Хаврын чуулганыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганыг нээлээ

УИХ бүрэн эрхийн хугацааныхаа сүүлчийн чуулганыг өнөөдөр 11.20 цагт нээлээ. УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нараас гадна гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргиз улсад айлчилж байгаа тул энэхүү хаврын чуулганы нээлтэд оролцож чадсангүй.

Харин хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон парламент энэхүү үлдэж байгаа хугацаанд шуурхай шаргуу ажиллах зүй ёсны шаардлага тулгарч байгааг онцлон тэмдэглэлээ. Гэхдээ бас парламентын хувьд өнгөрсөн хугацаанд улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх чиглэлд олон чухал шийдвэрүүд гарч хэрэгжиж буйг бас санууллаа. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсч, 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарсан. Энэ жил эдийн засгийн өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа. Гол нь баялгийг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах нь хамгийн чухал. Ер нь УИХ болон Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлж эхэлснээр төрийн албан хаагчдын цалин 2008 онд дунджаар 300 мянган төгрөг байсан бол одоо 600 мянган төгрөгт хүрнэ. Тэтгэвэр 2008 онд дундаж нь 95 мянган төгрөг байсан бол одоо 190 мянган төгрөгт хүрнэ. Энэ бол иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх чиглэлд төрийн эрх барих дээд байгуулагаас өнгөрсөн хугацаанд гаргасан хамгийн томоохон чухал шийдвэрүүдийн нэг байсныг хэлж байна. Мөн Хүний хөгжил сангаас иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг олгож байсан нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргаанд тодорхой хувиар дэмжлэг үзүүлж ирсэн гэдгийг ч тодотголоо. Энэ хүрээнд нэг аймагт жилдээ 35 тэрбум төгрөг хуваарилагдаж байсан бол улсын хэмжээнд 1.7 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд дээрх хэмжээний бэлэн мөнгийг Хүний хөгжил сангаар дамжуулан авсан гэсэн үг болж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын хэмжээ 2008 оныхоос бараг гурав дахин өссөн болохыг санууллаа. Гэхдээ УИХ нь үлдэж байгаа энэ өдрүүдэд цагаа зөв хуваарилан чухал чухал шийдвэрүүдийг гаргах болж байгааг үгийнхээ төгсгөлд онцлон сануулснаар хаврын чуулганыг нээж буйгаа мэдэгдсэн юм. Одоо хаврын чуулганыг түр завсарлуулаад байна. Чуулганы хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж