“Аваргуудын лиг” жинхэнэ утгаараа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

“Аваргуудын лиг” жинхэнэ утгаараа эхэллээ

Алаг бөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг татаж байсан “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээ тоглолт Германы “Бавари Мюнхен”, Испанийн “Реал Мадрид”-ын тулаанаар эхэллээ. Европын дэвжээнд хүчтэй өрсөлдсөөр ирсэн “Аварга загас”-уудын эхний дуэльд талбайн эзэд ганц онооны зөрүүтэй ялалт байгуулснаар шигшээ тоглолтод үлдэх боломж хэн хэнд нь хэвээр үлдэв. Хагас шигшээд тэднээс гадна Английн “Челси”, Испанийн “Барселона” гэсэн өнөө цагийн шилдэг дөрвөн баг үлдсэн нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байгаа юм.

Бавари (Герман) – Реал (Испани) 2:1

Гоол: Рибери 17, Гомес 90 – Өзиль 53

Бавари (4-2-3-1): Нойер, Лам, Боатенг, Бадштубер, Алаба, Густаво, Швайнштайгер (Мюллер 61), Роббен, Кроос, Рибери, Гомес

Реал (4-2-3-1): Касильяс, Арбелоа, Пепе, С.Рамос, Куэнтран, Чаби Алонсо, Хедира, Ди Мариа (Гранеро 79), Өзиль (Марсело 69), К.Роналду, Бензема (Игуаин 84)

Шүүгч: Ховард Уэбб (Англи)

Шар хуудас: Бадштубер 31, Роббен 37, Лам 64 – Куэнтран 56, Чаби Алонсо 56, Ди Мариа 60, Рамос 76, Игуаин 90+2, Марсело 90+4

Мюнхен, “Альянц Арена”, 66 мянган үзэгч

“Реал”-ын хувьд “Аваргуудын лиг” жинхэнэ утгаараа эхэлсэн гэхэд болно. Тэд хэсэгтээ зургаа тоглохдоо огт зовоогүй шигээ бага дунд шөвөгт ОХУ-ын ЦСКА, Киприйн АПОЭЛ-ийг хүч заралгүй ялсан. Харин жинхэнэ хүчийг сорих шийдвэрлэх тулаан сая эхэлсэн юм. Гэсэн ч “Эзэн хааны баг” энэ сорилтод бэлэн байж чадсангүй, “Германы машинууд”-аас энэ улирлын “Аваргуудын лиг”-ийн анхны ялагдлаа амсах нь тэр.

“Алльяц Арена”-д болсон тоглолт ширүүн уур амьсгал дор өрнөсөн. Бүхэл бүтэн 90 минутын турш үзэгчдийг огт уйдаагаагүй гэхэд болно. Карим Бензема, Месут Өзиль, Криштиану Роналду, Анхель Ди Мариа тэргүүтэй “Реал”-ын довтолгоо талбайн эздийг сандаргаж байсан ч хаалгач Мануэль Нойер найдвартай байв. “Чи хийхгүй бол би хийе” хэмээх хөлбөмбөгийн бичигдээгүй дүрэм дахин үйлчилж, “Бавари” гоолын салхийг хагалсан. Тоглолтын 17 дахь минутад зочин багийн хаалганы өмнө бужигнаан үүсч, Серхио Рамосын холдуулах гээд хол явуулж чадаагүй бөмбөгийг Фрэнк Рибери хүчтэй цохилтоор төгсгөснөөр 66 мянган үзэгч цугларсан “Алльянц Арена”-г доргиов.

Гэхдээ “Реал” тэнцүүлж дөнгөсөн. Зочилж тоглоод гоол хийсэн гэх үзүүлэлт “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатанд маш чухал үзүүлэлт болдог. Магадгүй энэхүү гоол тэднийг шигшээ тоглолт руу ч хөтөлж мэднэ. Бенземагийн эхлүүлсэн довтолгоо амжилтад хүрч, Роналду бөмбөгийг хаалганы өмнө байсан Өзильд дамжуулснаар тоо тэнцсэн. Хаалгач Нойер португал эрийг цохих нь хэмээн хуурагдаад унасан байсан тул Өзильд гоол хийхэд ямар ч саад байсангүй. Энэ нь түүний 2011-2012 оны улиралд эсрэг багийн талбайд хийсэн анхны гоол аж. “Реал”-ын олон сөрөг довтолгооны нэг “чулуу” болсон нь энэ.

Талбайдаа 1:1-ээр тэнцэнэ гэдэг Мюнхений багт ялагдлаас өөрцгүй. Тэд Мадридын “Сантьяго Бернабеу”-д болох хариу тоглолтод ялалтаас өөр дүнтэй очиж болохгүй. Тиймээс Юпп Хайнкес Томас Мюллерийг талбайд оруулж ирсэн. “Онцгой нэгэн” хочит Жозе Моуриньо ч зүгээр суусангүй, Эстебан Гранеро, Марсело, Гонзало Игуаиныг талбайд гаргасан гэсэн ч үр дүнгээ өгсөнгүй.

Германы шигшээ баг болон тус улсын клубүүд эцсийн мөч хүртэл тэмцдэг зангаараа үеийн үед алдартай. “Бавари” ч үүнийг батлах мэт үндсэн цагийн сүүлчийн хоромд ялалтыг гартаа атгасан. Багийн ахлагч Филипп Лам дархан баруун жигүүрээрээ нэвтэрч, хаалганы өмнүүр хөндлөн дамжуулалт өгснийг “Гоолын машин” Марио Гомес амжилттай чихсэн юм. Тэрбээр бөмбөгт хамгаалагчдаас урьтаж хүрснийхээ ачаар энэ жилийн “Аваргуудын лиг”-ийн 12 дахь гоолоо бүртгүүллээ. Энэ нь зөвхөн “Барса”-гийн Лионель Мессигийн ард орох үзүүлэлт гэхээр Гомес энэ улиралд ямархуу формтой байгаа нь төвөггүй ойлгогдоно. “Бавари” энэ удаа яльгүй илүү тоглосон болохоор энэ үр дүн шударга байв.

Энэ улирлын шигшээ тоглолт “Алльянц Арена”-д болох тул тэд тун ч их хичээж байгаа. Дасгалжуулагч Хайнкес багийнхаа тоглолтод сэтгэл хангалуун үлдсэн бол “Релл”-ын Моуриньо “Бид Мюнхенд эргэж ирнэ” хэмээв. Хэлсэн үг, хийх үйлдэл нь үргэлж олны анхаарлын төвд байдаг тэрбээр “Бидэнд хариу тоглолт олон гоолоор ялах шаардлага байхгүй. Нэг, хоёр бөмбөгний илүү байхад болоо” хэмээн томорчээ.

Д.НАНЖИД

Зохоигчийн эрх: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж