Орон сууцны үнэд хариуцлагатай хандахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэд хариуцлагатай хандахыг уриаллаа

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “100 мянган айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж байгаа энэ үед монголын барилгын салбарын удирдах ажилтнууд зөвлөгөөнөө хийж байна. Тус зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд эхэлсэн бөгөөд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэллээ. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц” төслийг гардан хэрэгжүүлэгчид нь манай барилгын салбарын нийт ажиллагсад, хамт олон юм гэдгийг Засгийн газрын тэргүүн тэдэнд хандсан үгэндээ тэмдэглэлээ. “Монгол хүн эрүүл, боловсролтой байж орлого олж, бүтээлч амьдрахад зайлшгүй шаардлагатай нэг “материаллаг” хөрөнгө бол орон сууц юм.

Орон сууцтай болох нь хувь хүн болон гэр бүлд “хувийн бусад хөрөнгө”-ийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэж хувь хүн, өрхийн амьдрал сайжирвал улс үндэстний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлнө. Иймээс Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах үйлсэд ихээхэн анхаарч, ажиллаж байгаа бөгөөд үүнд “100 мянган айлын орон сууц” төслийн үйл ажиллагаа нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү төслийг 2016 он хүртэл хэрэгжүүлснээр зөвхөн хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтыг биелүүлээд зогсохгүй бага, дунд орлоготой иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, барилга, орон сууцны үйлдвэрлэл, угсралтыг нэмэгдүүлэх,барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх,шинэ техник технологи нэвтрүүлэх, барилгын салбарын мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тогтолцоог хөгжүүлэх, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийг бий болгох, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэнэ.

“100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд барих 79486айлын, 2012 оны 82 дугаар тогтоолоор 47537 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг тус тус баталж, 2016 он хүртэлх хугацаанд нийт 127023 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллыг барихаар боллоо. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бөгөөд иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ихээхэн дотоод нөөц, боломж байгааг бидэнд илтгэн харуулж байна.

Монгол улсын хүн амынорон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг 6 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж, иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 200.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч, үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргалаа. Ингэснээр иргэд 20 хүртэлх жилийн хугацаатай, 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг авч орон байрны нөхцөлөө сайжруулах боломжийг олгосон төдийгүй орон сууцны зах зээлд дэх эрэлтийг дэмжиж, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийн тогтолцоог бүрдүүлэх эхний алхмыг хийлээ.

Өчигдөр Төрийн банкинд дээр анхны зээлдэгч нарт зээл олгох үйл ажиллагааг албан ёсоор нээж, бодитоор хэрэгжих эхлэлийг тавилаа. Түүнчлэн орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдийнжилийн 6 хувь хүртэлхүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлээр худалдан авах орон сууцны талбайн хэмжээг 55м2–аар тогтоосон нь иргэдийн орон сууц худалдан авах сонголтыг 3 хүртэлх өрөө сууц болгон нэмэгдүүлж, тохилог ая тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүллээ.

“100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд орон сууцны цогцолбор хорооллуудыг барих, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилгоор  эхний ээлжинд Баянголын ам, Буянт-Ухаа, Яармаг, МҮОНРТ-ийн орчмын орон сууцны хороолол, 7, 14-р хорооллын цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд зориулан нийт 408.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн. Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, барилга угсралтын ажлын хэмжээ нэмэгдэн барилгын материалын хэрэгцээ өсөж байгаатай уялдуулан материал хийц, эдлэлийн чанар, аюулгүй байдал, бат бэхийг шинжлэн тогтоох лабораторийг байгуулах хөрөнгийн асуудлыг Засгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.    

Гэвч иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэнтэй холбогдон энэ оны гуравдугаар сарын байдлаар “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж ашиглалтад орж байгаа болон захиалга авч байгаа орон сууцны барилгын 1м2 талбайн худалдан борлуулах дундаж үнэ 1.570.8 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 292.5 мянган төгрөгөөр буюу 22.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнийг судлан шалгаж үзэхэд барилгын компаниуд нь зах зээлд дэх эрэлтийн өсөлтийг далимдуулан бодит бусаар үнээ хөөсрөлттэй тогтоож байгаа дүгнэлт гарлаа. Өнөөгийн байдалд эрх бүхий байгууллагуудаас барилгын нэгж талбайн төсөвт өртөг, барилга угсралтын ажлын үнийн индексийн дагуу орон сууцны барилгын 1м2 талбайн өртгийг тооцоход дээд тал нь 1193,0 мянган төгрөгт багтаж байгаа бөгөөд барилгын захилагч, гүйцэтгэгч компаниудын ашиг 20 орчим хувиар орж тооцогдсон. Үүнд барилгын захиалагч, гүйцэтгэгч нар дүгнэлт хийж, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж хариуцлагатай хандах шаардлагатай байгааг Ерөнхий сайд тус зөвлөгөөн дээр хэлсэн үгэндээ уриаллаа.

Цаашид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилтийг олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх,орон сууцны хотхон, хорооллын инженер /цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо/-ийн хангамжийн түгээх гол шугам сүлжээг төлөвлөх, барих ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарт улсын төсвөөс тухайн ажлын санхүүжилтийг буцаан олгохасуудлыг боловсруулж байгаа гэдгийг зөвлөгөөний төлөөлөгчдөд дуулгаад, барилгачдадаа амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл , мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж