Монгол Улс 2015 онд хиймэл дагуул хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Монгол Улс 2015 онд хиймэл дагуул хөөргөнө

Хиймэл
дагуул ашиглан Монгол Улсын хаана, хэдий хэр хэмжээтэй ус, баялгийн
нөөц байгааг нь хүртэл тодорхойлдог гэх яриа бий. Гэхдээ харамсалтай нь
бид өөрсдийн хиймэл дагуулгүй учраас гадныхныг царайчлах хэрэг гардаггэж
эрдэмтэд гомдоллож байсан даа. Тэгвэл бид өөрсдөө ч ийм боломжтой болох
нөхцөл бүрджээ. Учир нь 2015 онд манай улс хиймэл дагуул хөөргөхөөр
болсон. Бүр судалгаагаа хийгээд, гадны орнуудтай хамтран ажиллах гэрээнд
гарын үсэг зурж ажил эхнээсээ хэрэгжиж байгаа гэнэ. Дэлхий дээр яг
одоогийн байдлаар хиймэл дагуулаа хөөргөсөн 50 гаруй орон байдаг. 2015
он гэхэд бид энэ тоог нэгээр нэмэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Судалгааны ажил наймдугаар сард дуусна

Мэдээлэл,
шуудан, харилцаа холбоо, технологийн газар /МШХХТГ/ хиймэл дагуул
хөөргөх эхний судалгаагаа эхэлсэн бөгөөд ирэх наймдугаар сард багтаан
дуусгахаар ажиллаж байгаа аж. “Монгол орны хувьд холбооны болон тандан
судалгааны хиймэл дагуулуудад холбогдох чиглэлээр ажилладаг. Үүрэг
хуваарилалтын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсын сансрын
технологийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох техник эдийн засгийн
судалгааг эхлүүлсэн. Энэхүү судалгааг чадвал ирэх наймдугаар сарын 1-нд
дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэж МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ
ярьж байсан юм. Энэхүү судалгааг бүрэн хийж дууссанаар манай оронд яг
ямар төрлийн хиймэл дагуул хэрэгтэй вэ, түүнийг юунд ашиглах вэ гэдэг
асуудал тодорхой болох аж. Мөн хиймэл дагуул хөөргөх гэж байгаа орон бүр
энэ асуудлыг хариуцсан байгууллага руу өөрсдийн хүсэлт, өргөдлийг
явуулдаг бөгөөд энэ өргөдлийг хэрхэн гаргах вэ гэдгийг тодорхой хэмжээнд
шийдэх ажээ.  Зөвхөн судалгааны ажлыг хийхэд нэг тэрбум 200 сая төгрөг
зарцуулж байгаа юм. Мөн олон орны эрдэмтдийг ч урьж ажиллуулж байгаа
гэх. Монгол Улсын хувьд 1970-аад оны үеэр Олон улсын цахилгаан холбооны
байгууллагаас сансрын хоёр байрлалд хиймэл дагуул байршуулах эрх авчээ.
Мөн 1992 онд анх удаа Монгол Улс хиймэл дагуулд холбогдож, “Наран”
станцаар улс орон даяар, телевиз, радиогийн нэвтрүүлгийг цацдаг болжээ.

Хиймэл дагуул бол бизнес

Үүнд
та гайхаж магадгүй. Хиймэл дагуул яахаараа бизнес болдог билээ гэж.
Хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байршуулснаар тухайн орны хиймэл
дагуулыг бусад орон ашиглах хүсэлтээ ирүүлдэг. Үүнийг нь тухайн улсын
хариуцсан байгууллагууд нь хүлээн авч хамтран ажилладаг байна. Мэдээж
хиймэл дагуул ашиглана гэдэг бол асар их хэмжээний мөнгө тухайн оронд
орно гэсэн үг. Тиймээс мөнгө “босгох”, хиймэл дагуулыг бизнесийн
чиглэлээр хөгжүүлэх талаар гадны улс гүрнүүдээс туршлага солилцож байна.
Эхний ээлжинд монголчууд Японы энэ талаар үйлчилгээ үзүүлдэг
компаниудтай хамтран ажиллаж байгаа ажээ.

Сансар судлалд Японтой хамтарна

Монгол
Улсын Ерөнхий сайд Сү.Батболдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр сансар
судлалын чиглэлээр хамтран ажиллах тухай яригджээ. Үүний дагуу хамтран
ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. “Эхний ээлжинд бид нэгэн
зүйлийг хамтран ярилцсан. Япон улсын “NSE” компани Оснара сансрын хиймэл
дагуулаа энэ оны сүүлээр хөөргөх гээд бэлтгэл ажлаа хийж байна. Япон
улс бусад оронтой хамтраад газрын хяналтын системийг олноор нь байгуулах
гэж байна л даа. Товчоор хэлбэл тухайн хиймэл дагуулаас маш олон
төрлийн мэдээллийг олон газарт хурдан хугацаанд хүргэх боломжтой болно
гэсэн үг. Тиймээс бидний хамгийн эхэнд дэвшүүлсэн санал бол газрын
хяналтын системээ манай улсын нутагт бариач гэсэн саналыг тавьсан. Тэд
өөрсдийн судалгаагаа хийж байгаа. Манайд нааштайгаар шийдэгдэнэ гэж
найдаж байна” гэж Ж.Бат-Эрдэнэ ярилаа. Мөн энэхүү айлчлалын үеэр Японы
хиймэл дагуулын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг компаниуд руу мэргэжилтэн
явуулж, туршлага солилцох тал дээр хамтран ажиллахаар болжээ.

2015 онд хөөргөж амжих уу?

Судалгааны
ажил дуусмагц хиймэл дагуулаа 2015 онд хөөргөж амжих уу, амжихгүй юу
гэдэг нь тодорхой болох аж. “2015 онд дуусгах гээд л ажиллаж байна.
Хөөргөж чадахгүй юм аа гэхэд угсрах ажил дуусчих болов уу гэж харж
байгаа. Бидэнд хийх ажил их байгаа учраас нарийн хугацаа заах дэмий
болов уу” гэж Ж.Бат-Эрдэнэ ярьж байлаа. Гэхдээ яг одоогийн байдлаар
бидэнд тодорхой болгох хэд, хэдэн зүйлс бий. Бид яг ямар чиглэлээр
хиймэл дагуул хийж, түүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдэг нь тодорхойгүй
байгаа.  Энэ бүхэн судалгаагаар тодорхой болох аж. Ямар ч байсан хиймэл
дагуул хийх, хөөргөхтэй холбогдуулаад МШХХТГ-аас ирэх тавдугаар сард
үндэсний хэмжээний чуулган, семинар зохион байгуулахаар болжээ. Энэ
уулзалт, семинарын үеэр сансар судлалын чиглэлээр судалгаа хийдэг монгол
эрдэмтэд, гадны эрдэмтэдтэй санал солилцож нэгдсэн дүгнэлтэд хүрэх
зорилго тавьж байгаа аж.

Хиймэл дагуул ямар үнэтэй вэ?

Олон
улсын хэмжэнд 60-100 сая ам.долларт нэг хиймэл дагуул “босдог” аж.
Гэхдээ энэ нь яг юунд зориулж ашиглагдах вэ гэдгээс хамаараад үнэ нь
хэлбэлзэж байдаг ажээ. “Хиймэл дагуул хийнэ гэдэг амаргүй ажил. Бид сая
Японд айлчилж байх үеэр “NSЕ” компани хиймэл дагуул хийж байгааг харлаа.
Зөвхөн угсралтын ажилдаа л гэхэд 50-60 сая ам.доллар зарцуулдаг юм
билээ. Хиймэл дагуулын үнэ гэдэг бол харьцангуй. Бид хэрхэн ашиглах вэ
гэдгээ тодорхойлсон цагт энэ нь тодорхой болно” гэж Ж.Бат-Эрдэнэ ярьж
байсан юм. Хиймэл дагуулыг хийх, угсрах ажилд шинэ технологи шаарддаг
учир угсралтын зардал нэмэгдэх магадлалтай юм. Дэлхий дээр хиймэл
дагуулын шинэ технологи хэдэн арван сая ам.доллараар яригддаг ажээ.

Бидэнд ашигтай юу?

Одоогийн
байдлаар Монгол Улсад Ашигт малтмалын газар, Цаг уур, орчны
шинжилгээний хүрээлэн, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
байгууллагууд төлбөр төлөн гадны орнуудын хиймэл дагуулыг ашигладаг
ажээ. Эдгээр байгууллагууд бүгд гадны зээл тусламжаар сансрын станцыг
ашигладаг байна. Гадны тусламж зогсоход, цааш хэрхэх нь эргэлзээтэй.
Хэрвээ бид өөрийн гэсэн хиймэл дагуултай болчихвол ямарваа нэгэн ажил
явуулахад доголдол гарна гэж айх хэрэггүй болох аж. “Гадны зээл
тусламжаар сансрын хиймэл дагуулыг ашиглавал тэр мөнгөндөө таарсан
мэдээ, мэдээллийг боловсруулж, үйлчилгээ үзүүлнэ л гэсэн үг” гэж
Ж.Бат-Эрдэнэ ярьж байсан юм. Хиймэл дагуултай болчихвол өөрсдийн
хэрэгцээтэй мэдээллийг хүссэн үедээ, өндөр технологийн дагуу
боловсруулна гэж ойлгож болно.

Бидэнд  мэргэжилтэн хангалттай юу?

Бусад
улс орнуудыг бодвол бидэнд энэ чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчин
хангалтгүй. Гэхдээ БНХАУ-д яг энэ чиглэлээр зургаан хүн суралцаж байгаа
бөгөөд энэ жил дахиад таван хүн сансрын технологийн чиглэлээр
суралцахаар явах ажээ. Цаашдаа төрийн бодлогийн төвшинд хэлэлцүүлж,
төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгахаар ажиллаж байгаа юм байна.
Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр тус улсад сансрын
технологийн чиглэлээр оюутан солилцох, мэргэжилтнүүдийг чадавхжуулах
талаар хамтран ажиллахаар болжээ.

Монгол хүн сансарт хүнээ
нисгээд 32 жилийн нүүр үзжээ. Тэр цагаас хойш Монгол Улс сансар, сансар
судлалтай холбогдсонгүй. Харин одоо хиймэл дагуул хөөргөх талаар
бодлогын төвшинд ярилцаж байна. Шаардагдах судалгааг ч гадны
мэргэжилтнүүдтэй хамтраад хийж байгаа аж. Ямар ч байсан Монгол Улс
сансар судлалд анхаарна гэдгээ Монгол хүн сансарт ниссэн өдрөөр ярилцаж,
дараагийн хүнээ ч нисгэх талаар ярилцаад авчээ. Биднээс 32 жилийн турш
хол байсан сансрын үйл хэрэг, гурван жилийн дараа бидэнд ойртож ирэх нь
ээ. Гэхдээ төлөвлөсөн хугацаагаараа явбал шүү дээ.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж