Дэлхийн хүн амын 30-40 хувь нь харшилтай байна

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүн амын 30-40 хувь нь харшилтай байна

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ-ны Дархлаа харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Монголын Харшил судлалын нийгэмлэгээс хамтран “Гуурсан хоолойн багтраа (ГХБ), харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтээр анхаарлаа хандуулъя” арга хэмжээг зохион байгуулж буй талаар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Энэхүү арга хэмжээг дөрөвдүгээр сарын 16-22-ны өдөр зохион байгуулах бөгөөд Дэлхийн харшлын байгууллагаас 2011 оноос эхлэн “Харшилтай тэмцэх дэлхийн долоо хоног”-ийг санаачилж, дэлхий даяар энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран уг арга хэмжээг хийдэг болжээ.

Харшлын өвчлөл жил бүр өсөн нэмэгдэхэд агаарын бохирдол, төрөл бүрийн халдвар өвчнүүдийн өвчлөл, амьдралын хэв маяг, хооллолт зэрэг орчны хүчин зүйлүүд ихээхэн нөлөөтэй ажээ. Улмаар тухайн улс орнуудын нийгэм эдийн засгийн хувьд ч их хүндрэлийг бий болгож байгаа гэнэ. Иймээс хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, харшлаар өвдөхөөс  урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, хандлагыг бий болгох талаар төрийн болон төрийн бус байгууллагууд зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай байгаа тухай хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байлаа.

Энэ онд Монгол Улсад хийх ажлын тухайд,

  • Харшлын эмч нарт зориулан “Харшлын өвчнүүдийн урьдчилан сэргийлэлт, орчин үеийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт төгсөлтийн дараах сургалт
  • Өрх дүүргийн эмч нарт “Харшилтай өвчтөнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, харшлын өвчний анхан шатны оношилгоо, эмчилгээ” сэдэви сургалт семинар
  • Харшилтай өвчтөн, тэдний эцэг, эх, гэр бүлийнхэнд зориулсан харшлаас урьдчилан сэргийлэх сургалт, үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө өгөх (2012 оны 4 сарын 21-ны 10-14.00 цагт ЭМШУИС-ийн Оюутны соёлын төвд) арга хэмжээ болно. 
  • Харшлаас сэргийлэх зурагт хуудас гарган олны хүртээл болгох зэрэг ажлуудыг хийх юм байна.

Манай орны хувьд 2010 оны байдлаар гуурсан хоолойн багтрааны өвчлөл насанд хүрэгчдийн дунд таван хувь, Улаанбаатар хотод харшлын ринитийн тархалт 24-25 хувьтай байна. Цаашид Монгол Улсын хэмжээнд судалгааны ажил хийх шаардлагатай байгаа гэнэ.  Сүүлийн жилүүдэд харшлын өвчлөлийн байдал өөрчлөгдөн нэг хүн харшлын ринит, астма, хүнсний харшил зэрэг олон эмгэгээр өвчилж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг улам бүр татаж, оношлилгоо эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.     

2012 онд дэлхийн хүн амын 30-40 хувь нь ямар нэгэн харшилтай байна. Одоогийн байдлаар 300 сая хүн гуурсан хоолойн багтраагаар өвчлөөд байгаа бөгөөд 2025 он гэхэд 400 саяд хүрэх төлөвтэй гэж ДЭМБ-ын судалгаагаар гарчээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж