Хүүхдээс булаасан мөнгө тань юм болж байна уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Хүүхдээс булаасан мөнгө тань юм болж байна уу?

Өөдгүй муу сайн хүмүүстэй хувилдаж, улс орноо зарахаар санаархдаг хүмүүсийг "Муу сайн шар хувалзнууд" гэдэг дээ. Харин 21 дүгээр зуунд бас ийм хувалзнууд бас байнаа. Байх байхдаа хэдэн арваараа байгаад байгааг холбогдох албаныхан шалгасаар, шүүсээр. Мэдээж тэдгээр хүмүүсийн луйвар, булхай дээр үеийхэн шиг бүдүүлэг бус. Харин соёлтой нь аргагүй иргэдийн халааснаас мөнгийг шуусаар байна. Нийслэлийн өнгө төрхийг сайжруулахын тулд зарим хүмүүс нэлээд зүйлийг санаачилан хийж байгаа. Харин энэ санаачилгыг нь хавийн амьтан мөнгө болгож хараад бүр сурчихаж. Хог арилгана мөнгө, хороог тохижуулна мөнгө, сүүлдээ хөшөө барина мөнгө гэж хардаг нь бүр цагаандаа гарчихаж.

Бид өмнө нь хөшөөгөөр мөнгө босгодог Баянзүрх дүүргйин Засаг дарга Батзоригийн талаар нийтлэж байсан. Харин өнөөдөр Батзоригоос дутахааргүй "баагийгийн" талаар дуулгая. Нэлээд хэдэн жилийн өмнө Дорны их яруу найрагч Б.Явуухулангийн цэцэрлэг баригдах нь гээд л зохиолчид төдийгүй нийслэлийнхэн бүгдээрээ л хүлээлтийн байдалд орсон. Ашгүй ганц юм ч гэсэн хийх нь гээд л Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг тэнгэр тултал магтсан. Гэвч магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчээр хэдхэн сарын дараа л нөгөөх цэцэрлэгийг газрын нэгээхэн хэсгийг ямбатны өргөө өмчлөөд авчихсан ил болсон. Энэ талаар тухайн үед дүүргийхэнээс асуухад тийм зүйл бий хэмээн үнэнээ учирласан. Гэвч үүний цаана Засаг дарга Д.Ганболд байсаныг, байгааг ч олон хүн хэлэх болж. Түүний тарьсан балаг үүгээр дуусахгүй нь бололтой.  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр одоогийнхоор Чандмань төвийн өмнөх талбайд байрлах энэ хөшөө, талбайн тохижилттойгоо нийлээд хоёр тэрбум төгрөгөөр босчээ.

Мэдээж Тусгаар тогтнол гэдэг улс үндэстний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл. Энэ ч утгаараа Нийслэлийн болоод Чингэлтэй дүүргийн удирдлагууд тэдгээр улс орнуудын жишгээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн хоёр тэрбум төгрөгийг гэрэлт хөшөө, талбайн тохижолтод зарцуулсан байдаг. Ийм өндөр өртгөөр боссон хөшөө, талбай байж болно. Гэхдээ энэ нь Чингэлтэйчүүдийн хувьд амь тулсан асуудал мөн үү гэдэгт хэргийн учир байгаа юм.

Яг үнэндээ нийслэлийнхний өнөөгийн байдал гэрэлт хөшөө, талбай гэхээсээ илүүтэй сургууль, цэцэрлэг барьж, үр хүүхэд, хойч үеийнхний мэдлэг боловсрол чухал байгааг эрүүл ухамсартай хэн ч ойлгож байгаа.  Мөн Чингэлтэй дүүрэг гэрэлт хөшөө, тусгаар тогтнолын талбай гэхээсээ илүү байшингийн булан тохой бүр нь хогонд дарагдсан гунигт дүр төрх иргэдийг бухимуудсаар байгааг захын иргэд гэрчилээд өгнө.

Үндэсний статисткийн газраас хийсэн судалгаагаар тус дүүрэгт 21 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эдгээр цэцэрлэгүүд хүчин чадлынхаа хувьд 3080 хүүхэд хүлээж авах боломжтой. Гэтэл энэ тоо өнөөдөр 5619 хүрчээ. Өөрөөр хэлбэл, 2539 хүүхэд Чингэлтэй дүүргийн 21 цэцэрлэгт илүүджээ. Түүнчлэн тус дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн тав, 17, 23, 24, 37, 39, 49, 50, 57, 61, 72, 112, 117 гээд ерөнхий боловсролын 13 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Ердөө 12080 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай эдгээр сургуулиудад өдгөө 20834 сурагч сурдаг гэсэн тоо байна. Тэгэхээр дээрх 13 сургууль 8772 хүүхдийн илүүдэлтэй буюу ачаалалтай ажилладаг гэж болно.

Уг нь ухаантайсан бол, иргэдийгээ гэсэн сэтгэл байсан бол бүтээн байгуулалт гэсэн сүржин нэрийн дор өөрсдийгөө сурталчилж, үр ашиггүй гэрэлт хөшөө барьж, талбай барьж хоёр тэрбум төгрөг зарцуулахын оронд арван цэцэрлэг, дөрвөн сургууль бариар өгчихсөн бол Д.Ганболд даргаа та сайн байна гэхсэн.  Одоогоос гурван жилийн өмнө тус дүүргийн XIX хороонд баригдсан 100 хүүхдийн ортой цэцэрлэг 265 сая төгрөгийн өртгөөр босчээ. Тэгэхээр хөшөө, талбай барьж, тохижуулах зэрэгт үр ашиггүйгээр зарцуулагдсан хоёр тэрбум төгрөг 100-150 ортой хүүхдийн хэдэн ч цэцэрлэг, сургууль барихад хүрэлцэхүйц байсныг Чингэлтэй дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын 2011 оны гүйцэтгэл, тайлангаас харж болох юм.

Энд нэг зүйл анхаарал татна. Тусгаар тогтнолын талбайн гэрэлт хөшөөний ажлыг Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК гардан хийжээ. Гэтэл дүүргийн удирдлагууд талбай биш зөвхөн хөшөөг барьж, байгуулах ажлын гүйцэтгэлийн төсөвт анх 800 сая төгрөг гэж тусгасан байдаг. Энэ нь сүүлдээ нэг тэрбум болж өссөн ч үнэндээ гэрэлт хөшөө 685 сая 832 мянган төгрөгийн өртгөөр босчээ. Энэ тухай мөн л дүүргийн хөрөнгө оруулалтын 2011 оны гүйцэтгэлийн тайланд тодоос тод, цагаан дээр хараар бичигджээ. Тэгвэл тусгаар тогтнолын талбайн тохижилтод зарцуулагдсан гээд байгаа нөгөө нэг тэрбум төгрөг мөн л энэ мэт аргаар өсч, хасагдсан биз.

Дээрх тусгаар тогтнолын талбайгаа тэд Монгол хүн бүр, тэр дундаа нийслэлчүүд улс, үндэстнээрээ бахархах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, урлаг соёлын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах боломж нь нээгдсэн гэнэ.  Мөн энэ талбай нь иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлснээрээ давуу гэчихэж ээ дүүргийнхэн. Талбай, хөшөө гэрэлтэй боллоо гээд иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдсэн гэж үү… Монголын үндэсний үйлдвэрийнх гээд дүүргийн удирдлагууд хээвнэг хариулах атлаа ганц ч суух сандалгүй, ганц ч ногоон байгууламжгүй энэ талбай нь тэгээд иргэдийн иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлчихээд байгаа нь энэ үү. Ёстой сэрүүн зүүд гэж энэ байхдаа.

Эх сурвалж: www.chuhal.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж