаа. Харин дараахан нь “Шунхлай” ком­паниас эхлээд үнээ бууруулж, өнөөдөр ихэнх шатахуун түгээгүүрийн  ханшийн самбарт литр тутамд 50 төгрөгөөр доошилсон ханш харагдаж, иргэдийг жаахан тайвшруулж байна.

Төр өөрчлөлт авчирч чадах уу

Нефтийн бүтээгдэхүүний импортыг төр гартаа авах тухай асуудал шинээр сөхөгдөн яригдаж буй. Одоогоор хэн ч үүнийг зөв буруу гэж шүүмжлэх, дүгнэн цэгнэх боломжгүй байна. Харин НИК компанийн гүйцэтгэх захирлын хувьд “Бид өнгөрсөн хугацаанд газрын тосны газар гэж Засгийн газрын агентлагтай байнга хамтарч ажиллаж ирсэн. Төр өнөөдөр импортыг гартаа авснаараа яг юуг яаж сайжруулахыг ойлгохгүй байна” гэж хэлж байсан. Цаанаас авахдаа өөр өөр үнээр авдаг ч дотоод зах зээлд нефть импортлогчдын хувьд үгсэн хуйвалдах, ашиг олох нь их байна гэсэн хардлага төрд бий. Тиймээс төр импортыг гартаа авч, одоогийн импортлогчдод дотоодын жижиглэн худалдаалах зах зээлийг нь даалгана гэсэн төсөл байгаа билээ.

Импортлогчдын хувьд улсын хэрэгцээ шаардлагын өмнөөс хүнд хэцүүг үүрэн ажилладаг нь үнэн. Тэдэнд дотоод, гадаад зах зээлтэй холбоотой тоочиж барахгүй хүндрэл бэрхшээл бий байх. Гэхдээ зарим тохиолдолд үнээ үгсэн хуйвалдаж, өгсөөдөг нь оргүй зүйл биш гэдэг нь нэг бус удаагийн үйлдлээр батлагдсан гэхэд хилсдэхгүй. Төрөөс шатахууны үнийг тогтвортой байлгахтай холбоотой төрөл бүрийн дарамт шахалт байдаг учраас тэд ихэнхдээ тэсч тэвчдэг. Гэвч заримдаа тэсэрч дэлбэрч дур мэдэн үнээ огцом нэмдэг сул талтай. “Импортлогчдын хувьд өнгөрөгч сард үнээ огцом нэмсэн нь олон жилийн алдагдлаа нөхөх гэсэн ч байж болох юм” гэдэг санааг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор Б.Эрдэнэбат хэлэв. Тэрбээр “Газрын тосны цочрол ба Монгол I” судалгааг бие даан хийсэн учраас нефтийн бүтээгдэхүүний зах зээлийн учир начрыг сайн мэдэх нэгэн.

Шатахууны үнийг  огцом өсгөж, бас бууруулж явж болох ч энэ бол аль аль талдаа урт насгүй, хорон зүйл. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл монголчуудад үнэтэй  битгий  хэл, “Төмөр хүлгээ” тэжээх хоолгүй ч болох эрсдэл бийг үгүйсгэх аргагүй. Учир нь, манай улсын эрс өсөн нэмэгдэж буй нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 98.2 хувийг ОХУ-аас, нэг хувийг БНХАУ-аас, 0.6 хувийг БНСУ-аас импортолж буй. Энэ нь стратегийн бүтээгдэхүүний хувьд үндсэндээ бараг ганц улсын зуун  хувийн хараат байдалтай байгаа гэж ойлгож болох юм. Энэ байдал нь Монгол Улсыг ч, нефтийн бүтээгдэхүүн импортлогчдыг ч байнгын хүнд байдалд байлгадаг гэсэн үг.

НИК компанийн гүйцэтгэх захирал М.Халиунбат “Энэ бизнес улам бүр түвэгтэй болж байна” гэж дээрх хэлэлцүүлгийн үеэр онцлон тэмдэглэж байсан.

Уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн томоохон бүтээн бай­гуу­лалтын ажил эрчимжиж байгаа­тай холбоотойгоор манай улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ эрс өсөн нэмэгдэж буй аж. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд л 1,040,336 тонн шатахуун импортолсон байна.  Энэхүү хэрэглээг 2009 онтой харьцуулахад 61.4 хувиар, 2010 оноос 26,1 хувиар тэлсэн аж. Газрын тосны хэрэг эрхлэх газраас хурдацтай өсч буй хэрэглээг 2015 онд гэхэд 1.5 сая гаруй тоннд хүрнэ гэж таамаглажээ. Шатахууны импортын төрлийн хувьд авч үзвэл өнгөрсөн  онд импортолсон  нефтийн бүтээгдэхүүний 60 хувийг дизелийн түлш эзэлжээ. Энэ нь мөнөөх л уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжсэнтэй холбоотой.  

Хараат байдлаа хэрхэн бууруулах вэ
 
ОХУ-ын дотоодын зах зээлд хомсдол үүссэнтэй холбоотойгоор бензиний экспортын татвартаа өнгөрөгч аравдугаар сараас 60-66-90 гэсэн томьёолол хэрэглэж тооцох болсон байна. Энэ нь Нефтийн экспортын татварыг дэлхийн зах зээл дээрх Урал брендийн өнгөрсөн сарын дундаж үнээс 60 хувиар, бензиний татварыг Нефтийн татварын 90 хувь, дизелийн түлшний татварыг Нефтийн татварын 66 хувиар тооцох болсон гэсэн үг.

Оросуудын нефтийн бүтээгдэхүүний экспортдоо тавьсан шинэ бодлого үүгээр дуусаагүй. “Роснефть” Монгол Улсад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүндээ минимум квот тогтоож, Заавал худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд Монголд сар тутамд Аи-92 10,000 тн, зуны дизелийн түлш 40,000 тн, өвлийн түлш 30,000 тонныг нийлүүлэхээр тусгасан байна. Ийн  хатуу нөхцөл тулгасан ч Монгол Улсын хувьд яаж ийгээд авахаас аргагүй. Бидэнд “Нөхцөл хатуу байна, авахгүй” гэж хэлэх эрх байхгүй.

Энэ бүхэн юу хэлж байна вэ гэвэл Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хангалтын асуудал улам бүр түвэгтэй, түгшүүртэй болж байгааг харуулж байгаа хэрэг. Нэг үгээр хэлбэл, гарц хайх цаг үнэхээр болжээ гэдгийг илтгэж буй юм. Харин Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд нэг улсаас хараат байдлаа хэрхэн бууруулж, хэзээ дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барих вэ гэдэг хамгийн чухал асуудал юм.

Газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч П.Сарангэрэлийн хэлснээр манайд өнөөдрийн байдлаар 18 хайгуулын талбайд 14 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 300 мянгаас хоёр сая хүртэл тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрлийг таван компани аваад буй аж. Гэхдээ энэ тавын дотор зуун хувь үндэсний гэсэн тодотголтой компани одоогоор байхгүй.

Тэгэхээр манай нефтийн бүтээгдэхүүн импортлогч дотоодын компаниудын нэгдэн нийлж үндэсний үйлдвэр барих хүсэл, зориг нь хэр байдаг юм бол доо гэж бодогдоход хүргэж буй юм. Хүсэл сонирхол нь байгаад хөрөнгө хүч, техник технологийн тал дээр туршлага дутаж, төрийн тодорхой бодлого үгүйлэгддэг байж ч болох.

Юутай ч Дархан, Зүүнбаян, Эрдэнэт, Дорнод, Чойр, Сайншандад газрын тосны жижиг үйлдвэр барих төслүүд бий аж. Хамгийн тоймтой тодорхой нь гэвэл Дархан-Уул аймагт баригдах “Дархан газрын тос” компани. Тус компанид Японы хөрөнгө оруулалттай “Монголсэкию” компани болон Монголын “Петровис”, “Жаст”, “Магнай трейд” зэрэг компани консерциум болж оролцсон аж. Өнөөдрийн байдлаар хийгдэж байгаа ажил гэвэл “Дархан газрын тос” компанид төрийн хувь оролцоо ямар байх вэ гэдгийг тодорхой болгох Ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн. Мөн “Дорнод газрын тос” компанид ч төрийн хувь оролцоог ямар байлгах талаар ярилцаж байгаа гэнэ. Яриад суух биш, дотооддоо жаахан ч гэсэн газрын тос боловсруулах ажлыг цаг алдалгүй хийж эхлээч ээ гэдэг саналыг салбар бүрийн олон хүн хэлж, тэмдэглэж байсан юм. Алт, зэс, нүүрс тэргүүтэй 80 төрлийн ашигт малтмал хэвлийдээ тээсэн Монгол нутагт газрын тосны нөөц ч чамлахааргүй  бий. Харин чанга атгаж, “чулуу” болгох эсэх нь зөвхөн монголчуудын ур ухаан мэдэх хэрэг. Манай улсын газрын тосны баталгаат нөөц 196 сая тонн бөгөөд үүнээс  ашилалтын баталгаат нөөц  20.17 сая тонн. Монголын газрын тосны олборлолтод монополь эрхтэй оролцож ирсэн “Петро Чайна Дачин Тамсаг” компани гэхэд л 1993 оноос хойш нийт 5.3 сая тонн түүхий нефть олборлож, экспортолсон тухай баримтыг дурдахад Монгол Улсын  дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барих шаардлагыг тодотгож буй хэрэг.

Улсын нөөцгүй нөөц
 
2017 он хүртэл газрын тос, нефтийн бүтээгдэхүүний чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг дөнгөж одоо гаргаад буй. Үүнд Газрын тосны хууль эрх зүйн орчныг сайжруулах, газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгож, салбарыг хөгжүүлэх, газрын тосны хайгуул, орборлолтыг нэмэгдүүлэх зэрэг цөөнгүй сайхан асуудлыг тусгаж өгчээ. Үйлдвэр барих асуудал эртнээс яригдсан. Гарц шийдэл нь бий ч ажил урагштай явахгүй байгаа болохоос. Үйлдвэртэй болохоос өмнө Монголын өнөө маргаашийн хэрэглээтэй холбоотой тулгамдсан асуудал бас бий. Энэ нь газрын тос боловсруулах үйлдвэр баригдах хүртэл нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээгээ хэрхэн тогтвортой хангах вэ гэдэг юм. “Петровис” компанийн гүйцэтгэх захирал Д.Энхчимэг “ОХУ-д сонгууль болох гэж буйтай холбоотойгоор дотооддоо жижиглэнгийн үнээ хатуу барьдаг. Татварын өндөр тариф тавиад байгаа. Тэдэнд бэлэн бүтээгдэхүүн гаргах сонирхол төдийлэн байхгүй байгаа” хэмээн ярьж байсан. Тэгэхээр Монголд сонгууль болохтой зэрэгцэн хойд хөршид Ерөнхийлөгчийн сонгууль болно. Харин монголчуудад сонгууль болтол шатахууны үнэ нэмэгдэхгүй байх гэсэн таамар байна. Учир нь, улстөртэй холбоотойгоор гадаад зэх зээлд юу ч болж байсан улстөрчид дотоодын үнийг яаж ийгээд зохицуулж барина. Харин сонгууль болсны маргаашнаас л байдал эвгүйдэж мэдэх байх шүү гэсэн таамгийг олон нийт дэвшүүлж байна. Дотоод зах зээлд ийм таамаг дэвшүүлж болох ч харин гадаад зах зээл буюу дангаараа Монголын нефтийн зах зээлийг барьдаг ОХУ-д сонгуультай холбоотой ямар нөхцөл байдал үүсэхийг хэн ч таашгүй. Тиймээс газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч П.Сарангэрэлийн хувьд дотоодынхоо нефтийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарах нь хамгийн ойрын зорилт болоод байна гэдгийг онцгойлон тэмдэглэж байсан.

Өнөөдөр манайд стратегийн бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүний улсын нөөц байдаггүй гэж хэлж болно. Энэ нь, төрд нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх агуулах сав байдаггүйтэй холбоотой. Тиймээс хэлтэй амтай ч гэсэн бүхэл бүтэн улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжийн асуудлыг хар толгойгоороо хариуцаж ирсэн хувийн 10 гаруй импортлогч компанийнхаа савыг төр ашигладаг гэсэн үг. Ахиухан савтай компанийн савыг төр түрээсэлж, тодорхой хэмжээгээр бүтээгдэхүүн хадгалдаг байна. Гэхдээ энэ нь өчүүхэн бага. Үндсэндээ улсын нөөц нь зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын бүтээгдэхүүний нөөцөөр тодорхойлогддог гэж үзэж болох юм.  Харин Сарангэрэл “Улс яаралтай өөрийн нөөцтэй болох ёстой. Юуны өмнө дөрвөн чиглэлд нийт 60 мянган тоннын нөөц бүрдүүлэх хэмжээний  савны  зураг төсөл гаргаад байгаа. Санхүүжилтийг нь яаралтай шийдүүлэхээр Засгийн газарт асуудлыг өгсөн” гэж мэдээлсэн.  Яг өнөөдрийн байдлаар А92 26 хоногийн, А-80  20 хоногийн, дизелийн түлш 10 хоногийн нөөцтэй байгаа /Хоёрдугаар сарын 8-ны байдлаар/ аж.

Сонгуулийн жил улстөрчдийн зүгээс иргэдэд хайр зарлах нь их ч  эцсийн дүнд нь үр тариа, ургац хураалт, бензин шатахуун гээд бүх салбарт эрсдэл өндөртэй байдаг нь олон жилийн туршлагаас харагдсан. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх асуудал түгшүүртэй бизнесийн хамгийн ойрын түгшүүр юм.

И.Отгонжаргал

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж