Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хэлэлцэнэ

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдааныг НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр даргалж, МҮЭХ-ний Ерөнхийлөгч С.Ганбаатар, МТЗ-ын ҮЭХ-ны дарга Х.Эрдэнэ, МАОЭХ-ны Ерөнхийлөгч Нямсамбуу болон зөвлөлийн бусад гишүүд оролцлоо. Хуралдаанаар Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох ЗГ-ын тогтоолын төслийг хэлэлцэж санал авсан юм.

2012 онд тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас хоёр үе шаттай авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2012 оны Монгол Улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт тусгуулсан билээ. Үүний дагуу нийт иргэдийн тэтгэврийг хоёрдугаар сарын нэгнээс тооцон 35 мянган төгрөгөөр адил нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 29 хувиар өсч 165,0 мянган төгрөгт хүрсэн. 

Харин хоёр дахь шатны арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлэхдээ дундаж тэтгэврийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох юм.

Ийнхүү Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох Засгийн газрын тогтоолын төслийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжиж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. 

Хэрвээ Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг баталчихвал нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэр 23 хувь ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдэж, тэтгэврийн доод хэмжээ 40 мянган төгрөгөөр нэмэгдэх юм.

Мөн Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан  чөлөөт хөрөнгө болох 280 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах, Арилжааны банкинд хадгалуулдаг өмнөх журам одоогийн байдалтай хэрхэн уялдах эсэхэд бодлогын хувьд эргэж харах хэрэгтэй гэсэн саналыг НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр гаргасан. Уг саналыг зөвлөлийн гишүүд дэмжсэн бөгөөд дээрх асуудлаар мэдээлэл бэлтгэж, зохистой бодлого гаргах тал дээр Үндэсний зөвлөлийн гишүүд саналаа гарган ирэх тавдугаар сарын дундуур хуралдах тус зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж