Хоёр “Э”-ийн зүгээс АН-д барьсан “бэлэг”

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Хоёр “Э”-ийн зүгээс АН-д барьсан “бэлэг”

Эрх баригчдын “хаалга”-нд гоол оруулах эгзэгтэй мөч Ардчилсан намынханд тохио­лоо. Экс Ерөнхийлөгчийг ба­ривчилсан явдал ийм бо­лом­жийг тэдэнд олгов. Авли­гатай тэмцэх газрынхан өмнө нь “Жараахай” барилаа” хэ­мээн Ардчилсан намынханд зэмлүүлж байсан бол энэ удаад томоос том “тул” барьж өглөө. Тиймээс яг одоо тэр “тул”-аар өгөөш хийж, Ардын намынхныг барьц алдуулдаг цаг. Цагийн зүү ч маш хурдтай эргэж эхлэв. Н.Алтанхуяг “Бид түүхэн үүргээ гүйцэтгэлээ. Тиймээс хамтарсан Засгийн газрын түүхийг эцэс болгож байна” хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ нь Ардчилсан намынхны хамтар­сан тоглолт биш, харин хувь улстөрч Н.Алтанхуягийн ган­цаар­чилсан тоглолт байв. Түү­ний дараа “Женко” Х.Баттулга Ц.Нямдоржтой ширүүхэн тулж, улс төрийн тавцнаа га­лаар наадсан. Харамсалтай нь энэ бүхэн хоёр улстөрчийн толхилцоон, нэг нэгнийхээ эсрэг хэвлэлийн бага хурал зарласнаас хэтэрсэнгүй. Ардын намынхан ч, Ардчил­сан намынхан ч аль алинд нь ак­цент өгөөгүй. Тэр тусмаа Н.Алтанхуяг “Хам­тар­сан Зас­гийн газарт хийсэн ажлаа хамтдаа тайлагная” хэмээн Ар­дын намын дарга, Ерөнхий сайд С.Батболдод урилга илгээсэн нь нэг бус удаа бүтэлгүйтлээ. Мэдээж хэрэг, энэ бол Ардчилсан намын дар­гын ганцаарчилсан тоглолт байсан. Тиймээс түүнийг намынхан нь дэмжсэнгүй.

Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагуудыг УИХ-д санал болгож, эрхэм гишүүд үг дуугүй хүлээн зөвшөөрсөн нь саяхан. Төрийн нэрийн өмнөөс үүрэг гүй­цэт­гэж, авлигын хана хэрмийг нураах хамгийн том тоглолтыг Элбэ­гээгийн илгээсэн нөхөд хийж байна. Гүйцэтгэх ажиллагааг тэд алдаа­тай хийсэн ч бай, үгүй ч бай “Эрх мэдэлтнүүд ч, энгийн иргэд ч хууль цаазад захирагдах ёстой” гэдгийг нийгэмд мэдрүүлэв. Энэ бол хамгийн том ололт. Харин энэ тоглолтыг үргэлжлүүлэх үүрэг Ардчилсан намынханд оногдлоо. Ирэх сонгуулиас урьтаж, Ардын намын дангаар бүрдүүлсэн Засгийн газраас нэг сайдыг огцруулахаар тэд төлөвлөчихсөн шүү дээ. Тиймээс нэгэнт нээгдсэн “хаалга”-аар дайраад ордог цаг. Хамгийн сонирхолтой нь Ардчилсан намынханд тэр том “хаалга”-ыг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийгөө баривчлуулж, хорихын хүйтэн өрөөнд хоригдон байж нээлцээд өгчихлөө. Үнэг сүүлээ шарвадагтай адил “Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг энэ эрхэм Ц.Нямдоржийг намынхан дунд нь ганцаардуулж, сөрөг хүчний өмнө сульдаах ноцтой шалтгаан болов. Эрх баригч хүчний нөлөө бүхий лидерийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас огцруулах шалтаг ч энэ мөн.

Ардын нам дахь Н.Энхбаярын фракцийнхан, Ардчилсан нам, МАХН, бас Ц.Шинэбаяр тэргүүтэй Хамуг Монголын Хөдөлмөрийн на­мынхан Ц.Нямдорж сайдын эсрэг хүч хавсарч байна. Н.Энхбаяр гэдэг том “тул”-ыг барьсан нь эрх баригчид, тэр тусмаа Төрийн ордныг бүхэлд нь доргиолоо. Экс Ерөнхийлөгчийг баривчилсан нь гудамжны жагсагчдыг сэрээгээд зогсохгүй УИХ дахь намуудын төлөөллийг байр сууриа нэгтгэж, Ц.Нямдорж, цаашилбал С.Батболдын багийг барьц алдуулж чадав. УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар энэ салхийг хагалж, “Намаасаа гарч, УИХ-д МАХН-ын бүлэг байгуулах эсэхээ ярилцаж байна” гэсэн нь нөхцөл байдлыг улам сонирхолтой болголоо. Учир нь тэд сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийддэг улстөрч “жараахайнууд” биш. Монголын улс төрд МАХН гэдэг нам монопольчилж байхад тэд нөлөө бүхий лидерүүд нь явсан. МАХН хэмээх нэрийг Монгол ардын намын болгон өөрчилсний дараа ч мөн адил. Хэрэв тэд ирэх сонгуулиас өмнөхөн улс төрийн зориг гаргаж, “хөлөг онгоц”-ыг Н.Энхбаяртай хамт жолоодвол эрх баригч хүчинд эволюцийн өөрчлөлт эхлэх нь ойлгомжтой. Гэвч улс төрд хямрал нүүрлэх тусам улам нэгдэж, байр сууриа хүчирхэгжүүлдэг Ар­дын намын тактикийг үгүйсгэж болохгүй. 

Н.Энхбаяр баривчлагдаж, Ц.Ням­дорж огцорсон байлаа ч Ардчилсан нам нэмэх оноо авч чадахгүй байж мэднэ. Учир нь тэд эв түнжингүй, фракциуд нь сөргөлдөөнтэй, эрх мэдэл булаацалдсан хэвээр байна. Тэгээд ч Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”-ынхан “Шонхор” фрак­цийнхантай эрх мэдлээ хуваалцахаас өөр аргагүй боллоо. Ийм нөхцөл ч бүрдэв. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо тун удахгүй хуралдана. Энэ үеэр хэлэлцэх нэгэн сонирхолтой сэдэв бол намын дэд даргатай болох тухай юм. Н.Алтанхуяг өөрийнх нь эсрэг хөдлөх фракциудын ам­бицийг дарахын тулд “Шонхор” фрак­цийн тэргүүн З.Энхболдыг дэд дарга болгохоор тохиролцжээ. Тэр ч бүү хэл сонгуулийн PR-аа ч түүнд хариуцуулахаар болсон байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга, З.Энхболд хоёр олон нийтийн дунд Н.Алтанхуягаас илүү рейтингтэй яваа тул Н.Алтанхуяг ийн буулт хийсэн биз. Тэгээд ч сонгууль хаяанд ирчихлээ шүү дээ. “Алтангадас” фракцийнхан Ардчилсан намд засгийн эрхийг барьж байгаа бол МоАХ, МҮДН-ын лидерүүдэд хам­тарсан Засгийн газарт сайдаар ажил­лах хувь тохиосон. Харин “Шон­хор” фракцийн голлон тоглогч­дын нэг Г.Баярсайхан УИХ-ын дэр­гэдэх Ёс зүйн дэд хорооны даргаар ажилладгийг эс тооцвол тэд тойргийн гадна үлдэж байсан юм. Тиймээс Н.Алтанхуяг “Шонхор” фракцийн тэргүүнд томоохон “бэлэг” барихаар шийджээ. Харин Н.Энхбаяр хори­хын хүйтэн байшинг зүглэхдээ Ард­чилсан намд өөр нэгэн “бэлэг”-ийг үлдээжээ. Тэр бол Ц.Нямдоржийг огцруулж, Ардын намын эмзэг цэгт хатгах тактик юм. Тэгвэл Ардчилсан намд хамгийн том сюрпризийг хэн барив. Мэдээж хэрэг, Ц.Элбэгдорж. Н.Энхбаяр гэдэг аварга том “тул”-ыг барьчихлаа шүү дээ.

С.БАТТУЛГА

"Улс төрийн тойм" сонин 


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж