”МАН-ын байр суурь өөрчлөгдсөн байх”

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

”МАН-ын байр суурь өөрчлөгдсөн байх”

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа. Тэрээр энэхүү хуулийг Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон юм.


-Сонгуулийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц дунд суудлын хуралдаанаараа шийдчихсэн байгаа. Үүнийг нь хүлээн авах эсэх дээр намын бүлгүүд дахиад л өөр байр суурь баримталж буйгаа мэдэгдсэн. Цэцийн энэ шийдвэрийг УИХ дээр хэрхэн хүлээн авахаар байгаа вэ?

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн холимог зарчмаар сонгох тухай процессийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзээд түдгэлзүүлчихээд байгаа. УИХ нь энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Ардчилсан намын бүлгээс Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. МАН-ын бүлгийнхэн харин “Бид хичнээн хүлээн зөвшөөрөхгүй байсан ч Цэц их суудлын хуралдаанаараа мөн адил шийдвэр гаргана. Иймд цаг хожих үүднээс дунд суудлынх нь шийдвэрийг хүлээгээд авчихья” гэх байр суурийг барьж байгаа. Энэ нь яах вэ эхний байдлаар гаргаад буй шийдвэр. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудал нь цаг хожих гэдгээс илүү үнэ цэнэтэй зүйл. Хэрэв Үндсэн Хууль зөрчсөн гэдгээр явчихбал цаашид ч гэсэн сонгуулийн энэ холимог зарчмыг ашиглах боломжгүй болно.

-Цэцийн хуралдаан дээр шийдвэр гарахаас өмнө нэг зүйлийг асууж байсныг тань асууя. Үндсэн хуулинд сонгууль болохоос зургаан сарын өмнө УИХ-ын сонгуулийн хуульд “гар хүрч” болохгүй байх тухай заалтыг яах гэж байна?

-Тийм ээ, би цэцийн гишүүдээс яг энэ тухай асуусан. Харин хариу болгож “УИХ нь өөрөө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй тухай заалт. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр үүнд хамаарахгүй” гэж тайлбарласан. Хэрэв УИХ нь Цэцийн энэ шийдвэрийг хүлээн авбал, Сонгуулийн хуулийн энэ заалтыг өөрчлөх болно. Гэтэл УИХ нь өөрөө хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Үүнийг бодсон ч УИХ нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэх шийдвэр дээрээ зогсох ёстой. Иймд Үндсэн хуулийн Цэц өөрөө Их суудлын хуралдаанаараа л хүчингүй болговол болгоно биз. Уг нь УИХ дээр яригдаж байгаа энэ зүйлүүдийг харж, дунд суудлын хуралдааныхаа шийдвэрээс татгалзаасай гэж хүсэж байна. Сонгуулийн тогтолцоонд дэвшил гаргах гэдгийг, Улс төрийн системийг боловсронгуй болгоход тустай гэдгийг, мөн манайхтай адил Үндсэн Хуулийн зарчимтай улсуудын тогтолцоо, бусад орны жишиг зэргийг бодолцож үзээсэй гэж найдаж байна.

-Дунд суудлын шийдвэрийг хэвээр батлавал?

-Энэ тохиолдолд УИХ-ын Сонгуулийн хуулийн тэдгээр заалтууд хүчингүй болно. Цэцээс “эдгээр заалтуудыг хүчингүй болгосугай” гэж дүгнэлт гаргана гэсэн үг. Ингэхээр 28 нь хаалттай жагсаалтаас сонгогдож, 48 нь энгийн мажоритараар л сонгогдоно.

-Сонгуулийн хууль унах болсон үндэслэлийн гол нь нэг хүнд нэг боломж байхад зарим хүнд хоёр боломж байгаа тухай байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гээд буйгаа тайлбарлаач?

-Үндсэн хуулийн зөрчил байгаагүй юм, уг нь. Гэхдээ УИХ-ын Сонгуулийн хууль батлагдсаны дараа их сайн ойлголт өгөх ёстой байсан юм билээ.  Жишээ нь “гулсалт” хийнэ гэсэн ойлголт ч байхгүй, хуульд ч ийм үг байхгүй. Нам бүр 76 нэр дэвшигчийг нэг жагсаалтаар гаргана. Эдгээрийн нэг хэсэг нь тойрог дээр сонгогдоно. Нөгөө хэсэгт нь цуглуулсан саналаараа сонгогдох эрхээ олж авах л зүйл. Үүнд, ямар нэг жагсаалтаас нөгөө жагсаалт руу гулгаад байгаа зүйл байхгүй. Гэвч үүнийг ойлгоогүй. Мөн ялагдсан хүн гарч ирэх тухай яриад байгаа. Гэтэл хуулинд өвдөг шороодсон бөх туг тойрох тухай ойлголт байхгүй. Сонгогчдоос 28 буюу түүнээс дээш хувийн санал авсан бол сонгогдох анхан шатны болзлыг хангаж байгаа хэрэг. Яах вэ, 28 хувийн санал аваагүй хэсэгт ялагдсан гэх үгийг хэрэглэж болох байх. Энэ хэмжээний сонгогчдын санал авсан нь намын жагсаалтан дээр байраа эзлээд л сонгогдох гээд байгаа юм. Түүнээс биш хоёр удаа сонгогдох гээд байгаа зүйл биш. Гол нь сонгогчдын өгсөн саналаар нь эрэмбэлэх гэдэг нь дэвшилтэт заалт шүү дээ. Сүүлийн 28 нь сонгогдох боломжгүй гэж яриад байгаа бас. Үүгээрээ сонгогдох эрхийг зөрчиж байна гэх аргументийг гаргаж байгаа. Угтаа бол пропорциональ тогтолцоон дээр ч гэсэн сүүлд байрласан хүмүүсийн сонгогдох магадлал урдуур байгаагаасаа хамаагүй бага л байдаг биз дээ. Энэ бол байгалийн жам ёсны л зүйлтэй адил ойлголт.

-Үндсэн хууль зөрчлөө гээд хууль өөрчлөлт оруулахдаа байсныг нь бүр дордуулчихаж бас болохгүй гэдэг. Энэ заалт хэвээр байхын ач холбогдол нь юундаа байна?

-Нам мэддэг жагсаалтаас илүү сонгогч мэддэг жагсаалт руу шилжүүлэх гэсэнд байгаа юм. Энэ нь сонгох эрхийг улам баталгаажуулж байгаа зүйл. Улс төрийн намын эрэмбэнээс илүүтэйгээр сонгогчдын эрэмбэ хадгалагдана гэсэн үг. Өмнө нь бид дандаа мажоритар сонгууль явуулж байсан. Энэ нь хамгийн олон санал авсан нь сонгогдоно гэх зарчимтай. Дутагдал нь сонгогчдын санал асар ихээр хаягддаг. Жишээ нь, гуч гаран хувийн сонгогчдын санал хаягдах нь түгээмэл. Үүний цаана энэ олон сонгогчдын санал гээгдэж байгаа юм. Харин Сонгуулийн шинэ хуулиар ингэж санал хаягддагыг л болиулах гэсэн. Мажоритар хэсэгт өгсөн санал нь хаягдалгүйгээр намын жагсаалтанд шилжиж тодорхой хэмжээгээр үнэлэгдсээр л байх болно гэсэн үг.

-Сонин байна. УИХ нь олонхиороо сонгуулийн хуулиа баталж гаргасан хэрнээ Цэцээс Үндсэн Хууль зөрчсөн гэнгүүт л өнөөх гишүүд нь “Зүйтэй, би ч мөн тэгж бодож байсан юм. Цэц манаачийнхаа үүргийн сайн биелүүллээ. Сонгуулийн хууль үнэхээр Үндсэн хууль зөрчсөн юм чинь Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй бол болохгүй” гэцгээх болсон. Баталсан хуулиа яагаад гишүүд нь ингэж үгүйсгэх болов?

-Яах вэ, МАН-ынхан Цэцийн шийдвэрийг хүлээж авья гээд байгаа. Гэхдээ одоо бол энэ байр суурь нь өөрчлөгдсөн байх. Өнөөдөр ингэж асуувал арай өөр зүйл хэлэх байх. Ер нь бол Цэцийн энэ шийдвэрийг хүлээж авснаараа зарим хүмүүст ашигтай тусч байгаа. Намынхаа хатуу жагсаалтын дээд талд нь байрлаад л тэндээсээ намынхаа авсан суудлын тоогоор шууд сонгогдох нь шүү дээ. Ийм эрх ашиг байсан хүмүүст үнэхээр хүлээж байсан зүйл нь болсон. Хатуухан хэлэхэд, намынхаа жагсаалтны дээгүүр бичигдээд санаа зовохгүй сонгогдох гэсэн санаатай хүмүүсийн “захиалга” шиг зүйл болж байна. Ёстой “хашрууд баярлаад, хундага тулгах” зүйл болсон гэж харагдсан. УИХ-д сонгогдох хүн нь ард түмнээрээ үнэлэгдээд, тэр үнэлгээгээрээ намынхаа жагсаалтанд байршаад, тэндээсээ намынхаа авсан суудлын тоогоор гарч ирнэ гэсэн зарчмыг л үгүйсгэх гээд байна шүү дээ. Хууль батлагдсаны дараа хэн сандарч байсан бэ гэвэл, тойрог очиж ард түмнээр үнэлүүлэхээс айсан, тэндээс санал авч чадахааргүй, намдаа ч хийж гийгүүлсэн зүйлгүй хүмүүс. Одоо бол тэдний байдал өөрөөр эргэх гээд байна. Надад ч хэлж байсан, танд хүртэл намаасаа шууд сонгогдох нь амар шүү дээ, яагаад ийм зүйлийг эсэргүүцээд байгаа юм бэ гэж. Асуудал нь би өөрөө сонгогдохдоо гол нь биш, сонгогчдын саналыг баталгаажуулахад л байгаа.

-Улс төрийн авлигыг хязгаарлах боломжийг үгүй болгох нь гэж байгаа талаараа тайлбарлаач?

-Жишээлбэл, Тухайн нэг тойрог дээр гэнэтхэн нэг нөхөр нэр дэвшдэг. Тэр хүн сонгогдохгүй гэдгээ өөрөө ч мэдэж байгаа. Гэхдээ тэр хүн тодорхой захиалга биелүүлж нэр дэвшдэг. Бие дааж нэр дэвшиж байгаа бүх хүнийг хэлж байгаа юм биш шүү. Тодруулбал, А болон Б намаас нэг нэг хүн голлон өрсөлдөхөөр байлаа гэж бодъё. Мөн А намын нэр дэвшигч тухайн нутгийн нэр дэвшигч байлаа гэж бодъё. Харин Б намынхан хэн нэгэн тухайн нутгийн хүнийг захиалгаар гаргаж ирээд мөн сонгуульд өрсөлдүүлдэг. Тэр хүн нутгийнхаа хүнийг дэмжих гэсэн саналыг хуваасныхаа төлөө Б намаас шангаа аваад л явна. Тэр нөхөр ингэж санал “зулгааснаар” А намын нэр дэвшигчийн саналыг мөн хэмжээгээр хорогдуулж буй юм. Мажоритар тогтолцооны сул тал нь энэ. Шинэчилсэн Сонгуулийн хуулиар энэ боломжийг нь хязгаарласан. Хуулийн дагуу 28 хувийн сонгогчдын саналыг авснаараа сонгогдох боломжтой болно. Өрсөлдөгч нь ч ингэж өөр хүн захиалах шаардлагагүй болно. Үүнийг тайлбарлаагүй нь алдаа боллоо. Үүнээс болж нэг хүн дахиж сонгогдох нь гулсах нь гээд л энгийн буруу ойлголттой болсны үүднээс л хууль Цэц дээр очлоо.

-Сонгуулийн тогтолцооны хувьд ойлгомжтой болох нь. Харин сонгуулийг зохион байгуулах хэлбэрийн хувьд ойлгомжгүй зүйлс байна. Хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах боломжгүй, Цахим үнэмлэх хэвлэж амжихгүй, сонгуулийн автомат машин, саналын хуудсанд асуудал байна гээд л. Ер нь бол “боломжгүй” гэх тайлбартайгаар сонгуулиа явуулахад ойртсоор байна. Иргэдийн хувьд 2012 онд сонгох, сонгогдох эрхээ хэрхэн хэрэгжүүлэхээр байна аа?

-Хуулинд юу гэж заасан байна, түүний л дагуу сонгууль явна. УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийн хуулинд сонгуулийг нэг өдөр зохион байгуулахаар байгаа. Үүний дагуу нэг өдөр л сонгууль явагдаж таарна. Техникийн чадал хүрэхгүй бол нэмж авъя, зохион байгуулалт хийе. Иргэний хувьд сонгуулийн өдөр санал авах байранд очоод нэр дэвшигчийг болон намыг дугуйлна. Ингээд саналын хуудсаа санал тоолох машинд хийнэ. Санал тоолох машинд ямар ч асуудал байхгүй. Мөн орон нутгийн сонгуульдаа саналаа өгөөд хайрцагт хуудсаа хийнэ.

-Нэг хүний санал өгөх хугацаа нь бараг тав дахин уртсахаар сонгуулийг зохион байгуулах цагтаа багтахгүй гээд байгаа?

-Нэгж дээр 1000 хүн саналаа өгдөг байсан бол санал авах байраа нэмээд 500 хүнийг саналыг л авья л даа. Сонгуулийн зохион байгуулалт хийхэд асуудалгүй л болно.  За мөн ухаалаг үнэмлэхийг хугацаанд нь гаргаж амжихгүй гээд байгаа. Энэ ухаалаг үнэмлэхийг сонгуульд ашиглахын зорилго нь нэг хүн нэг л удаа санал өгөхөд оршиж байгаа. Нэг хүн нэг л удаа саналыг ухаалаг үнэмлэхээр зохицуулах л гэсэн хэрэг. Үүнийг өөрөөр зохицуулж болно. Иргэний бүртгэлийг нэгдсэн байдлаар хийсэн шүү дээ. Жишээ нь хуучин иргэний үнэмлэхээ тэртэй тэргүй солих юм чинь дахиж ашиглахгүй байх тэмдэглэгээг хийсэн ч болно. Сонгуулийг хийхэд “болохгүй нь” гэдэг нь ердөө шалтаг төдий л зүйл. Шалтгаан гэх зүйл алга.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж