Б.Баатарзаяа: Сайн хамтрагчид байх ёстой

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Б.Баатарзаяа: Сайн хамтрагчид байх ёстой

ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРЭЭ ТОГТВОРТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫН ТУЛД  НИЙГЭМДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, ХАРИЛЦАН АШИГТАЙ САЙН ХАМТРАГЧИД БАЙХ ЁСТОЙ


Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа саяхан болж, шилдгүүдээ шалгарууллаа. Мэдээж тэргүүлэгч аж ахуйн нэгжїїдийн хувьд тийм ч их өөрчлөлт ороогүй хэдий ч мэдээлэл харилцаа холбоо технологийн салбараас Мобиком групп ТОП 150 аж ахуйн нэгжээс тавдугаар байрт, компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлснээрээ хоёрдугаар байрт жагсжээ. Нийгэмдээ уул уурхай компаниудтай эн зэрэгцэхүйц хувь нэмрээ оруулж байгаа Мобиком Корпорацийн Маркетингийн албаны захирал Б.Баатарзаяатай уулзаж ярилцлаа.


-Юуны өмнө TOP150-ийн тавдугаар байрт шалгарсанд баяр хүргэе. Технологийн салбараас хамгийн эхэнд жагссан харагдаж байсан. Уул уурхай ашигт малтмалаас өөр салбар ийнхүү өндөр үзүүлэлттэйгээр нийгэмд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Та бүхэн ч гэсэн өөрийн амжилтынхаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа 20 гаруй мянган аж ахуйн нэгжээс шилдэг TOP-150 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарна гэдэг бол үнэхээр нэр төрийн хэрэг гэж бодож байна. Мобиком корпораци ХХК 2011 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад найман охин компани болох Ньютел ХХК, Монгол контент ХХК, Мобинэт ХХК, Улуснэт ХХК, Ньюфонд ББСБ, Мобифинанс ББСБ, Мост ПСП ХХК, Грэйпсити ХХК-ийн хамт группээрээ оролцсон юм. Ялангуяа эхний таван байрт шалгарч чадсан нь манай групп компаний нийт ажилтан албан хаагчид, харилцагч хамтрагчид, хөрөнгө оруулагчдын хувьд томоохон мотивац болж чадсан боловуу. Мөн өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн бүхнийг маань үнэлсэн үнэлгээ гэж ойлгож байгаа. Нөгөөтэйгүүр манай компаний өмнө жагссан компаниудаас харах юм бол өнөөдөр нийгэмдээ хамгийн их хувь нэмрээ оруулж, төсвийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа, татвар төлөлт, нийгмийн хариуцлага компаний соёлоороо нийгэмдээ үлгэр жишээ үзүүлэхүйц байгаа зэргийг нь харахад эдгээр компаниудтай мөр зэрэгцэж байгаадаа байгууллагаараа бахархах сэтгэл эрхгүй төрж байна. 

-Одоо ч аж ахуйн нэгж бүр л нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх гэж хичээдэг болжээ. Гэхдээ танай компаний нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа ажлууд арай өөр түвшинд хүрч чадсан гэж дүгнэгддэг, тиймээс ч хоёрдугаар байрт орсон болов уу? Тэгэхээр энэ тал дээр таны дүгнэлт?

-Өнгөрсөн онд Мобиком корпорацийн 15 жилийн ой болж өнгөрсөн. Хэдийгээр хувийн хэвшлийн компани ашгийн төлөө ажиллаж байгаа хэдий ч үндсэн зах зээл дээрээ тогтвортой, удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулахын тулд  нийгэмдээ хөрөнгө оруулалт хийж, харилцан ашигтай сайн хамтрагчид байх ёстой. Тиймээс ч манай групп нийгэмдээ ашигтай тодорхой, тогтвортой хөрөнгө оруулалтуудыг хийж байдаг. Мэдээж нэг удаагийн хөрөнгө оруулалт ч гэсэн нийгэмд хэрэгтэй зүйл хэдий ч илүү өргөн хурээгээр хараад үзэх юм бол нийгмийн өмнө тулгамдаад байгаа суурь асуудал болох боловсрол, эрүүл мэндийн салбарт тогтвортой хөрөнгө оруулалт хийх нь илүү үр ашигтай гэдгийг хаа хаанаа ойлгох болов уу. Манай групп 2008 онд нийт ард иргэдээс ирсэн хїсэлтийн дагуу “Мобитэмүүлэл” хөтөлбөрийн санаачлан эхлүүлж, өнгөрсөн 2011 онд Улаанбаатар хот, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь зэрэг аймаг сумдын Ерөнхий боловсролын 29 сургууль, 2600 багш, 60,000 гаруй сурагчийг хамарсан “Цахим сургалт” төслийг хэрэгжүүлж байна. Бид энэ төслийг сонгож авсан нь ч учиртай. Монгол орон одоогоор хөгжлөөрөө дэлхийн улсуудтай эн зэрэгцэх, өрсөлдөх боломж тааруу хэдий ч оюун ухаан  цаашлаад цахим мэдлэгт суурилсан хөгжлөөрөө түрүүлдэггүй юмаа гэхэд өрсөлдөх боломж бүрэн бий гэж үзсэн. Тийм ч учраас энэ төслийг хэрэгжүүлж, төслийн үр шимийг олон хүн хүртээд байгаад баяртай байна. Мэдээж Компанийн нийгмийн хариуцлага гэдэгт нийгэмд өгч байгаа хөрөнгө оруулалтыг дангаар нь нэрлэж болохгүй л дээ. Бизнесийн ёс зүй, хууль дүрмийг чанд сахиж, ил тод нээлттэй зарчмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг эрхлэхийн зэрэгцээ ажиллагсдынхаа ахуй амьдралыг сайжруулах, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах,  олон нийт, хэрэглэгчид, харилцагч, хамтран ажиллагч түншүүд  болон хөрөнгө оруулагчдынхаа өмнө бүх талаараа хариуцлагатай байх тухай ойлголт. Тиймээс ч энэхүү олон ажлууд манай группын хувьд шат шатандаа хийгдсээр байна.

-TOP150-ийн үндсэн шалгуурт татвар төлөлт, ажлын байр нэмэгдүүлэлт, инновацийг нэвтрүүлсэн байдал гэсэн үзүүлэлтүүд байдаг. Тус бүр дээр нь танайхаас баримталж ажилладаг бодлогын тухай танилцуулбал?

-Мобиком групп нь анх байгуулагдсан цагаасаа татвараа үнэн зөв төлж, татвар төлөлтөөрөө нилээн дээгүүрт явж ирсэн. Би өмнө нь хэлсэнчлэн нийгэмдээ татвар төлөх гэдэг нь цаашдаа оршин тогтнох маш том үндэс суурь гэж ойлгодог. Энэ тал дээр Мобиком групп дангаараа бус толгой компани болох Ньюком группийн хувьд татвар төлөлт, компаний засаглал, санхүүгийн ил тод байдлыг хэрэгжүүлэх зэрэг дээр маш хүчтэй бодлого баримтлан ажилладаг. Нөгөөтэйгүүр авилгалаас ангид байх, бизнесийг зөв хийх, үүгээрээ дамжуулан Монгол Улсын бизнесийг зөв тийш нь залуурдах, зөв зүйлд хөрөнгө оруулалт хийх зэрэг нь группын хэмжээнд нэгдсэн бодлогоор зангидагдаж, хэрэгждэг гэж ойлгож болно. Харин ажилтнуудыг халамжлах, шинээр ажлын байр бий болгох тал дээр онцгой анхаарч тусгай бодлого боловсруулан хэрэгжүүлж байна.  Өөрөөр хэлбэл шинээр ажлын байр бий болгохын тулд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, тэгснээр шинэ ажилтан, мэргэжилтнүүдийг ажлын байраар хангаж байна. Түүнээс биш өнөөдөр нэг хүний хийж чадаад байгаа ажлыг хэд хэдэн хүнд хувааж өгч хийлгээд байх нь зах зээлийн үндсэн зарчим биш гэж ойлгож байгаа. Цаашдаа ч ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр шинийг эрэлхийлэх болно гэдгээ хэлмээр байна. Мобиком гэдэг монголын зах зээл дээр маш сайн байршсан нэр.  Тийм ч учраас ажиллах хүчний хувьд ажлын байрны сонголт дээр нэлээн дээгүүрт явдаг болов уу. Энэ бол маш чухал үзүүлэлт. Мөн ажиллагсдын хувьд бас нэгэн дүн тавих үзүүлэлт бол олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаанд суралцах гэж ойлгодог. Манай групп олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн  ISO 9001:2008 төслийг амжилттай хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаандаа чанарын удирдлагын 8 үндсэн зарчмыг нэвтрүүлж байсан бол энэ онд Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо буюу ISO 27001:2005 Олон улсын стандартыг  үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн Монгол Улсын анхны байгууллага болоод байна. Эдгээр үзүүлэлт ажилтнуудад маань бас нэгэн бахархал болж чаддаг гэж бодож байна.  Харин хамгийн сүүлийн хэсэг болох инновацийн хувьд бол ерөнхийдөө техник технологи тал руугаа олон нийтэд ойлгогдох нь элбэг байдаг. Гэхдээ цэвэр орчуулга нь шинэлэг гэдэг ерөнхий санаа бөгөөд зөвхөн шинэ технологи байх албатай биш гэж ойлгож байгаа. Тэгэхээр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй ч амархан шийдэлд хүрч болохуйц үр дүнгээ өгөх бүхий л зүйлсийг оруулж ойлгодог. Тэр ч утгаараа инноваци нь бидний хийх ёстой албан даалгавар биш  биднийг хөтөлж, хөдөлгөж авч явах ёстой гол хүчин зүйлийн нэг манай компаний бас нэгэн түүчээ юм.

-Мобикомын Маркетингийн шинэ захиралтай уулзсаных ирээдүйд барьж ажиллах бодлого чиглэлийн талаар нь сонирхоё гэж бодлоо. Бодлогоосоо хуваалцахгүй юу?

-Саяхан компаний зарим удирдлагууд солигдсон. Мэдээж манай компаний үйл ажиллагааны чиглэл шууд өөрчлөгдөхгүй. Зөвхөн өмнөхөөсөө илүү үр бүтээлтэй ажиллаж, хамгийн зохистой үр дүнг бий болгохыг зорьж ажиллана. Хэрэглэгч биднээс юу хүлээж байгааг 1,3 сая хэрэглэгчтэй зах зээл дээрх хамгийн том компаний хувьд хэрэглэгчийгээ маш сайн мэдрэх, ирээдүйн хэрэглээ нь юу байж болох вэ? гэдгийг зөв тандах гэдэг дээр бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллаж байна.  Хамгийн гол нь хэрэглэгчидтэй тулж ажиллан хэрэглэгчийнхээ хэрэглээ бүрийг нь нарийн мэдрэх гэдэг дээр анхаарч байна. Түүнийхээ дараа бидэнд байгаа нөөц бололцоогоо бүрэн шавхаж, зориулан ажиллана. Зөвхөн Мобиком эсвэл гар утас төдийхнөөр биш групп компаний хэмжээнд хэрэглэгчдэд бид юуг хүргэж чадах вэ гэдэг дээр төвлөрч ажиллаж эхлээд байгаа. Ямар үйлчилгээгээр дамжуулж амьдралыг нь өөрчилж, яаж амьдралд нь өнгө нэмэх үү, яавал амьдралыг нь илүү хангалуун байлгаж болох уу, эсвэл хувь хүнийх нь хөгжилд нь хэрхэн хувь нэмрээ оруулж чадах вэ зэрэг боломжийг нь бүрдүүлэх тал дээр нэгдсэн бодлого барьж байна.

-Мобикомоос бид юу хүлээж байх нь зөв бэ?

-Ямар ч ашгийн байгууллага дээр баримтлах ёстой гол зүйл бол цаад үйлчлүүлэгчдээ хэрэгтэй байж өөртөө ашигтай байж чадна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл бидэнд байгаа нь энэ гэж хэрэглэгчиддээ шахах биш, хэрэглэгчийнхээ яг хэрэгтэй байгаа тэр зүйлийг нь олж санал болгох нь чухал юм. Тиймээс Мобиком групп харилцаа холбооны салбарын хувьд хамгийн тэргүүлэгч нь байж,  дараагийн шинэ үе рүү нь орох шийдлийг нь санал болгож, хэрэглэгчээ дагуулж ажилласнаар, хэрэглэгчиддээ үнэлэгдэж, тууштай тогтвортой ажиллаж чадна.  Нөгөөтэйгүүр өнөөдрийн хэрэгцээг нь хангахаас илүү ирээдүйг нь таньж мэдэн тэр хамгийн сайхан амьдралыг бүрдүүлж өгөхийг зорьж ажиллана.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж