Францын соёлтой танилцъя гэвэл…

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Францын соёлтой танилцъя гэвэл…

Маргаашаас эхлэн ням гаригийг дуустал гурав хоногийн турш Дуурь бүжгийн эрдмийн  театр Франц-Монголын соёл урлагаар амьсгалах нь. 17 дугаар зуунаас Европын урлагийн гол төв болж, 19 дүгээр зууны сүүл үеэс дэлхий дахиныг модерн арт, хувцас загвар, хоол, киногоороо байлдан дагуулсан Франц орны соёл урлагтай танилцах боломжийг тус улсын элчин сайдын яам болон зохион байгуулагчаар ажиллаж буй “Винкс Континенталь” компани олгож байгаа юм.
Франц-Монголын соёлын өдөрлөгт очсоноор та манай орноор 20 гаруй жил аялж, дэлхийн нэр хүндтэй “Geo”, “National Geographic” сэтгүүлүүдэд Монголын тухай нийтлэл, гэрэл зургуудаа хэвлүүлж байсан Францын нэрт гэрэл зурагчин Мишэл Сэтбүний шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг сонирхож болно. Үзэсгэлэн гурван өдрийн турш ДБЭТ-ын хоёр давхарт гарна.
Тэнд очсон зочдын анхаарлыг татаж чадах бас нэгэн сонирхолтой үзэсгэлэн гарах гэж байгаа юм. Энэ нь 2000 оноос хойш Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газраас Монгол-Францын хамтарсан экспедицийн илрүүлсэн түүхийн чухал ач холбогдол бүхий эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн ажээ. Мөн А.Алтангэрэлийн шүтээн зураг, ховор ном судар зэргийн хувийн цуглуулгын үзэсгэлэн эртний эдлэл, урлагийн бүтээлүүд сонирхогчдын харааг булаах нь лавтай.
Өдөрлөгийн хүрээнд ирэх ням гаригт буюу 9-ний өдрийн 11,00 цагт  “Тэнгис” кино театрын дэлгэцнээ Францын сэтгүүлч, зурагчин, байгаль судлаач Ян Артус Бертраны “Гэр” кино үнэ төлбөргүй гарах юм. Франц хэлээр гарах боловч монгол хадмал орчуулгатай учраас хэн бүхэн үзэх боломжтойг дуулгая. Франц зохиолчийн нүдэнд Монгол гэр хэрхэн буусныг тэнд очиж сонирхоорой.
ДБЭТ-т шинэ номын үзэсгэлэн худалдаа, уран бичлэгийн үзэсгэлэн, франц дууны тэмцээний эцсийн шатны шалгаруулалт зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд та бүхнийг хүлээж байх аж. Яруу найрагт дуртай хүмүүс бямба гаригийн 14,30 минутад ДБЭТ-д болох залуу найрагчдын шүлгийн уралдааныг очиж сонирхохыг зөвлөе.
Энэхүү өдөрлөгийн хамгийн чухал хэсэг болох Монгол, Франц улс хоёрын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярын арга хэмжээ бямба гаригийн 18,00 цагт ДБЭТ-д эхэлнэ. Нээлтийн ёслолын дараа тус театрын уран бүтээлчид Р.Рессико, П.Курт, монгол удирдаач Ж.Бүрэнбэх болон Н.Туулайхүү нарын удирдлаган дор симфони найрал хөгжим тоглох ажээ.
Франц хэл сонирхон судладаг оюутан залууст дуулгах баяртай мэдээ байна. Соёлын өдрүүдийн сүүлчийн өдөр буюу ням гаригийн 16,00 цагт ДБЭТ-ын их танхимд МУИС, ХИС, Францын соёлын төв зэрэг байгууллагуудад 4000 гаруй франц номыг гардуулах арга хэмжээ болох юм байна.
Мөн ням гаригийн 17,00 цагт Франц-Монголын соёлын өдрүүдэд зориулсан сонгодог урлагийн үдэш болох бөгөөд энэ үдэш Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийг тайзнаа амилуулахаар болжээ. Франц-Монголын соёлын өдрүүд энэхүү тоглолтоор хаалтаа хийх юм.
Дашрамд дуулгахад дэлхийд хоолны соёлоороо тэргүүн эгнээнд бичигдэх франц үндэсний хоолыг амтлан таалахыг хүсвэл энэ амралтын өдрүүдэд “Bistro France” рестораныг зорихыг зөвлөе. Тэд энэхүү соёлын өдрүүдэд зориулан тусгай менюгаар үйлчлэх юм гэсэн шүү.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж