Ажилгүйдэл буурсан ч байдал түгшүүртэй хэвээр

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Ажилгүйдэл буурсан ч байдал түгшүүртэй хэвээр

АНУ-ын эдийн засгийг төрөөс дэмжих ажиллагаа үргэлжилсээр байх болно гэж тус орны Холбооны нөөцийн системийн (Төв банк гэж ойлгож болно. ред.) тэргүүн Бен Бернанке амлав. Урсгал өсөлт нь хөдөлмөрийн зах зээлийг дэмжихэд хангалтгүй байна. Зах зээлд хөдөлгөөн гарч байгаа ч эдийн засгийн бодлого буруу байна хэмээн шинжээчид ярьж байна.

“Статистик үзүүлэлтийн цар хүрээ хөдөл­мөрийн зах зээлд байдал сайжирч буйг гэрчилж байна. Тэр нь сайн хэрэг” хэмээн АНУ-ын Холбооны нөөцийн системийн  тэргүүн Бен Бернанке Виргиниа мужийн Арлингтонд болсон Эдийн засаг бизнесийн үндэсний эвслийн хуралдаан дээр мэдэгдэв. АНУ-ын хувийн хэвшлийн салбарт ажлын байр сар бүр 250 мянгаар нэмэгдэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртлэх дундаж үзүүлэлтээр авбал сүүлийн 12 сарын дотор дунджаар сардаа ажлын байр 190 мянгаар өсчээ.

Сүүлийн зургаан сард ажилгүйдэл 9,1 хувиас 8,3 хувь болтол буурчээ. Гэтэл АНУ-ын эдийн засаг өнгөрсөн жилд 1,7 хувийн өсөлттэй байсан бөгөөд 2012 оны эхээр өсөлт бага зэрэг саарсан. Эдийн засгийн өсөлт бага байхад ажилгүйдэл ийм хурдан буурсан нь “таавар” гэж Бернанке хэлээд энэ бууралт богино хугацааны үзэгдэл байж магадгүй гэж санууллаа.

“Эдийн засгийн нөхцөл сайжраагүй гэдэг нь урт хугацаанд ажилгүй байгаа хүмүүсийн тоо болон ажлын байрны өсөлт, ажилласан цагийн үзүүлэлт хямралын өмнөх үеэс хамаагүй доогуур байгаагаас харагдаж байна. Үүний зэрэгцээ одоогийн урсгал өсөлтийн хурд нэмэгдэнэ гэдэгт бид итгэхгүй байна. Олонх салбаруудад ажлын хүчний эрэлт сул байгаа нь эрэлтийн хомсдол хэвээр байгааг харуулж  байна” хэмээн Бернанке тэмдэглэв.

Бернанкегийн хэлснээр “ажилгүйдлийг цаашид улам их хурдтай бууруулахын тулд үйлдвэрлэлийн өсөлт хэрэгтэй. Мөн түүнчлэн худалдан авагчдын болон бизнесийн зүгээс хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн бодлогын дэмжлэг хэрэгтэй” ажээ. Дэмжлэгийн шинэ арга хэмжээний талаар Бернанке тодруулж яриагүй зөвхөн өмнө амлаж байсан валютын суурь ханшийг 2014 оны эцэс хүртэл жилийн 0-0,25 хувь байлгах доод төвшний тухай сануулан хэлэв. Гэтэл түүнийг үгийг эдийн засагт хөрөнгө оруулах гурав дахь шатны боломжийн тухай хэлсэн мэтээр зах зээл хүлээн авч буй.

АНУ-ын биржийн индекс Dow Jones Industrial Average 1,23 хувь, Nasdaq индекс 1,78 хувь. S&P 500 индекс 1,39 хувь буюу 1416,51 пункт хүртэл тус тус өссөн нь 2008 оны тавдугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Азийн зах зээлд ч түүний яриа нөлөөлөн Японы Nikkei 225 индекс 1,94 хувиар нэмэгдсэн нь сүүлийн хоёр долоо хоногт хамгийн өндөр үзүүлэлт болжээ. MSCI Asia Pacific Index   1,3 хувиар нэмэгдлээ.

“ХНС-ийн бодлогыг зөөлрүүлэх, зах зээлийн өрийг барагдуулах талаар ийнхүү санаа тавьж байгаа нь зах зээлд нааштайгаар нөлөөлж байна. Европын өрийн хямралын түгшүүр ард үлдлээ” хэмээн Shinkin Asset Management Co. гэх Токиогийн компанийн менежер Томоми Ямашита хэлэв. “АНУ-ын ажилгүйдлийн төвшинг ажиглан харж байгаа зах зээлийн олон оролцогсод дахин санхүүжилтийн ханшийг нэмнэ хэмээн хүлээж байсан юм. Гэтэл Бернанкегийн үгнээс мөнгө зээлийн бодлогод хөдөлмөрийн зах зээлийн сайжралтаас үл хамааран дэмжлэг үргэлжлэнэ гэдгийг бид сонслоо” хэмээн Summit Place Financial Advisors-ийн ерөнхийлөгч Лиз Миллер хэлснийг The Wall Street Journal иш татан нийтэлсэн байв.

Гэхдээ цөөнгүй шинжээчид үүнд хэт хөөрөх хэрэггүй гэж хэлж байна. “Улс төрийн шийдлийн алдааг бид харлаа” хэмээн “Wells Fargo” компанийн эдийн засагч Жон Силвиа өгүүлэв. Хөдөлмөрийн зах зээлийн асуудлыг эдийн засагт хөрөнгө оруулалтаар шийдэхгүй хэмээн тэрээр хэлээд хүмүүс илүү ашигтай ажлын байртай болохыг хүсч байгаа учрыг банкинд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан ихээхэн өртэй  Неведа мужийг жишээ болгов. Дахин санхүүжилт хөдөлмөрийн зах зээлд тус болохоосоо өмнө инфляцийг өдөөнө гэж Силвиа болгоомжилж байгаа ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж