Д.Жаргалсайхан: Волейболын ОААШТ-ийг үнэгүй үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Д.Жаргалсайхан: Волейболын ОААШТ-ийг үнэгүй үзүүлнэ

Манай эх оронд болох Азийн Оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээн эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Тэмцээний зохион байгуулалт болоод бэлтгэл ажлын талаар Монголын оюутны спортын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Азийн Оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээний бэлтгэл ажил ямаршуухан байгаа вэ?

-Тэмцээний бэлтгэл ажил 90 хувьтай байна. Бид олон улсын тэмцээний шаардлагад нийцсэн Францын “Жифлор” компанид үйлдвэрлэсэн тусгай шалыг  худалдаж авсан. Өмнө нь 2000 онд шал авч байсан юм. Тэр шалаа 12 жилийн турш хэрэглэсэн учраас муудсан гэж үзээд шинэ шал авлаа. Хуучин шалан дээрээ бид бэлтгэлээ хийдэг. Шинээр авсан шал мөн л 10 гаруй жил хэрэглэгдэх баталгаатай юм билээ. Шинээр авсан шалыг 80 орчим сая төгрөгийн үнээр авсан. Наашаа ирэх тээвэрлэлтийн тухайд МИАТ компани 20 орчим сая төгрөгийн зардал гаргаж авчирсан юм. Мөн гаалийн зардалаас нь чөлөөлж өгсөн. Буянт-Ухаад баригдсан шинэ спортын ордонд волейболын шон байдаггүй юм билээ. Тиймээс зориулалтын шон хийх шаардлагатай болсон. Шалыг нь ухаж суурь хийгээд, шон босгож байгаа. Энэхүү шонг “Хасу Мегаватт” компанийн инженерүүд хийж байгаа юм. Энэ ажлыг бүрэн хийж дууссанаар техникийн ажлууд ерөнхийдөө дуусна гэж ойлгож болно. Мөн энэхүү тэмцээнд зориулж 252 ширхэг шаардлага хангасан бөмбөг авчирч байгаа. Өмнө нь гадаадаас бөмбөг авчирч байсан ч ийм олон тоогоор авчирч байгаагүй юм. Тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдыг Эрдэнэт хотод 21 хоногийн бэлтгэлд хамруулсан. 26 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг 10 гаруй сая төгрөгийн зардал гаргаж бэлтгэлд хамруулсан юм. Мөн 10 гаруй сая төгрөгийн зардал гаргаж тамирчдын хувцасыг авсан. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын оюутны спортын холбоо ажиллаж менежментийн бүх асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Мөн Нийслэлийн засаг даргын тамгийн газар бидэнд туслалцаа үзүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Өдөр болгон 4000-5000 үзэгчидтэй шинэ спортын ордон дүүрэн байхаар бид нар зохион байгуулан ажиллаж байна.

-Тэмцээнийг ямар журмаар зохион байгуулах вэ?

-Тэмцээн тойргийн журмаар болно. 12-18 цаг хүртэл өдөр болгон болох юм. Тойргийн журмаар зохиож байгаа учраас өдөр болгоны тоглолт чухал гэсэн үг л дээ. Эхний дөрвөн байранд орсон баг медалийн төлөө тоглоно. Өөрөөр хэлбэл нэг, хоёрдугаар байраар гарсан нь аваргийн төлөө, гурав, дөрөвдүгээр байраар гарсан нь хүрэл медалийн төлөө тоглоно.

-Тасалбар ямар үнэтэй байх вэ?

-Оюутан, залуучууд болон нийт ард иргэд үзээсэй гэдэг утгаар тэмцээний тасалбарыг үнэ төлбөргүй болгосон. Цөөн хэмжээний урилга тараагдах ёстой. Тэмцээнийг ивээн тэтгэсэн байгууллагууд, ахмад волейболчид, волейболын холбооны мэргэжилтнүүд зэрэг хүмүүст эдгээр урилгыг өгөх юм. 

-Тэмцээнд оролцох баг тамирчид ирсэн үү. Хаана байрлаж байгаа вэ?

-Ирчихсэн байгаа. Ус сувгийн удирдах газар, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургуулиудад хуваан байршуулж бэлтгэлийг нь хийлгэж байна. Гадны тамирчдыг “Цэцэг” зочид буудалд байрлуулсан.

-Манай баг тамирчид өмнө энэ тэмцээнд ямар амжилт гаргаж байсан бэ?

-Манай багийг ерөнхийд нь Солонгос дасгалжуулагч дасгалжуулж байгаа. Мөн хоёр монгол дасгуулагч тусалж байгаа юм. Манай баг тамирчид өмнө нь олон улсын тэмцээнүүдэд хэд, хэдэн удаа оролцож байсан туршлагатай. 2009 онд Серби улсын Белград хотод дэлхийн шилдэг 16 багийн тоонд багтан, тэмцээнд оролцож байсан. Мөн энэ ондоо анх удаа Азийн аварга шалгаруулах эмэгтэй волейболын тэмцээн Тайландын Бангкок хотод болсон наадамд оролцож хүрэл медаль хүртсэн юм. 2010, 2011 онуудад тивийн болон бүсийн наадамд амжилттай оролцож байсан түүхтэй. Залуу тамирчид ч энэ багт бий, дунд үеийн тамирчид ч бий. Медалийн тавцанд зогсоно гэж найдаж байна. 

-Тэмцээнийг зохион байгуулахад нийтдээ хичнээн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан бэ?

Тэмцээнийг зохион байгуулахад шаардагдаж байгаа хөрөнгө мөнгөний 70 орчим хувийг тамирчдын хэрэглэл, материал, техник, хэрэгсэлд зарцуулсан. Үлдсэн 30 хувь нь бусад зардалууд буюу гадаадаас ирж байгаа тамирчдын байр, хоол, замын зардалд зориулсан. Тэмцээнийг зохион байгуулахад зардал үнэхээр дутаж байгаа. Монголын оюутны спортын хорооны тэргүүн Баясгалан хөрөнгө мөнгө “босгох” ажлыг маш амжилттай зохион байгуулсан. Тэмцээнийг зохион байгуулахад 200 орчим сая төгрөг зарцуулсан. Гэсэн хэдий ч тухайн үед төсөвлөсөн мөнгө нь хүрэхгүй байна. Тэмцээний хэрэглэл материал авахд 3-4 дахин илүү мөнгө зарцуулж байгаа. Ивээн тэтгэгчдээс дутаж байгаа хөрөнгө, мөнгөө гаргуулаад л тэмцээнийг зохион байгуулж байна даа.

-Тэмцээнд оролцож байгаа баг тамирчдыг дагаж хэвлэл, мэдээллийн ажилтнууд ирсэн үү?

-Оролцож байгаа орон бүрээс зөвхөн багийн тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс л ирж байгаа.

-Сайн дурын ажилчдыг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

-МОСХ өөрөө оюутнуудын байгууллага учраас тухайн ажил бүрт орж ажиллах оюутнуудыг бүрдүүлсэн тусгай баг байдаг. Одоогийн байдлаар 50 гаруй сайн дурын ажилтан бүртгүүлсэн байгаа. Нисэх буудалд угтах, орчуулах, хөтөч хийх үүрэг хүлээж эдгээр 50 хүн ажиллана.

-Олон улсын волейболын холбооноос ч юм уу томоохон мэргэжилтнүүд ирсэн үү?

-Азийн оюутны спортын хорооноос 2 хүн ирж байгаа. Мөн Азийн оюутны спортын хорооны нарийн бичгийн дарга ирж байна. Мөн олон улсын оюутны спортын хорооноос хоёр хүн ирж байгаа.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж