АНУ хүнсний тусламжаа зогсоов

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

АНУ хүнсний тусламжаа зогсоов

Хиймэл дагуул хөөргөх зорилгоор пуужин хөөргөсөн явдал нь АНУ-аас Хойд Солонгост өгдөг байсан хүмүүнлэгийн тусламжийг зогсоолоо гэж Цагаан ордон өнөөдөр мэдэгдлээ. АНУ-ын Засаг захиргаанаас Хойд Солонгос хэрвээ пуужин хөөргөвөл хүнсний тусламжаа зогсооно гэж  өмнө нь сануулсаар байсан ч Пхеньян баасан гаригийн өглөө пуужин хөөргөсөн юм.

АНУ болон Хойд Солонгос харилцан зөвшилцөл хийсэн нь өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр тодорхой болсон билээ. Пхеньян уран баяжуулах зорилгоор  цөмийн туршилт хийхдээ Олон улсын атомын энергийн агентлагын мэргэжилтнүүдийг цөмийн байгууламждаа шалгалт хийхийг зөвшөөрсөн байна. Харин  хариуд нь 240 мянган тонн хүнсний бүтээгдэхүүн авах байсан гэнэ.  Өмнө нь АНУ мэдэгдэхдээ Хойд Солонгос пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаа нь харилцан зөвшилцлийн үүргээ биелүүлнэ гэхэд эргэлзээ төрүүлж байна гэжээ. АНУ-ын Төрийн департамент хэрвээ Пхеньян пуужин хөөргөвөл хүнсний тусламж авах зөвшилцлийн заалтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно гэж зарласан юм.

Хойд Солонгос улс цөмийн гүрэн гэдгээ анх 2005 онд мэдэгдсэн билээ. Пхеньян 2006 болон 2009 онуудад цөмийн туршилт хийсэнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс  хориг тавьж байжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээ хийхийг Хойд Солонгосоос НҮБ шаардаж байсан бөгөөд баллистик пуужин хөөргөхгүй байхыг анхааруулж байсан юм.

Харин 2010 оны арваннэгдүгээр сард Хойд Солонгос улс цөмийн хөтөлбөрөө өргөжүүлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Үүнээс өмнө 2009 оны дөрөвдүгээр сард Йонбёне дэх уран баяжуулах цөмийн байгууламжаас Олон улсын атомын энергийн агентлагийн шалгагчдыг явуулсан юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж