“Хөдөлмөрийн яармаг” болж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

“Хөдөлмөрийн яармаг” болж байна

Ажил олгогч болон ажил хайж буй иргэдийг холбох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрөөс энэ талаарх бодлогыг сурталчлан таниулах зорилготой “Хаврын хөдөлмөрийн яармаг” өнөөдөр МҮЭСТО-д болж байна. Яармагийг  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын Мянганы сорилтын сан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар хамтран зохион байгуулж буй бөгөөд ажил олгогч 20 гаруй аж ахуй нэгж оролцож байна.  Хөдөлмөрийн яармаг 17.00 цаг хүртэл үргэлжлэх ба “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг түгээх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн санд бүртгэх, мэдээлэл  өгөх, томоохон ажил олгогч аж ахуй нэгжүүд 2100 гаруй нээлттэй ажлын байр зарлаж байна.  Түүнчлэн энэ үеэр хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийн порталь сайт болох www.hzzm.mn –г олон нийтэд таниулах юм.

Нээлттэй ажлын байр зарлаж буй байгууллагуудаас дурдвал, “Очир ундраа” ХХК-д барилгын инженер, сантехникч, зээлийн эдийн засагч, “Гермес-гахиур” ХХК  цементийн үйлдвэрт машин механизмын инженер, технологич, “Интер” группт эдийн засагч, хүний нөөцийн, маркетингийн менежер, инженер, “Номин” холдинг ХХК-д борлуулалтын, цахилгааны менежер, хамгаалагч зэрэг ажлын байр нээлттэй байгаа бөгөөд шууд ажлын анкет бөглүүлэх болон ярилцлаганд оруулж байлаа.

“Хөдөлмөрийн яармаг”-ийн нээлтийн ажиллагааны үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “ Жил бүр их, дээд болон техник мэдээллийн сургуулиудын төгсөгчдийг ажил олгогч түншүүдтэй хамтарч, ажлын байраар хангах, мэдээлэл хүргэх зорилгоор хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг. Энэ удаа Засгийн газраас зохиож байгаа хөдөлмөрийн яармагт 20 мянга гаруй оюутан оролцож байна. Энэ яармагийг угтаж оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр туршилтын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд нийт 18 мянган оюутан хамрагдаж, цагийн, түр ажлын байраар хангасан юм. Оюутнууд сурахын хажуугаар ийнхүү хөтөлбөрт хамрагдсанаар ажлын байран дээр гарахад шууд бэлтгэл болж байгаа юм. Тиймээс хөдөлмөрийн яармаг жилээс жилд үр дүнтэй болж байна гэж хэлэхээр байна. Энэ жил хөдөө орон нутгаас аж ахуй нэгж болон оюутан залуус хүрэлцэн ирж оролцож байгаа нь цар хүрээг  илүү ихэсгэсэн болж байна” хэмээсэн юм.

Монгол Улсад төрийн болон хувийн нийт 71 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 48134 оюутан суралцдаг аж. Харин одоогийн байдлаар нийт 10 гаруй мянган ажлын байр бэлэн байгаа бөгөөд ажил олгогчдын зүгээс тавьсан шаардлагыг ажил хайгч нь төгс хангаж чаддаггүйгээс ийнхүү сул орон тоот ажлын байр нээлттэй байгаа тухай Хөдөлмөрийн төв биржээс онцолж байлаа.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж