Хойд Солонгост пуужин байгааг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост пуужин байгааг илрүүлэв

Хойд Солонгосын баруун хойд нутагт байдаг Тончан-ни нислэгийн талбайд дахиад нэг баллистик пуужин байгааг АНУ-ын сансрын тагнуулын төвөөс илрүүлсэн талаар ИТАР-ТАСС бичлээ.

АНУ-ын сансрын тагнуулын төвийн мэдээллийг хэлэлцсэний дараа Өмнөд Солонгос улсаас энэ мэдэгдлийг хийсэн байна. Энэ дөрөвдүгээр сарын 13-нд Тончан-ни нислэгийн талбайгаас пуужин хөөргөсөн билээ. Хоёр пуужинг өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд нислэгийн талбайд авчирсан гэнэ. Нэг пуужинг 13-ны өглөө хөөргөсөн бөгөөд хөөргөөд нэг минут болсны дараа пуужин дэлбэрч, далайд унасан юм. Пхеньян цаг агаарын ажиглалтын хиймэл дагуулаа сансрын тойрог замд оруулах пуужингийн хөөргөлт амжилтгүй болсон талаар албан ёсоор мэдэгдсэн.

Харин хоёр дахь пуужин нь хэмжээгээрээ эхний пуужинтай адил бөгөөд ойрын үед хөөргөж магадгүй гэж шинжээчид хэлсэн байна. Учир нь Хойд Солонгос сансрын орон зайг судлах эрхээ эдэлнэ гэж мэдэгдсээр байгаа бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг болон бусад улсуудын эсэргүүцлийг үл хайхарч байгаа юм.

Түүнчлэн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамнаас Пхеньян газар доор цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна гэж мэдэгдсэн аж. Өмнөд Солонгосын үзэж байгаагаар Пхеньян хоёр дахь пуужингаа газар доорхи дэлбэрэлтээс өмнө  хөөргөж магадгүй юм байна.

Хойд Солонгос улс 2006 болон 2009 онд хүнд баллистик пуужин туршихаасаа өмнө цөмийн туршилт хийж байжээ. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Пхеньяныг цэргийн болон иргэний зориулалтаар аль нь байсан баллистик пуужингийн технологи болон  туршилт хийхийг хориглосон юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж