Аргентин маягийн нийгэмчлэл

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Аргентин маягийн нийгэмчлэл

Аргентины нефть олборлох “YPF” компанийн Испанийн “Repsol” компанийн эзэмшдэг хувьцааг нийгэмчлэх гэсэн Буэнос-Айресийн оролдлого олон улсын хэмжээний дуулианыг мандуулав. Испани Европын холбооноос хамгаалалт хүсэхийн зэрэгцээ хариу арга хэмжээ авахаар мэдэгдээд байна. Харин Аргентины ерөнхийлөгч нефтийн салбарт улсын хяналт тогтоохгүй байх боломжгүй гэдэгт итгэлтэй байна.

Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер өнгөрсөн даваа гаригт “Repsol” компанийн мэдлийн “YPF” компанийн 51 хувийн хувьцааг нийгэмчлэх тухай хуулийн төслийг парламентдаа өргөн барьжээ. Де Киршнер “Компанийн хувийг эзэмшигчид орлогынхоо 90 хувийг гадагш зөөж, олборлолтод хөрөнгө оруулалт хийхгүй байна” гэжээ.  Үнэтэй эрчим хүчний нөөцийг худалдан авсан нь тус орны төсөвт томоохон цохилт болж байна. Аргентин 2011 онд нефтийн импортод 10 тэрбум ам.доллар зарцуулсан. Энэ жилийн хувьд импорт нь 14 тэрбум хүртэл өсөх хандлагатай байгаа юм. Харин “Repsol” компанийн удирдлага энэ бүгдийг эрс үгүйсгээд асуудлын үндэс нь эрчим хүч хэрэглэгчдэд татаас өгсөн нь гарзтай бодлого гэж тайлбарлаж байна.

Аргентины Засгийн газрын зорилго нь эдийн засгийн биш улс төрийнх бөгөөд тэд “YPF” компанийг нефтийн улсын салбарт буцаан авахыг хүсч байна хэмээн Олон улсын бодлогын Европын төвийн Мадридын салбарын захирал Хосе Игнасио Торребланка хэлэв. “YPF” компанийг буруутгаж байгаа асуудлыг  хиймлээр дэвэргэсэн бөгөөд тэднийг яриа хэлцлийн замаар шийдэж болох байсан. Гэтэл де Киршнерийн Засгийн газар нефтийн орлогыг авах хүслээ нуухын тулд Испанийн колонийн дарлалын тухай популист уриаг ашиглаж байна хэмээн Торребланка мэдэгдэв.

“YPF” компанийг нийгэмчилсний дараа Засгийн газар Аргентины эрчим хүчний эх сурвалжийн олборлолтын ашигт хяналтаа тогтоон нийгмийн салбарыг дэмжих гэнэ. “Ерөнхийлөгч ямар нэгэн аюул заналд хариу өгөхгүй. Учир нь би Аргентины ард түмнийг төлөөлж байна. Би төрийн тэргүүн болохоос биш дээрэмчин биш” гэж де Киршнер мэдэгдсэн байна. Испаничууд өөрсдийн хувийн 10 тэрбум  ам.долларыг шаардсан. Харин Буэнос-Айрес тэдний эсрэг хатуу зогсохоор зориг шулуудсан байгаа гэнэ. Эдийн засгийн орлогч сайд Аксель Кисилоф компанийг испаничууд  эзэмшсэнээс хойш байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох болно гэж  сануулжээ.

Испанийн Аж үйлдвэрийн сайд Хосе Мануэль Сориа ойрын хоногуудад Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авснаа мэдэгдэнэ гэв. Гадаад хэргийн яам нь Аргентинаас харилцаа таслах боломж байгааг хэлжээ. Европын холбооны Гадаад байдал, аюулгүйн асуудал эрхэлсэн дээд комиссар Кэтрин Эштон Испанитай санал нэг байгааг илэрхийлэн ЕХ ба Аргентины хамтын ажиллагааны товчооны эхлэх ёстой байсан хуралдааныг хойш тавиад байна.

Кристина Фернандес де Киршнер дахин сон­гогд­соноосоо хойш өөрийн бодлогодоо попу­пист асуулгыг ихээхэн барих болж байгаа. Кир­шерийн энэ удаагийн үйлдлийг Венесуэлийн Уго Чавесийн өнгөрсөн 10 жилийн бодлоготой олон шинжээчид харьцуулан дүгнэж байна. Ийм маягийн сөргөлдөөнүүд нь хэлмэгдсэн талд шийдэгддэггүй билээ. Чавесийн үйлдлийг хүчир­хэг АНУ тэвчихээс өөр аргагүй байсан билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж