Багахангай “Иргэний танхим”-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Багахангай “Иргэний танхим”-тай боллоо

Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангайд амьдарч буй 3800 иргэний дуу хоолой, байр суурийг төрийн шийдвэр гаргах төвшинд уламжлахаар “Иргэний танхим” өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар буй болсон “Иргэний танхим”-ын үйл ажиллагаа нь бүх шатны шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэ удаад Багахангай дүүрэгт байгуулагдсан “Иргэний танхим”-ын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Болд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан н.Аззаяа болон орон нутгийн удирдлагууд оролцсон юм.
Монгол Улсад парламентын засаглал хөгжөөд хорь гаруй жил өнгөрч, иргэд өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан төрийн шийдвэрт нөлөөлдөг тогтолцоо төлөвшсөн ч иргэн бүрийн санаа бодол улс орны хэмжээний асуудалд шаардлагатай хэвээр байна гэж УИХ-ын гишүүн Л.Болд энэ үеэр хэллээ. Нийгмийн өмнө болон тутмын амьдралд тулгамддаг олон асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо, санаачилга хэрэгтэй байгааг тэрбээр онцлоод иргэдийн дуу хоолой, байр суурийг төрийн шийдвэрт хүргэдэг механизм нь “Иргэний танхим” гэж тодорхойлсон юм. Үгүйлэгдээд байсан энэ механизмыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гярхай олж харж ажил хэрэг болгосны үр дүн маш амжилттай байгааг Багахангай дүүргийн иргэдийн төлөөлөгчдөд хоср жишээгээр тайлбарлалаа.

Юуны өмнө Ашигт малтмалын тухай хуулиар “Иргэний танхим”-д хэлэлцүүлэг өрнүүлж, энэ үеэр гарсан иргэдийн саналд үндэслэн ашигт малтмалын лиценз олголт, наймааг зогсоож чадсан байна. Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, журам Монгол Улсад олон жил мөрдөгддсөн ч ахиц гараагүй хэрнээ “Иргэний танхим”-д асуудлыг авч хэлэлцсэний дараа иргэдийн хандлага, санаачилга огт өөр болсон гэв. Энэчлэн хууль, журмаар зохицуулж хүчрэхгүй асуудалд иргэдийн оролцоо, санаачилга, хөдөлгөөн маш эерэг нөлөөтэй байдгийг жишээгээр тайлбарласан юм. Архигүйгээр цагаан сар тэмдэглэх тухай хууль, эсвэл “Шударга байцгаая” гэдэг хууль ч байх боломжгүй. Ийм асуудлыг иргэдийн өөрсдийнх нь итгэл үнэмшлээр шийдвэрлэдэг аж.

Иргэддээ өгөөжтэй, төрд нөлөөтэй хэлбэрээр “Иргэний танхим”-аа ажиллуулна гэдэгт Багахангайн ИТХ, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд итгэлтэй байгаагаа тус танхимын нээлтийн үеэр хэлж байлаа. Багахангай дүүргийнхний дунд явуулсан судалгаагаар “иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй арга зам нь мэдээллээр хангах явдал” гэж олонх нь буюу 58 хувь нь хэлжээ. Иргэдийг мэдээллээр хангах, харилцан солилцох, тэдний оролцооны хэлбэрийг зохион байгуулах зорилгоор Багахангай дүүргийнхэн “Шинэ эхлэл-Багахангай” клубыг байгуулсан байна. Ердөө хоёр хороотой боловч тэдгээр нь хоорондоо нэлээн зайтай, хүмүүс нь төрийн албаных, хувийн хэвшлийнх гэхчлэн олон хэсэгт хуваагдсан, хоорондоо нэгдэлгүй байдал Багахангай дүүрэгт ажиглагддаг аж. Ийм нөхцөлд яаж иргэдийн оролцооны хэлбэрийг зохион байгуулах вэ гэдэг шийдэл дээрээс тус клубыг байгуулснаа дэд тэргүүн Т.Ариунболд ярилаа. Багахангай дүүргийн “Иргэний танхим” нь тус клубыг, тус клуб нь “Иргэний танхим”-ыг түшиглэн хамтарч ажиллах юм байна. “Иргэний танхим”-ын нээлтийн ажиллагаанд иргэдийн төлөөлөл оролцож, санал бодлоо хэлсэн юм. Тэдний нэг өндөр настан Т.Бямбарагчаа Төрийн ордон дахь “Иргэний танхим”-д мөн анх удаа иргэдийг төлөөлөн үзэл бодлоо илэрхийлж байжээ.

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж