Халамжинд ханасан төрийн тэжээврүүд

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Халамжинд ханасан төрийн тэжээврүүд

Ханиа
алдсан эмэгтэй хэдэн хүүхэдтэйгээ арга ядан амьдарч байгаагаа
телевизийн сэтгүүлчид учирлаж байна. Ажил хийх гэхээр бие хаа, нас зүс
нь гологдоод аргагүйн эрхэнд гудамжинд тамхи, бохь зарах болсон гэнэ.
Томоо болсон охин, хүү хоёрт нь мэргэжлийнх нь ажил олдоогүйгээс гэртээ
сууж байгаа юм байх. Дээд боловсролын диплом өвөртөлсөн хүн доод ажил
хийх нь зохимжгүй гэж ичсэн залуус ээжээрээ тэжээлгэж байгаадаа харин
ичсэнгүй. Халамжийнхаа 21 мянган төгрөг буусан үед хааяадаа махтай хоол
иддэгээ тоочих эмэгтэй, цаашид сар бүхэн олгодог мөнгөө төр өгөхөө
болихоор  яахаа мэдэхгүй байгаадаа халаглав, харамсав.

“Гар
хөдөлбөл ам тосдоно” гэдэг. “Тогооч, хамгаалагч, үйлчлэгч, бэлтгэгч,
инженер, эмч, багш, эмзүйч, худалдагч авна” гэсэн зарууд хаа сайгүй л
байхад гараа хөдөлгөх дургүй байгаа юм чинь яаж ч амаа тосдож чадахав
дээ. Залхуу хүн ажилгүй, ажилгүй хүн зорилгогүй. Зорилгогүй хүн хэн
нэгний урхинд амархан орж, хөнгөхөн өгөөш болдог. Тиймээс халамжийн
бодлогоор иргэдээ угжих нь хэн нэгэнд ашигтай л байж таараа. Саяхан
Төрийн ордонд болсон зөвлөгөөний үеэр барилгын нэгэн компанийн захирал
зовлон тоочиж байна лээ.

Өдрийн 30 мянган төгрөг, унаа хоолны
мөнгө нэмж олгоно гэсэн ч барилгын туслах ажилтнаар ажиллах хүн олдохоо
больсон гэнэ. Ажилд орохоор ирсэн залуусын ихэнх нь өндөр цалин нэхсэн,
голдуу оффисийн ажил эрхлэх сонирхолтой байдаг аж. Ямар ажил байна
гэхээсээ ямар цалин өгөх вэ гэдгийг хамгийн түрүүнд асуудаг гэсэн. Сарын
сая шахам төгрөгийн цалин голоод ирдэггүй нөхдүүд сардаа ганц олгодог
халамжийнхаа мөнгөний төлөө хар үүрээр дарааллаад зогсч байдагт нь
компанийн эзэн харамсч явдгаа нуугаагүй. Үнэндээ ч сүүлийн жилүүдэд
Монголын төр хүн мал, хүүхэд хөгшин гэлтгүй халамжийн мөнгө тараасан.
Хариуд нь өнөөдөр ажилгүйдэл нэмэгдэж, залхуурал дэндэж, ядуурал
тэлчихсэн. 

Үндэсний статистикийн хо­рооныхон бүртгэлтэй
ажил­гүй иргэдийн тоо өнгөрсөн гуравдугаар сарын эцэст 50 мянга болж,
өмнөх оны мөн үеийнхээс 9.3 мянгаар өссөн гэх судалгааг хийжээ. Харин 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан Монголын хөдөлмөрийн зах зээлд
22796 ажлын сул орон тоо байгааг судалгаагаар тогтоож. Дээрх ажлын
байрны дийлэнх нь барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарынх гэнэ. 

Амралтынхаа
өдрүүдэд ажил хийж автобус унааныхаа мөнгийг олдог байсан оюутнууд
хүртэл цагийн ажил эрхлэх сонирхолгүй болсон гэх. Сард 70 мянган
төгрөгийн цалин өгөөд, дээрээс сургалтын төлбөрийг нь төр төлдөг
болохоор тэдэнд ажил хийх хүсэл төрөхөө больсон юм байх. Аргагүй ч биз,
автобусанд явах мөнгийг нь хүртэл төр даачихсан хойно доо. Ажил хийж
мөнгө ольё гэхээсээ сар бүхэн өгдөг цалинг цагтаа тавихгүй байна гэж
ирээд л хэл ам хийх, гараа хөдөлгөх дургүй атлаа амаа ангайдаг ирээдүйг 
бид ийнхүү бэлтгэж байна. Энэ эмгэнэл биш гэж үү. Сонсоход хачин
сайхан, үнэр нь хамар цоргим халамжийн бодлогоор бид хаа хүрэх вэ. Үр
хүүхдээ бэлэнчлэх сэтгэлгээ, бэлэн амьдрал руу түлхчихээд бид дараа нь
тэднээсээ юу хүлээж, хүсч чадах юм бэ.
  Ийм л замаар явбал өнөөдөр
ч, маргааш ч Монголд ажил хийх хүн өдрөөс өдөрт ховордож, ажилгүйдэл
жилээс жилд өссөөр байх нь ойлгомжтой.

“Хүний хөгжил сан”-гаас
хүн бүхэнд тараадаг 21 мянган төгрөг олгох асуудал ирэх зургадугаар
сараас дуусгавар болж, ашгүй  нэг халамжийн мөнгөө зогсоох нь ээ гэтэл
бас үгүй бололтой, ахиад л халамжийн  шинэхэн “цэс”-үүд хөвөрч эхэллээ.
“Би сайхан хоолны нэр хэлваа, чи савхдав аа” гэгчээр л улстөрчид олон
төрлийн халамжаар иргэдийг угжихаар шийдэж. Дөрвөн хүүхэдтэй өрхөд байр
амалж, гурваас дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд сар болгон цалин олгож,
одонгийн мөнгийг өсгөж, алслагдсан аймгуудын иргэдэд 10 мянган төгрөг
тараана гэж ирээд л гоё дуугаар донгодож байна. Эрүүл ухаанаар бодоод
үзэхэд бусдаар тэжээлгэж дадсан иргэд хөлс хүч, хүний үнэлэмж,
хөдөлмөрийн бүтээмжийн тухай ярьж чадна гэж үү. Хөдөлмөрийн бүтээмжгүй
Монгол Улс тэгэхээр  хөгжлийн тухай мөрөөдөөд ч нэмэргүй биз. Эдийн
засгийн өсөлтөөрөө дэлхийг шагшруулж байгаагаа байнга л гайхуулдаг
Монгол Улс үнэндээ импортын бараа бүтээгдэхүүнээр иргэдийнхээ хэрэгцээг
хангадаг. Энэ нь Монголд үйлдвэрлэл байхгүй байгаагийн илрэл. Эндээс
ердөө ганцхан дүгнэлт хийж болно. Тэр нь ”залхуугийн гадаа түлшгүй,
залгидгийн гэрт хоолгүй”.

Сайн сайхан төсөл хөтөл­бөрүүд,
цаашлаад хүний хөгж­лийн тухай Монгол Улс сүүлийн үед эрчтэй ярих
болсон. Оюу­толгой, Тавантолгойгоос илүү таны толгой Монголыг хөгжүүл­нэ
гэх улстөрчид өөрсдөө угжны “мал” бэлтгээд байгаагаа ухаа­рах цаг
болжээ. Халамж нь хэ­тий­дэж, хайр нь хэтрээд байвал яаж хүнээ хөгжүүлж,
яаж хүн нь хөгжих вэ дээ. Монгол хүний толгой ёстой модон толгой болж
хувирах байлгүй. Хийх нь битгий хэл бодох ч дургүй иргэдээр энэ улс
дүүрчихвэл ирээдүйн хөгжил, эдийн засгийн цаашлаад улс орны стратегийн
аюулгүй байдалд асуудал үүсэхгүй гэж үү. Төрийн тэжээврүүд олшрох тусам
төр улам хүчгүйдэх биш гэж үү.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж