“Гулсах” заалт хүчингүй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

“Гулсах” заалт хүчингүй боллоо

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн Цэцийн 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авах боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэхээр болсон билээ.

Их суудлын хуралдаан өчигдөр болж, Сонгуулийн хуулийн гулсах заалтыг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байна. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ удаад Н.Батбаяр гишүүн оролцож, УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн боловч амжилт олсонгүй.

Тодруулбал, “УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийн холбогдох заалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн байна” хэмээн Их суудлын хуралдаан үзсэн байна. Хуулийн дагуу Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гарсан даруйд хүчинтэй болдог тул ирэх сонгуульд нэр дэвшигчид 28 нь хаалттай жагсаалтаас сонгогдож, 48 нь энгийн мажоритараар сонгогдохоор боллоо.

УИХ-ын төлөөлөгчдийн зүгээс энэ заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж буйгаа илэрхийлэн “Энэ бол Үндсэн хуулийн зөрчил биш, “Гулсана” гэсэн ойлголт ч байхгүй, хуульд ч ийм үг байхгүй. Нам бүр 76 нэр дэвшигчийг нэг жагсаалтаар гаргана. Эдгээрийн нэг хэсэг нь тойрог дээр сонгогдоно. Нөгөө хэсэгт нь цуглуулсан саналаараа сонгогдох эрхээ олж авах л зүйл. Үүнд, ямар нэг жагсаалтаас нөгөө жагсаалт руу гулгаад байгаа зүйл байхгүй. Гэвч Цэц үүнийг ойлгосонгүй. Мөн ялагдсан хүн гарч ирэх тухай яриад байгаа. Гэтэл хуулинд “өвдөг шороодсон бөх туг тойрох” тухай ойлголт байхгүй. Сонгогчдоос 28 хувь буюу түүнээс дээш хувийн санал авсан бол сонгогдох анхан шатны болзлыг хангаж байгаа хэрэг. Яах вэ, 28 хувийн санал аваагүй хэсэгт ялагдсан гэх үгийг хэрэглэж болох байх. Энэ хэмжээний сонгогчдын санал авсан нь намын жагсаалтад байраа эзлээд л сонгогдох юм. Түүнээс биш хоёр удаа сонгогдох гээд байгаа зүйл биш. Гол нь сонгогчдын өгсөн саналаар нь эрэмбэлэх гэдэг нь дэвшилтэт заалт шүү дээ. Пропорциональ 28 нь сонгогдох боломжгүй, үүгээрээ сонгогдох эрхийг зөрчиж байна гэх аргументийг бас гаргаж байгаа. Угтаа бол пропорциональ тогтолцоон дээр ч гэсэн сүүлд байрласан хүмүүсийн сонгогдох магадлал урдуур байгаагаасаа хамаагүй бага л байдаг биз дээ. Энэ бол байгалийн жам ёсны л зүйлтэй адил ойлголт” хэмээн тайлбарлаж байв.

Харин эдгээр заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн өргөдөл гаргагч иргэд “Бид энэ асуудлыг ямар нэгэн улс төрийн зорилгоор хараагүй. Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан байдаг. Энэ заалтанд буй “шууд сонгох” гэдгийг хэлбэрийн талаас нь тайлбарлавал сонгогч өөрийн биеэр очиж саналаа биечлэн өгөхийг хэлнэ. Харин агуулгын хувьд тайлбарлавал, иргэдийн гаргасан санал сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх эцсийн шийдвэр байх ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүн иргэдийн саналаар л бий болно. Сонгуулийн үр дүн, иргэдийн саналын дундуур хэн нэгэн гуравдагч этгээд орж, ямар нэгэн хэлбэрээр сонгуулийн үр дүнд нөлөөлөх ёсгүй гэсэн санаа юм. Гэтэл сонгогчид сонгуулийн үр дүнг шууд тодорхойлж чадахгүй байгаа нь иргэдийн “шууд сонгох эрх”-ийг зөрчиж байна” гэв. 

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж