Энэ жилийн сонгууль хэд хэдэн онцлогтой

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Энэ жилийн сонгууль хэд хэдэн онцлогтой

Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн амьдрал дахь онцлох үйл явдлын нэг нь УИХ-ын сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолыг баталсан явдал. Дөрвөн жилийн турш дуншиж хүлээлт үүсгээд байсан Сонгуулийн хуулийн шинэчлэлт 2012 оны арванхоёрдугаар сард батлагдсан ч Үндсэн хуулийн цэц дээр бүдэрчихсэн. Түүнчлэн парламентад олонхи болж байгаа хоёр нам саяхныг болтол саналын зөрүүтэй байсан. Энэ мэт учир шалтгааны улмаас сонгууль болох эсэх тал дээр иргэдийн дунд эргэлзээ тээнэгэлзээ байсан нь үнэн. Дээрх тогтоол батлагдснаар энэ бүхэн  нэг тийш шийдвэрлэгдэж байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл  “Олон нийтийн дунд сонгууль болох нь уу, үгүй юу гэдэг эргэлзээ маш их байсан. Одоо тогтоол батлагдсан учраас энэ эргэлзээ ариллаа гэж хэлж болно. Гол нь УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэх нь чухал, шалтаг шалтгаан тоочиж хууль руу буруу бүхнийг чихэх ёсгүй” хэмээсэн нь ийм учиртай .

УИХ-ын сонгууль ирэх  зургадугаар сарын  28-нд болно. Энэ өдөр пүрэв гариг таарч байгаа. Өөрөөр хэлбэл ажлын өдөр. Гэвч сонгуулийн өдөр нь бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан.

2012 оны УИХ-ын сонгуулийг  аймаг тус бүрийг сонгуулийн нэг тойрог, нийслэлийг сонгуулийн зургаан тойрог болгож, нийтдээ  26 тойрогт зохион байгуулна. Төрийн эрх барих төлөөллөө сонгох нь ач холбогдол, үүрэг хариуцлага гээд аль аль талаасаа хүндэтгэлтэй хандах ёстой ажил. Энэ жилийн сонгууль хэд хэдэн онцлогтой. Тухайлбал монголчууд дан ганц мажоритари системээр сонгууль явуулж ирсэн бол энэ жил түүхэндээ анх удаа холимог тогтолцоогоор сонгууль явуулах гэж байна. Өөрөөр хэлбэл тойргоос 48, харин пропорционалиар 28 нэр дэшигч сонгогдоно.

Хоёр  дахь  онцлог гэвэл энэ жилийн УИХ-ын сонгууль Нийслэлэлийн ИХ-ын төлөөлөгчдийн сонгуулийг хамтад нь явуулна.

Тэгэхээр сонгогчдын хувьд учир начрыг нь сайн ойлгож  ялгаж салгах шаардлагатай гэсэн үг. Шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн хуулинд орсон өөр нэг онцлог зохицуулалт бол сонгогчдод хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм.  Энэ бол бас шинэ юм. Тухайлбал, сонгогчид өөр хүний  болон хуурамч бичиг баримт ашиглах, санал авах байрнаас саналын хуудас авч гарах, аль нэг нам, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах зэргийг хориглосон байгаа. Хэрэв зөрчвөл баривчлах бүр цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Өөр нэг онцолчихмоор зүйл бол намуудын нэр дэвшигчдийн 20 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байх ёстой. Дээр дурдсан бүхэн бол мөнөөх сонгуулийн төгөлдөршлийн нэг хэсэг болж байна. 

Сонгуульд оролцох нам, эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах хуулийн заалттай. Ингэхдээ нам, эвсэл УИХ-ын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг дарааллын дагуу нэг жагсаалтаар нэр дэвшүүлнэ. Гэхдээ тойрогт нэр дэвших үү, эсвэл нэрийн жагсаалтаар дэвших үү гэсэн сонголт нь нэр дэвшигч өөрт нь байгаа. Нэр дэвшигч гэдэг маань  хуульд зааснаар бол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчээр бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан иргэн байх ёстой. Нэр дэвшигч бас тодорхой босго, хуулийн шалгууртай. Тухайлбал наад зах нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх, ял шийтгүүлээгүй, цэргийн алба хаах насных  бол алба хаах үүргээ биелүүлсэн гэхчлэн шаардлагуудыг хангасан байх учиртай.

Гэхдээ нэр дэвшигчийн хамгийн гол шалгуур бол Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадвар байх нь тодорхой.

Нэр дэвшигч үнэмлэхээ авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх нь хуулиар нээлттэй байгаа. Сонгуулийн шинэчилсэн хууль ёсоор сурталчилгаанд тодорхой өөрчлөлтүүд  орсон.  Тухайлбал,  хуульд “Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах ажлын уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулах зэрэг хуулиар хориглоогүй арга, хэлбэрээр зохион байгуулах эрхтэй”-г тодорхой зааж өгсөн.  Ингэхдээ нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө танилцуулсан 20 хэвлэлийн хуудас сонин хэвлэл, нэг зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, сурталчилгааны материалыг арван хэвлэлийн хуудаст тус тус багтаахаар хуульчилж өглөө. Нэр дэвшигчдийн тухайд урьдах жилүүдийнх шиг сонгогчдын зүрх сэтгэлийг амлалт, халамжаар урвуулж  болохгүй нь.  Шинэ хуулиар  сонгогчдод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага хийх нь хориотой. Түүнчлэн сонгогчдыг гадаад, дотоодод аялуулах,  амралт, сувилалд амраах, хишиг, хувь амлах  ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг нь хориотой болж байна. Өөрөөр хэлбэл энэ жилийн сонгууль амлалтаас аль болох зайлсхийж байна. Харин бие даан нэр дэвшигчийн хувьд сонгууль товлон зарласан өдрөөс хойш 15 хоногийн дараа эхлүүлж, 12 хоногийн хугацаанд дуусгах учиртай.

Сонгуулийн тов тодорхой болсон болохоор улс төрийн намуудын амьдрал даргиж эхэлж байх шиг байна. Саяхан МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийг намын анхан шатны байгууллагын хурлаар хэлэлцүүлэх журмыг баталсан гэх мэдээлэл байна. Анхан шатны байгууллагаас дэмжлэг авсан хүмүүс намын Бага хурлын гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтаар гарч эрэмбэлэгдэх  юм байна.

Харин Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсны эцэст  нэр дэвшигчдээ  тодруулна  гэсэн  мэдээлэл байгаа. Ийн сонгууль хөллөж эхэллээ. Шинэ хуулиар сонгууль өгөх болон УИХ, Нийслэлийн ИХ-ын сонгууль хамт явах болсонтой холбогдуулан манай сонин сонгогчдод мэдэээлэл өгөх зорилгоор цуврал материал нийтлэхээр төлөвлөж байгаагийн анхных нь энэ юм.

П.Булган

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж