Сонгууль угтсан жижиг намуудын нүүдэл

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Сонгууль угтсан жижиг намуудын нүүдэл

УЛС ТӨР ДЭХ “ТООС СОРОГЧ” АЖИЛЛАЖ ЭХЛЭВ

МАХН-ын дарга Н.Энх­баяр яг л “тоос сорогч” шиг ажиллаж байна. Тэрбээр МАХН нэрээ өөрийн бол­гож, дараа нь МҮАН-тай нэг­дэн улс төрийн холбоо бай­гуулсан. Ингэхдээ Ардын нам, Ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон намаас бусад жижиг нам, иргэний хөдөл­гөөнийг “сорж” байна. Тэд­нийг өөртөө татаж, хам­тарс­наараа Н.Энхбаяр ирэх сон­гуулиар хүчирхэг харагдах их нүүдлийг бодож олсон биз ээ. МАХН, МҮАН-тай нэгдэж, улс төрийн холбоо байгуулан эв нэгдлийн сум багцалсан нь ч учиртай. Тэд энэ үйлдлээ үгээр илэрхийлэхдээ “Бид ганц ганцаараа явбаас тө­рийн толгойд сандайлж, улс үндэстнээ доройтуулж буй МАНАН-ыг сарниаж дий­лэхгүй. Харин багцалсан сум мэт нэгдэж, нийтийн хүчийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадваас ирэх сонгуулиар ялалт байгуулж, олигархиудын сав­раас эх орноо аварч чадна” гэсэн. Үнэхээр чадах эсэхийг нь цаг хугацаа харуулах байх. Харин одоо бол МАХН ба бусад нам ард түмний их хуралдай хийх бэлтгэл ажлаа базааж байгаа. Аймаг, дүүр­гүүдэд салбар хуралдаан хийж, өөрсдийн дэвшүүлж буй Монголоо аврах таван хувьсгалыг танилцуулж яваа. Магадгүй энэ таван хувьсгал ирэх сонгуулийнх нь мөрийн хө­төлбөр ч байж мэднэ. Энэ дотроо улс төрийн хувьсгал, шударга ёсны хувьсгал, эдийн засгийн хувьс­гал, нийгмийн хувьсгал, соёлын хувьс­галыг тодотгож байгаа аж.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголоо аврах саналаа хэлэхдээ “Төрийн бодлого алсын хараатай байх нь зүйтэй. Харин энэ хүрээнд “Мянганы төмөр зам” төсөл, “Монгол автомашин” үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлэх хэрэгтэй” гэжээ. Харин МҮАН-ын дарга М.Энхсайхан “Эдийн засгаа таван жилийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх горимд шилжье. Оюу­толгойн гэрээг дахин авч үзэх, Тавантолгойн ордыг бүхэлд нь 100 хувь ард түмний мэдэлд байлгах ёстой” гэж үзэж байгаа юм. Тэдний энэ үгсийг улс төрийн холбоог дэмжиж буй намууд хүлээн зөвшөөрч буй. Гэхдээ улс төрийнхнөөс гадна урлаг, спортынхныг эгнээндээ нэгтгэхээ мартсангүй. Ямартай ч аварга Г.Өсөхбаяр нэгдчихсэн. Бас эдийн засагч Н.Дашзэвэг тус намаас ирэх сонгуульд нэр дэвших бодолтой яваа юм билээ. Түүнчлэн “МАХН-тай нэгдсэн ч яах вэ” гэх зүйл ярьж байгаа хүмүүс Ардын намд Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар бий. Харин Ардчилсан намд Ардчилсан хүчний холбооныхныг холбоотой гэсэн яриа байдаг. МАХН, МҮАН-д дагаар орсон бусад нам, иргэний хөдөлгөөнүүд ирэх сонгуулийн үеэр эрх баригч намуудын чихнээс хонх уях болов уу. 

Б.ЖАРГАЛСАЙХАН ХЭМЭЭХ ГАНЦ ЛИДЕРТЭЙ НАМ

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Улс төрийн холбоог дэмжихээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр, М.Энхсайхантай хамтрах юм. Хамтарсан учир ирэх сонгуульд Улс төрийн холбоо нэрийн дор хамтдаа нэр дэвших биз ээ. Бүгд найрамдах намын тухайд Улсын дээд шүүхэд намынхаа дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлсэн. Тус намын өнгөрсөн хоёрдугаар сард хуралдсан наймдугаар их хурлаас “Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг намын Бага хурал шийдвэрлэх эрхтэй”, мөн  “Нам аливаа сонгуульд эвсэлд нэгдэн орсон тохиолдолд эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд эвслээс гарах эсэх асуудлыг зөвхөн намын ээлжит их хурлаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг нэмэлтээр оруулжээ. Улс төрийн холбоог дэмжихээ мэдэгдсэн учир намынхаа дүрэмд ийн өөрчлөлт оруулж буй бололтой.

ТЭД ЖИНХЭНЭ НЭГДЭЛ БОЛЖ ЧАДАХ УУ

Зовсны эцэст жаргана гэдэг дээ. Үүн шиг Иргэний Зориг, Монголын Ногоон намууд нэгдэж, нэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадлаа. Иргэний Зориг-Ногоон нам Д.Энхбат, С.Оюун, С.Дэмбэрэл гэсэн гурван даргатай. Ер нь тэднээс өөр гурван даргатай нам Монголд байхгүй. Мөн Үндэсний хороогоо хуралдуулан дэд даргынхаа тоог нэгээр нэмэв. Дэд даргаар ажиллаж байсан М.Хүрэлсүхийг хэвээр үлдээж, Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн М.Бат-Ялалтыг дэд даргаар сонголоо. Тэд МАХН, МҮАН-аас дутахааргүй хүрээгээ өргөжүүлж буй. Гэхдээ Улс төрийн холбоотой хамтарна, дэмжинэ гэж илэрхийлээгүй учир ирэх сонгуулиар Ардын нам, Ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон нам, МАХН ба бусад гэж өрсөлдөх нь. Иргэний Зориг-Ногоон намынхан Сонгуулийн шинэ хууль болон сонгуулийн кампанит ажлын баг бүрдүүлэлтийн талаар аймаг, дүүргийн гишүүддээ танилцуулж яваа аж. Мөн дэлхийн ногоон намуудын холбооны гишүүнээр элс­чээ. Тэд өөрсдийгөө улс төр дэх гуравдагч хүчний орон зайн эзэг­нэгчид гэж бодож байгаа байх. Гэтэл МАХН-ын “тоос со­рогч”-ыг ажиллуулан өргөжсөн нь тэдний санааг зовоож буй нь дам­жиггүй. Гэхдээ давуу тал нь гэ­вэл УИХ-ын гишүүн Д.Энхбат, С.Оюун, дэмжигч гишүүн З.Алтай, Мон­голын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэм­бэрэл гээд олны дэмжлэгийг их, ба­га хэмжээгээр хүлээдэг хүмүүс бий. Бас Монголын Үйлдвэрчний эвлэ­лүүдийн холбооны тэргүүн С.Ган­баатар энэ намаас нэр дэвших сураг байгаа. Намууд С.Ганбаатарт “сайн” байдгийн учир нь түүний удирддаг эвлэлтэй нь холбоотой. Үйлдвэрчний эвлэлүүдийн цаана олон мянган сонгогчид байгаа учир тэр биз ээ.  

Ц.ЭНХЦЭЦЭГ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж