Ц.Нямдоржоос амийг нь нэхэмжилнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржоос амийг нь нэхэмжилнэ гэв

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МАХН-ын дэргэдэх Залуучуудын холбооны тэргүүн А.Энхболд, Ахмадын холбооны тэргүүн н.Шагдарсүрэн нарын хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр Н.Удвал дарга “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр хууль бусаар, төрөөс зохион байгуулсан зэрлэг хэрцгий хүчирхийлэл, халдлагад өртөж цагдан хоригдсоноос хойш 20 гаруй хонох гэж байна. АТГ, шүүх, прокурор, мөрдөн байцаагчид, албан тушаалтнууд хууль зөрчсөн үйлдлээ засаж залруулахын оронд нааш ч үгүй, цааш ч үгүй мухардалд орж дээрхи байгууллагууд, албан тушаалтныхаа нэр хүндийг олон түмний дунд унагахгүйн тулд түүнийг яаж ч хэлмэгдүүлэхээс буцахгүй улайран  зүтгэж байна.

Хүний эрхийн хуульчид Монгол Улс үзэл санааны буюу улс төрийн хоригдолтой боллоо гэдгийг дэлхий дахинд албан ёсоор зарлалаа. Монголд 1937 онд улс төрийн хэлмэгдүүлэлт болж олон хүний амь насыг хохироосон, 1963, 1964 онуудад улс төрийн үзэл бодлоор нь хавчин гадуурхаж, гэр бүлээр нь нутаг заан цөлж байсан. Харин энэ удаад улс төрийн томоохон сөрөг хүчин болсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль бусаар цагдан хорилоо. Хууль бус зүйлтэй тэмцэхийн тулд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхлэд байна. Түүний энэ үйлдэл нь хууль ёс уландаа гишгэгдэж, ёс суртахууны уналтад орсон  энэ нийгэм,  монгол төрд тогтсон олигархи дэглэм, төрд гарсан олигархиуд өлсгөлөн зарлахаас өөр ямар ч сонголтыг түүнд үлдээгээгүй болохын баталгаа юм.

Улс төрийн өлсгөлөн нь тэмцлийн хурц хэлбэр бөгөөд тэмцэгч хүний хувьд амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж байгаа хамгийн сүүлчийн алхам. Хэрвээ харгис төрийн буруутай үйл ажиллагаанаас болж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын амь, нас эрүүл мэндэд ямар нэг хохирол учирвал Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурорын газрын дарга Д.Дорлигжав, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Д.Сандаг –Очир, Шүүгч н.Оюунтуяа нараас амь насыг нь нэхэмжлэх болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж