Урлагийн бурхадтай хамт “Тэнгэрийн хүү” заларсан үдэш

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Урлагийн бурхадтай хамт “Тэнгэрийн хүү” заларсан үдэш

Улсын драмын эрдмийн театрт өчигдөр тэнгэрийн их эзэн Зевсийн есөн охин Муза заларлаа.

Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд Олон Улсын драмын театрын өдөр тохиодог бөгөөд энэ л өдөр Монголын драмын урлагийнхан шилдгээ шалгаруулж, “Гэгээн Муза”-гийн эзэд тодордог. Өнгөрсөн жил тайзнаа амилсан 11 уран бүтээлийн 60 гаруй уран бүтээлчид ес дэхь жилдээ зохион байгуулагдаж буй “Гэгээн муза-2011” наадамд өрсөлдсөн юм.

Шилдгийн шилдгийг нэрлэх торгон агшин улаан хивсний ёслолоор эхлэн драмын театрын гадаа хурсан олны алга ташилт дунд “Гэгээн муза-2011” наадмын нэр дэвшигчид “алтан” тайзаа зорин ирсэн билээ. Бүтэн жилийн турш догдлуулан хүлээлгэдэг энэхүү наадмын зочид тансаг, ихэмсэг гоёлоороо олны нүдийг хужирлан байв.
Уг наадам нь драмын урлагийнхан төдийгүй загварын ертөнцийхний чадал чансааг илтгэдэг томоохон наадам юм. Тиймдээ ч үзэгчид энэ л үдэш тэднийг ямар гоёлоор гоёх бол хэмээн сэтгэл догдлон хүлээдэг. Өнгөрсөн жил түүхэн олон ой давхцсан болоод ч тэр үү “Гэгээн муза-2011” наадам түүхэн жүжгээр амьсгалсан бол наадмын зочдын дийлэнх нь ч үндэсний хэв маягыг шингээсэн дээл, даашинзаар гоёжээ.

19.00 цагт улаан хивсний ёслолоор эхэлсэн тус наадмын ажиллагаа урлагийн тоглолтоор үргэлжилж тайзнаа тэнгэрийн эзэн Зевсийн охид болох “Муза” нар чуулан бүжиж наадмыг нээв.

Уламжлал ёсоор энэ жилийн эхний “Гэгээн Муза” алтан цом “Хүүхдийн жүжиг”-ийн төрөлд өрсөлдсөн шилдэг уран бүтээлчдэд очсон. “Хөгжимт драм”, “Драм”-ын төрлийн шилдгүүд ар араасаа тодрон “Гэгээн Муза” эздэдээ очин урлагийн бурхад газарт заларсан үдэш байлаа. Тус наадмын хамгийн өрсөлдөөнтэй сэтгэл догдлуулсан торгон мөч бол яах аргагүй драмын жүжгийн шилдгүүдийг тодруулах торгон агшин байлаа.

Энэ жилийн “драмын жүжгийн төрөл”-д “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг шагналын “хур” буулган зургаан номинацид шилдгээр тодрон тайзнаа заларсан. Наадмын шилдгийн шилдэгт олгодог “гранпри” шагнал, таван сая төгрөгийн эзнээр УДЭТ-ын “Тэнгэрийн хүү” жүжиг  шалгарлаа.
Тус жүжиг нь Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жил, Их монгол улсаа байгуулсны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Драмын Эрдмийн Театрын 80 жилийн ойг тохиолдуулан зарласан түүхэн жүжгийн зохиолын уралдаанд тэргүүн байрын эзнээр тодорсон зохиолч Б.Цогнэмэхийн бүтээл бөгөөд найруулагч Н.Наранбаатарын найруулгаар өнгөрсөн жил драмын театрын тайзнаа амилсан юм.

Энэ удаагийн “Гэгээн муза-2011” наадмын ерөнхий шүүгчээр Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, хөгжимт жүжгийн төрлийн эксперт шүүгчээр УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Найдандорж, найруулагч Б.Мөнхдорж, наадмын шүүгчээр урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, театр судлаач Н.Батсайхан, урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэн, зохиолч Д.Уранхай, урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Н.Эрдэнэсамбуу, Гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн хөгжимчин Ц.Энхманлай нар ажилласан бөгөөд энэ удаагийн наадамд чадалтай чансаатай бүтээлүүд өрсөлдсөн учраас шүүгчдийг багагүй маргалдуулж, хүч тэнцүүлж байжээ.

 “Гэгээн муза-2011” наадмын шилдгүүдийг толилуулж байна.

  • Шилдгийн шилдэг гран-при: “Тэнгэрийн хүү” жүжиг /УДЭТ/

Драмын жүжгийн төрөлд:

  • Оны шилдэг жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжгээр алтан цомын эзэн болсон. Ардын жүжигчин Л.Цогзолмаа тайзнаа эл номинацийн дугтуйг нээн найруулагч Н.Наранбаатар хэмээн зарлан түүнд “Гэгээн муза”-г гардуулсан.
  • Найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү жүжгийг бүтээхэд тусалж дэмжсэн бүх хүмүүст баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлээд охидууд гэж айхтар юм аа. Би Жерри, Берри гээд хоёр охинтой. Түрүүн наймаг гэрээсээ гарахад бага охин маань “аав аа аав аа “Гэгээн муза” авчраарай гэхэд нь би “тэгнэ ээ тэгнэ, аав нь “Гэгээн муза” заавал авчирна” гэж хэлсэн юм. Миний хоёр охин дэлгэцээ цоо ширтээд намайг харж байгаа байх. Аав нь “Гэгээн муза”-г чинь авчирлаа шүү гэж хэлмээр байна” хэмээн баярласан сэтгэлээ дэлгэсэн юм.
  • Оны шилдэг жүжгийн зохиолч: Х.Цогнэмэх /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
  • Оны шилдэг тайзны зураач: Я.Санжаасүрэн /“Ану хатан” жүжгээр/
  • Оны шилдэг хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
  • Оны шилдэг эрэгтэй гол дүрийн эзнийг Ардын жүжигчин Мэндбаяр зарлан дуулгасан. "Тэнгэрийн хүү” жүжгийн Модуны дүрээр жүжигчин Г.Эрдэнэбилэг “Гэгээн муза” цомын эзэн болсон. Түүнийг  тайзнаа гарахад үзэгчдийн суудлаас “хүн хүн хүн” хэмээн хэсэг залуус уухай өргөн байсан юм. Харин тэрбээр "Тайзан дээр гарч ирээд манай аравтын цэргүүд хүн хүн гэж байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Үнэхээр их баярлаж байна. Маш олон хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Нэрийг нь хэлэлгүй орхичих вий дээ. Хамгийн түрүүнд Хүннү улс, Модун Шаньюгын тухай жүжиг хийх гэж байгаа гэдэг саналыг миний найз УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар надад хэлж байсан юм. Энийг сонсоод би их айсан, эмээсэн. Гэхдээ урам зориг орсон. Яагаад гэвэл би Наранбаатар найрулагчид үргэлж итгэдэг.  Хамтран ажилласан бүх уран бүтээлчиддээ баяр хүргэе. Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Энэ бол миний тайз, энэ бол миний хамт олон, тэгээд энэ бол миний шагнал. "Тэнгэрийн хүү" жүжиг бол үнэхээр цаг үеэ олсон жүжиг болж чадсан. Үүнийг уран бүтээлчид бид жүжиг дуусахад үзэгчид босч ирээд илэрхийлдэг халуун алга ташилтаас, халуун омогшлоос нь мэдэрдэг. "Бидний орших эс орших нь энэ газраас улбаатай. Газар бол улсын үндэс…” хэмээн “Тэнгэрийн хүү жүжгийн хэсгээс толиулсан нь тэнд хуран чуулсан зочдыг омогшуулж байлаа.
  • Оны шилдэг эмэгтэй гол дүрийг олны өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Жүдо бөхийн Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар дугтуйг нээн  “Оролмаа эх” жүжгийн Оролмаагийн дүрээр Гавьяат жүжигчин С.Сарантуяа шалгарсныг зарласан юм. Гавьяат жүжигчин С.Сарантуяаг тайзнаа Муза гардах мөчид түүний ээж цэцгийн баглаа барин гарч ирэхэд тэрбээр “Ээж ээ, энэ цом бол таньд шүү. Яагаад гэвэл хүмүүс ярьдаг. Төрж байж л эхийгээ мэддэг юм аа гэж. Гэхдээ энэ бас дутагдалтай юм аа. Харин миний мэргэжил надад үүнийг улам мэдрүүлдэг. Би эх хүний дүрд тоглох тусам  ээж ээ би таныгаа ямар их хайрлаж, таныхаа дотор юу бодогдож байгааг тэр мөчид л мэдэрдэг шүү. Ээж ээ би таньдаа хайртай” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж байв.  
  • Оны шилдэг эрэгтэй туслах дүр: С.Болд-Эрдэнэ /“Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын элч, Зайрангийн дүрээр/
  • Оны шилдэг эмэгтэй туслах дүрийг УДЭТ-ын захирал Цэрэнсамбуу зарласан.  Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр “Гэгээн муза”-гийн эзэн болсон. Тэрбээр тайзнаа “Энэ “Гэгээн муза” сая надтай нэр дэвшсэн та нарынх бас мөн шүү гэж хэлмээр байна. Түүхэн жүжгийн дүрээр “Гэгээн муза” хүртсэндээ миний сэтгэл баяртай, ханамжтай байна. Энэ дүрд ажиллах боломж олгосон эрхэм найруулагч Н.Наранбаатарт баярласнаа хэлье. Багш нартаа залбиран мөргөе. Нэрт найруулагч Г.Доржсамбуу, Ардын жүжигчин Л.Жамсранжав. Хайртай багш Ардын жүжигчин Мэндбаяр таньдаа баярлаж бас бахархаж явдаг шүү. Энэ миний дөрөв дэх “Муза”. Энэ бүхнийг авахад надтай хамтран тоглосон, гайхалтай, эрч хүчтэй хөнгөн шингэн, наснаасаа илүү залуу харагддаг Ардын жүжигчин П.Цэрэндагва таньд баярлаж явдаг шүү хайртай” хэмээн догдолсон сэтгэлээ барьж ядан байлаа.

Дуулалт жүжгийн төрөлд:

  • Оны шилдэг жүжгийн найруулагч: Б.Мөнхдорж /“Боржигон цэцэн” жүжгээр/
  • Оны шилдэг тайзны зураач: О.Баярмагнай /“Боржигон цэцэн” жүжгээр/
  • Оны шилдэг хөгжмийн зохиолч: С.Дашням /“Боржигон цэцэн” жүжгээр/
  • Оны шилдэг эрэгтэй гол дүр: О.Ганзориг /“Арван тавны сар” жүжгийн Хангарьдын дүрээр/
  • Оны шилдэг эмэгтэй гол дүр: Р.Болортуяа /“Арван тавны сар” жүжгийн Цэцэнцэцэгийн дүрээр/

Хүүхдийн жүжгийн төрөлд:

  • Оны шилдэг жүжгийн найруулагч: Б.Хишигзаяа /“Солгой харандаа” жүжгээр/
  • Оны шилдэг тайзны зураач: Т.Сэржхүү /“Солгой харандаа” жүжгээр/
  • Оны шилдэг хөгжмийн зохиолч: С.Батболд /“Солгой харандаа” жүжгээр/
  • Оны шилдэг эрэгтэй гол дүр: Г.Гандөш /“Том хамарт одой” жүжгийн Яковын дүрээр/
  • Оны шилдэг эмэгтэй гол дүр: Б.Отгонсүрэн /“Солгой харандаа” жүжгийн Баллуурын дүрээр/
  • Оны шилдэг эрэгтэй туслах дүр: Д.Энхбат /“Том хамарт одой” жүжгийн Урбаны дүрээр/

БСШУЯ-ны сайдын нэхэмжит “Шилдэг залуу уран бүтээлч”-ийн эзнээр “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Алтаншагай шалгаран “Гэгээн муза” алтан цомын эзэн болсон.

Мөн “Шүүгчдийн нэрэмжит  тусгай шагнал”-ын эзнээр “Маргаашгүй хаан" жүгжгийн найруулагч Дэмбэрэлсамбуу шалгарч “Гэгээн муза”-г гардан авсан.

Түүнчлэн драмын урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад уран бүтээлчдэд олгодог “Гэгээн муза” цомд энэ жил хоёр эрхмийг онцолсон. Монгол Улсын Гавьяат жүжигчин н.Алтан-Өлзий энэхүү алтан цомыг эзэн болсон бол мөн 32 жил драмын урлагт хүчин зүтгэсэн нүүр хувиргагч, Соёлын тэргүүний ажилтан н.Уранчимэг энэхүү хүндтэй цомын эзэн болсон юм.
Энэ жилийн ерөнхий шүүгч Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын хэлсэнчлэн дараагийн “Гэгээн муза”-гийн эзэн магадгүй та ч юм билүү. Ирэх жилийн Муза хүртэл ахиад 365 хоног үлдлээ дээ. 

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж